Манай улс мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэхэд бодлогоо чиглүүлж байна. Ирэх жилүүдэд ч их, дээд сургуулиас илүүтэй МСҮТ- д элссэн оюутнуудад боломж олгож, тэр хэрээр ч ажлын байрны хүрэлцээ зах зээл дээр элбэг байх төлөвтэй байна. Статистик мэдээллээс харвал, жил бүр 20 мянга орчим хүн шинээр элсэж, 18-19 мянган суралцагч төгсдөг. Төгсөгчдийн 60 гаруй хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажилладаг гэсэн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, 10 суралцагч тутмын зургаа нь мэргэжлээрээ ажилд ордог байх нь.
Бид хичээлийн шинэ жилийн эхний өдөр Үйлдвэрлэл урлалын политехник коллежид очсон юм. Эднийх компьютер, оператор, үсчин гоо сайхан зэрэг эрэлттэй мэргэжлээр боловсрол олгож байна. Сурагчид есдүгээр ангиа төгсөөд шууд элсэх боломжтой учраас “арван жил”-ээ төгсөхдөө л аль хэдийнэ мэргэжилтэй болоод төгсдөг тухайгаа тэд ярьсан юм. Мөн давхар мэргэжил эзэмших боломжтой учраас ихээхэн давуу талтайг багш нь ярилаа.
Үйлдвэр урлалын политехник коллежийн шинэ оюутан Н.Анхбаяр хэлэхдээ “Би Цахилгааны мэргэжлээр хоёрдугаар ангид сурдаг. Хамгийн эрэлттэй мэргэжил учраас сонгож элслээ. Төгсөөд Оюутолгой зэрэг томоохон компаниудад ажиллана гэж боддог” хэмээн ярьж байсан юм.
Мөн уран дарханы чиглэлээр, хэвлэлийн график дизайн, агаарын хөлгийн чиглэлээр гээд сурагчид хүссэн салбараа сонгон элсэж байна. Тэд цаг, мөнгө гээд олон зүйлээр “хождог” тухайгаа хуваалцаж байна.
Тэдний хичээлийн эхний өдрийн тухай видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.