Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Тамгагүй төр” жүжгийг 2023 онд Английн театрын төв West End-д тоглохоор боллоо.
Энэхүү жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулах юм.
“Херо энтертайнмент” нь Монгол Улсаас Их Британи улсад суугаа ЭСЯ, жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшн, Британийн “Wild Yak” продакшнтай хамтран уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг боловсруулахаар ажиллаж байна.