Залуус нас эрч хүчээр дүүрэн, бүхнийг амжуулах боломжтой хугацаа хэдий ч залуус эрүүл мэндээ хойш тавин эрсдэлд оруулах нь бий. Бид энэ удаа УДЭТ-ын жүжигчин, гурван хүүгийн аав Д.Хосбаярыг онцолж уран бүтээлч хүн урлагийн төлөө өөрийгөө хэрхэн золиосолдог талаар болон гэр бүлээ сайхан амьдруулахын тулд аавууд яаж зүтгэдэг талаар ярьсан юм.
-Сайн байна уу? Урилга хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үед юу хийж байна даа?
-Сайн байцгаана уу ? Би жүжигчин Хосбаяр байна. Энэ жилийн нэг сараас эхлэн буцаад УДЭТ-даа орж ажиллаж байгаа.
-Ингэхэд гурван хүүтэй байх ямар байдаг вэ? Охинтой болмоор байна уу?
-Гурван хүүтэй байх сайхан. Гэхдээ эрэгтэй хүүхдүүд ээжийгээ л гэдэг юм билээ. Аавыг жаахан сэгсрэх маягтай байдаг. /инээв/
Харин охинтой болох асуудал төлөвлөгөөнд байгаа шүү. Гэхдээ арай болоогүй байгаа. Манай эхнэр ажил төрөл хийгээд 3-4 жил л болж байна. 10 жил яг завсаргүй гэртээ суусан юм. Нэг нь гурван нас хүрээд яг гараас гарах гэж байтал дараагийнх нь төрөөд л. Ингээд л арван жил суучхаж байгаа юм. Миний хийж байгаа ажлын хажууд арван жил сууж гурван хүүхэд өсгөнө гэдэг бол маш том ажил. Намайг энэ хүртэл явахад миний бүх зүйлийг дааж байсан хүн бол миний эхнэр.
ХУРИМЫН БӨГЖӨӨ ЛОМБАРДАЖ ХҮҮХДИЙНХЭЭ ПАМПЕРС, ХООЛЫГ ЗАЛГУУЛДАГ ҮЕ БАЙСАН
-Урлагийн амьдрал хатуу гээд ярьдаг шүү дээ. Таны хувьд ч мөн шулуун дардан замаар яваагүй байх. Тухайн үедээ хэцүү байсан ч эргээд харахад сайхан дурсамж бий юу?
-Ганцаараа байхдаа сургуулиа төгсөн цэвэр мөрөөдлөөрөө амьдарч байлаа. Ингээд гэр бүл, хүүхэдтэй болоод ирэхээр амьдрал маш өөр болдог. Эхнэр бид хоёр хуримын бөгжтэй байсан юм. Хүүхэд төрөөд, театраас гарчихсан үе байсан л даа. Ажил гээд байх юмгүй. Цалин бага хөтлөгчийн ажил хийдэг. Тэр үед хуримын хоёр бөгжөөрөө л амьдардаг байлаа. Бөгжөө ломбардад тавиад памперс, хоол хүнснийхээ зүйлийг авдаг. Начин заан гээд их найдвартай хадгалдаг ломбард байна шүү дээ. /инээв/
Тэнд бөгжөө тавьчихна. Тэгээд л гадуур дотуур гүйж байгаад хэдэн төгрөг олоод нөгөөхөө буцаагаад л авна. Буцаагаад л тавина. Ийм байдалтай олон жил амьдарсан. Залуу хүн бүрийн туулдаг амьдрал болов уу. Тэр үедээ болгоно бүтээнэ гэсэн итгэлээр л дайрч зүтгэдэг байлаа. Эргээд бодоход сайхан санагддаг.
САЙН БИШ БАЙЖ БОЛНО. ЗӨВ ТУУШТАЙ БАЙХ ЁСТОЙ
-Урлаг уран бүтээлчээс олон золиос шаарддаг гэж боддог. Та юу золиосолсон бэ?
-Урлагийн хүмүүс гэр бүлээ хаяж байж, өөрийгөө золиосолж байж амжилтад хүрэх нь бий. Миний хувьд гэр бүлээ нэгдүгээрт тавьсан. Гэсэн ч миний хийж чадах зүйл бол миний эзэмшсэн мэргэжил. Тийм болохоор л мэргэжлээ хаяагүй энэ хүртэл явсан. Энэ жимийг миний эхнэр бий болгосон. Түүнээс биш дунд нь хаяад Нарантуул зах дээр бараа зарах, жолооч болох, гадагшаа гарах ч юм уу. Тийм байдал үүсэх шүү дээ. Тэгээгүй мэргэжлээр маань ажиллуулсанд би баярладаг. Би аав хүн учраас гэр бүлийхнийгээ сайхан амьдруулах ёстой шүү дээ. Тиймдээ ч хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ хугацаанд гурван ч удаа Солонгос явж байлаа. Амжилт гэдгийг би тууштай байдал гэж харж байгаа. Сайн биш байж болно. Гэхдээ зөв тууштай байх хэрэгтэй. Тууштай хүнийг аз дайрч, амжилт олж байдаг.
-Танд яах гэж жүжигчин болов оо гээд өөрийгөө голох үе төрж байв уу?
-Төрөлгүй яах вэ. Уран бүтээлийн нээлтээ хийж, киногоо үзээд өөрийгөө харахаар худлаа жүжиглэж байгаа юм шиг мэдрэмж төрөх нь бий. Анх удаа олон ангит кинонд явахдаа би үнэхээр “нялуулж” байсан. Яах гэж жүжигчин болов оо гэж бодтолоо загнуулж байсан хэрэг. Камерын урд жүжигчин маш энгийн үнэн байх ёстой. Тэгэхэд л би урдаас нь жүжиглээд байгаа юм. Нүд ам хөмсгөө хөдөлгөөд л. Тэгээд л хүний хараалыг иднэ. “Чи үнэхээр болохгүй байна. Яах гэж жүжигчин болсон юм бэ? Өөр юм хийгээд явсан нь дээр байсан юм биш үү дээ” гээд их хатуу үгээр зэмлэдэг. Түүн дээрээс уран бүтээлч хүн үг дааж сурах ёстой. Тэгж байж л сайн уран бүтээлч гардаг юм болов уу гэж би ойлгодог. Одоо бол харьцангуй өөр болсон гэж бодож байгаа.
ДҮРДЭЭ ЗОРИУЛЖ ТҮРГЭН ХУГАЦААНД 10 КГ ХАЯСАН НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ҮҮСГЭСЭН
-Дүр бүтээх гэж их жин хасаад эрүүл мэндийн асуудалтай болсон гэж сонссон юм. Юу болсон юм бэ?
-Өнгөрсөн хавар би цөсний чулуу авхуулсан. Энэ нь ерөөсөө л буруу хооллолт нойртой холбоотой. Нөгөө талаар манай мэргэжлийн золиос л юм. Шөнийн зураг авалт гээд л нойргүй хоолгүй гүйдэг. Одоо би нэг тийм хөгшин хүн шиг байдал руугаа орж эхэлж байгаа. Адаглаад гэр бүлээрээ хөдөө гадаа явж хорхог боодог идэхэд зүгээр нэг домоглох жишээний. Энэ нь залуу хүний хувьд их гунигтай шүү дээ.
Жин хассаны тухайд үүнд нөлөөлсөн гэж боддог. “Улаан цэцэг” гээд Удвал ахайтны түүхэн кинонд Багаажав гээд нөхрийнх нь дүрд тоглохын тулд би жин хасаж байсан юм. Шууд 10 кг хасаад л. Хувь хүний зохион байгуулалтгүйгээс болж байгаа л хэрэг. Тэгэхээр залуустаа хандаж хэлэхэд ам руу орж байгаа зүйлээ л сайн хянах хэрэгтэй. Шөнийн нойр авах маш чухал юм билээ.
Өөртөө хайргүй байснаар хүн маш олон зүйлийг алдаж байгаа. Нэгдүгээрт эрүүл мэнд. Санхүүгийн хямралд орно. Эмчилгээ хийлгэснээрээ хугацаа алдана. Эрүүл мэнддээ маш сайн анхаарах хэрэгтэй.
-Ялангуяа аавууд өөрсдийнхөө эрүүл мэндийг хаячихсан харагддаг.
-Гэр бүлийнхээ төлөө, амьдралынхаа төлөө махардаг маш олон залуучууд байдаг. Том тэрэгний жолооч ч байна уу, дугуй засварчин ч байна уу, цагдаа ч байна уу өөрийгөө хаячихдаг. Өөрийгөө нэгт тавьж эрүүл байх юм бол төдий чинээ үр хүүхдийнхээ хажууд урт насалж ач гучаа үзэж, тэднийхээ чухал аз жаргалтай мөчүүдэд хамт байна шүү дээ. Гэр бүлийнхээ төлөө зүтгэх зөв л дөө. Гэхдээ цаг наргүй зүтгэж болохгүй юм байна гэдгийг ойлгосон.
-Баярлалаа. Таныг үзэж, уншиж буй залуусд юу хэлмээр байна вэ?
-Залуучууд маань гоё аял, газар үз. Юм үз, эрүүл бай. Тэгээд л амьдрал аяндаа сайхан болно.