Нийслэлд түрээсийн нэг өрөө байр дунджаар 800 мянган төгрөг байна. Энэ нь сая давахгүй цалинтай иргэд, орон нутгаас их дээд сургуульд суралцахаар ирсэн оюутнуудын хувьд хүнд дарамт болж буйг залуус ярилаа.
Мөн хичээл сургуулийн улирал эхэлж буйтай холбоотой байр түрээслэгч нар төлбөрөө зургаа болон түүнээс дээш сараар авна гэж буйд бухимдалтай байна. Оюутнуудын хувьд энэ жил эдийн засгийн байдал тогтворгүй, малчны зээл асуудалтай, махны худалдаа муу байгаагаас үүдэн байдгаа шавхан сургалтын төлбөрөө хийж буй. Энэ үед түрээслэгч нар ингэж олон сараар нэхэж буйг дэмжихгүй байгаа талаар оюутнууд хэллээ.
ТӨЛБӨРӨӨ ЦУГЛУУЛАХЫН ТУЛД АЖИЛЛАДАГ ГАЗРЫНХАА АГУУЛАХАД АМЬДАРСАН
Энэ талаар МУИС–ийн оюутан М.Оюунгэрэл ярихдаа, “Миний хувьд багаасаа бие дааж амьдарсан. Байр, хоол, унаа гээд ихэнх зүйлээ өөрөө зохицуулахыг хичээдэг ч хүчрэхгүй үе бий. Хааяа гэрийнхнээсээ дэмжлэг авдаг. Байрны үнэ, бараа бүтээгдэхүүний үнэ үнэхээр хэцүү дарамт болж байна. Би үнэхээр гайхаж байгаа. Өнгөрсөн жилийн өдийд нэг өрөө байрны түрээс 400–600 мянган төгрөг байсан. Сайн хайвал 350 мянгад олддог байлаа. Гэтэл одоо хажуу өрөөний төлбөр 500 мянга гэж байх юм. Хэдийгээр эдийн засгийн байдал хүнд байгаа гээд арай ч ингэж дур зоргоороо нэмж болохгүй баймаар юм. Би энэ жил төлбөрөө өөрөө цуглуулсан. Ингэж цуглуулахдаа байр түрээслэх боломжгүй учраас ажилладаг газрынхаа агуулахад хэсэгтээ амьдарсан. Ихэнх залуучууд ингэж л хичээж байгаа. Тэглээ гээд дээрдсэн зүйл алга. Улам л мөнгөгүй болоод ядуураад байна даа” гэсэн юм.
БАЙРНЫХАА ТҮРЭЭСИЙГ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ Л ЯВЖ БАЙНА
Харин ажлын гараагаа эхлүүлээд удаагүй байнаа Д.Пагмадулам ярихдаа, “Улаанбаатарт манай гэрийнхэн огт байдаггүй учраас ихэнхдээ байр түрээслэх шаардлага гардаг. Арван жилээ төгсөж хотод ирээд л түрээсийн байраар амьдарсан гэсэн үг. Анх шууд орох боломжтой, барьцаагүй гээд Pink hostel-д амьдарч байсан. Тэнд жижигхэн хоёр өрөөнд 14 хүүхэд амьдардаг. Нэг нойл, нэг угаалгын машин, угаалтуурыг хамт хэрэглэдэг. Уг нь гадаадын орнуудад hostel гэж ямар утга учиртай гэхээр аялагчдад зориулсан үйлчилгээ юм. Зочид буудлыг бодвол хямд, амраад дараагийн замдаа гарах боломжтой. Гэтэл манайд нийтийн байр шиг ашиглаад байдаг. Гэхдээ үүнийг буруутгаагүй. Нийгэм цаг үедээ хэрэгтэй л ажил гэсэн үг. Одоо бол тусдаа нэг өрөө байр түрээсэлдэг. Анх нэг сарын барьцаагаа өгөөд, хоёр сарын түрээсээ өгөөд орж байсан. Одоо түрээсээ төлөх хугацаа нь болчихсон. Нэхүүлээд л явж байгаа. Саяхан миний цалин нэг сая хүрэхтэй үгүйтэй боллоо. Гэтэл энэ цалингийнхаа дийлэнхийг байрандаа өгнө. Би шинэ, тохилог байр түрээслээгүй. Төмөр замын хуучин таван давхруудад түрээсэлдэг тулдаа сарын төлбөр маань 500 мянган төгрөг. Хамгийн хямд гэж хэлж болох түрээс ч гэсэн маш том дарамт болж байгаа. Залуусын нурууг манай нийгэм үнэхээр авч байна. Цаашдаа үнэхээр яаж амьдрах талаар мэдэхгүй байна” гэв.
ЭХНЭР ХҮҮХЭДТЭЙГЭЭ БАЙР ТҮРЭЭСЭЛДЭГ. ТУХТАЙ СУУХ ЗАВГҮЙ Л ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙГАА
Мөн бид эхнэр хүүхдийн хамт хоёр өрөө байр түрээсэлдэг гэх иргэн Н.Учралтай ярилцлаа. Түүний хувьд ганцаараа ажиллаж, байрныхаа түрээсийг төлдөг байна. Тэрбээр энэ талаар, “Хүүхэд маань одоо хоёр ой хүрнэ. Миний хувьд уурхайд ажиллана. Амралтаараа эндээ халтуур хийнэ. Кино тухтай үзээд суух завгүй л ажиллаж байна. Тэглээ гээд хүний өмнөөс амьдраагүй болохоор хэндээ гомдоллох вэ. Эхнэр хүүхдээ эрүүл саруул, юмаар дутаачихгүй юмсан гээд гүйж л байна. Байрны үнэ маш өндөр байна билээ. Манай түрээслэгчид Германд байдаг. Анх орохдоо 420 мянгаар орсон юм. Одоо бол 550 мянга болж нэмэгдсэн. Өнөөдөр 550 мянгаар хоёр өрөө байр түрээслэнэ гэдэг боломжийн шүү. Ингэж явж байгаад өөрсдийн гэсэн юмтай болох л байх. Тэр хүртэл ажилласаар л байна даа” гэлээ.
Бид энэ асуудалтай холбогдуулан оюутны дотуур байрны дундаж үнийг судлахад, хоёр ортой өрөө нь дунджаар жилд хоёр сая таван зуун мянга. Дөрвөн ортой нь сая дөрвөн зуун мянга, зургаан ортой нь нэг сая төгрөгийн төлбөртэй байна.
Харин дээр дурдсан hostel-ийн үнийн тухайд гурван өдрийн түрээс нь 75 мянга, таван өдөр бол 100 мянга, 12 өдөр нь хоёр зуун мянга, нэг сарын төлбөр нь гурван зуун мянгаар үнэлэгдэж байна.