Эрх баригч намынхан дуншиж дуншиж сайдуудынхаа нэрийг өчигдөр тодорхой болгов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сугавчилж орсон нэрсийн зарим нь гээгдэж, зарим нь үлдэв. Ингээд МАН-ын удирдах зөвлөл ЗГХЭГ-ын дарга бөгөөд Монгол улсын сайдаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайдаар Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ХНХ-ийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хот хариуцсан сайдаар МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, Спорт олимпизмын асуудал хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарыг томилохоор дэмжсэн. Харин Соёлын сайд Ч.Номин, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Барилга, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарыг хэдээр нь үлдээлээ. Түүхэд байгаагүй олон сайд юу хийхийг харах үлдэж байна.
ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙЖ, ХУГАЦАА АЛДАХААС ЦААШГҮЙ
Бүрэн эрхийн хугацаа талдаа орж байхад МАН-ынхан амласан ажлынхаа тэн хагаст ч хүрээгүй байна. Гэтэл эрх баригчид сандал суудлын маргаанаа үргэлжлүүлж, дараагийн ээлжийн хэдээ “хоолонд нь орууллаа”. Энэ бол хугацаа алдах нэг шалтгаан болохоос биш, ажил урагшлуулах шийдэл биш. Өмнөх сайдын гэгдэх хүмүүсийг яамнаас явуулж, өөрийн хүмүүсээ албан тушаалд томилно. Бас, энд тэндхийн “гуйлганы” гэгдэх хүмүүстээ албан тушаал олж өгч, ажилтайгаа танилцаж, уулзаж байна гэж мунгинасаар явтал дараагийн хүнд ажлаа шилжүүлж өгөх цаг ирнэ. Сайдаар ажиллах хугацаандаа нууц эздийнхээ захиасыг биелүүлнэ. Үгүй бол тэд нар нь “Алтан улиасыг чинь хуга мөргөнө шүү” хэмээн сүрдүүлж, хуулиас давсан тушаал гаргуулна.
МОНГОЛ ТӨРИЙН БОСГЫГ ДЭНДҮҮ “ХЯМДРУУЛСАН” ЕРӨНХИЙ САЙД
Монгол төрийн ажил “наймааны журмаар” явдаг, ерөөс, мөнгөтэй нэгэнд нь сайдын суудал бэлэглэж, “зарж” төрийн ажлыг “толгойгүй” хүмүүсээр хийлгэдэг нь ч нууц биш болсон. Ганцхан жишээ дурдахад л “Оргил” худалдааны төвийн босс, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдаар томилохоор МАН-ын удирдах зөвлөл дэмжив. Харамсалтай нь энэ хүн мэргэжлийнх бус. Өмнөх мэргэжлийн сайдынхаа ажлыг “нурааж”, ажилтайгаа танилцах гэж явсаар хавартай золгох нь дамжиггүй. Үүгээр ч зогсохгүй гялтайх ганц сайдаа буюу ХНХ-ын сайд А.Ариунзаяаг Д.Сарангэрэлээр сольсон, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Эрүүл мэндийн салбарыг толгойлно хэмээн давшилсан хэмээн олон баримтыг дурдаж болно. Хэнд мөнгө байна, тэр хүн сайдын суудал худалдаж авна. Өмнө нь ямар ажил хийгдэж байсан, залгамж чанар нь юу байх, мэргэжлийн хүн үү үгүй юу гэдэг нь хэнд ч падлийгүй нь харамсалтай. Товчхондоо, Монгол төрийн алба гэдэг Л.Оюун-Эрдэнэ ба түүний хүрээллийнхний “барааны зах” болон хувирсныг эндээс харж болно.
10 ИХ НАЯДЫН ЗӨРЧИЛ БА МАРТАГДСАН ХЭМНЭЛТИЙН БОДЛОГО
Монгол улсын Засгийн газар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлнэ гэж зарласан. Гэтэл үүнийхээ эсрэг зүгт явж буй гэдгээ алхам болгондоо баталсаар байна. Үүнийг Хотын асуудал хариуцсан сайд, Спорт, олимпизм хариуцсан сайд хэмээн яамгүй сайд томилж байгаагаас тодорхой харж болно.
Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2021 оны санхүүгийн тайланг ил болгоод удаагүй байна. Дүгнэлтээс харвал, өнгөрсөн оны төсвийн 70 гаруй хувь нь зөрчилтэй буюу 10,4 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ. Үүнд, төсвийг зориулалтын бусаар зарцуулсан, данс тооцоо хөтөлж, санхүүгийн баримтуудаа тулгаагүй зэрэг зөрчлүүд яам, агентлаг, тусгай сангууд дээр бүгдэд нь нийтлэг гарчээ. Товчхондоо, хэмнэлтийн, шилэн бодлого гэж зарлах мөртлөө Гүйцэтгэх засаглалын тэргүүн үүнийхээ эсрэг явж байгааг дээрх цөөн жишээ баталсаар байна.
Монгол төрийн бодлого тогтвортой байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгө хяналттай зарцуулагдах ёстой. Гэвч төрд үүрлэсэн улстөрчид дураараа дургиж, бүх зарчмынхаа эсрэг явж байна. “…Дарга аа, надад тэр яамыг өгчих. Тэр сайдын суудалд сууя. Тэнд очмооргүй байна. Тэр яам ч гоё юм уу? Би өлхөн чадна даа. Та надад аль суудлыг бэлэглэх гэж байна” хэмээн улстөрчид ах дүү, амраг садны харилцаагаа ашиглаж, бугшсан, бугласан олон ёс бус, хуулиас гадуур алхмыг хийж байна. Тэдэнд ингэж даврах эрхийг хэн өгсөн бэ…