УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Сайд болохын тулд Үндсэн хуулиар оролддог асуудал нь туйлын буруу. Их хурлын гишүүдийн дөрөвний гурав, түүнээс дээш гишүүдийн саналаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг шүү дээ. Үндсэн хуулийн цэц хууль тогтоох байгууллага биш. Их хурлын баталсан хуулийг тэнд сууж байгаа есөн хүн хүчингүй болгож болохгүй.
Үнэхээр өөрчлөлт оруулах хэрэгтэй бол УИХ дээрээ асуудлаа яриад, ард түмнээсээ асуух ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэц тоглоомын байгууллага боллоо. Захиалгатай ажилладаг боллоо. Үндсэн хуулиар оролдож, ард түмэнтэй байгуулсан гэрээгээ зөрчиж болохгүй.
Ард түмний амьдрал хэцүү байхад УИХ-ын гишүүний тоо нэмж болохгүй. Хэдэн гишүүний тоо нэмчихээр амьдрал сайжирчихна гэж хэн хэлсэн юм бэ? Үндсэн хууль гэдэг үргэлж өөрчлөөд байдаг юм биш.
МАН-ынхан Мэргэжлийн Засгийн газар байгуулъя гэж ярьдаг байлаа. Гэтэл одоо улстөрчид хэрэгтэй юм байна гэцгээх боллоо. Юуных нь халаа сэлгээ вэ. Намрын ургац хураалтаа ярь л даа. Өөрчлөхдөө тулбал чадалтай, салбараа мэддэг хүнээ сайд болгооч ээ. Заавал гишүүн хүн гээд, 76 дотроосоо яагаад хайгаад байгаа юм бэ” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.