Засгийн газар огцрох "шуум" хэдийнэ гараад эхэллээ. Энэ бол “Сайдын суудлаа алдчих вий” гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж суугаа хэн нэгнийг айлгах, ард олныг “Яах нь вэ, Юу гэх нь үү” хэмээн хоосон тандаж байгаа хэрэг биш. Ортой үг болохыг, тодорхой алхмууд хийгдэн, “галт тэрэг” хэдийнэ хөдөлснийг ойрын эх сурвалжууд хэлж байна. Үүнийг дагаад улс төр жинхнээсээ бужигнах уу гэвэл бужигнана. Бүр бужигнасан шиг бужигнана, дээр дооргүй гүйлдэнэ.
“Сайд хэвээрээ үлдэх сэн” гээд нэг хэсэг нь барьц алдана, “Сайд болчих сон” гээд нөгөө хэсэг нь эрх мэдэлтэй, нөлөөтэй бүхний үүдийг сахиж, бүхий л боломжийг алдалгүй ашиглахыг хичээнэ. “Хоолонд орох дараагийн ээлжийнхэн хэн, хэн бэ” гэдэг асуулт урган гарч, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн олны анхаарлыг ихээхэн татах нь ойлгомжтой. Шинэ Засгийн газарт одоо байгаа сайд нараас хэн, хэн үлдэж, сайд болох мөрөөдөлдөө хэн, хэн хүрэх магадлалтай байгааг сонирхуулъя.
ЕРӨНХИЙ САЙД АН-ЫН 10 ГАРУЙ ХҮНД ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЖЭЭ
Сүүлийн хэдэн өдөр тамхины ишний торгуулийн асуудлаар "гөвүүлж" буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн Засгийн газрыг дахин удирдана. Нутгийн ах У.Хүрэлсүхийгээ дуурайдаг гэж үргэлж шүүмжлүүлдэг тэрбээр Засгийн газраа шинээр бүрдүүлэхдээ нэг зүйлийг чухалчлах гэнэ. Тэр нь УИХ-д хоёроос цөөнгүй удаа сонгогдсон, Байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай гишүүнийг сайдаар сонгох “босго”.
Энэ нь сав л хийвэл өөрийнх нь өөдөөс ч хамаагүй том дуугарч, бааварлах гээд байдаг, амбицаа үл дарах 62 хүнийг хяналтдаа байлгах, өөрийн эрх мэдлээ удаан тогтоох гэсэн олон мэхнүүдийнх нь нэг.
Л.Оюун-Эрдэнийн гол зорилгуудын нэг нь парламентыг олон суудалтай болгох. Энэ зорилгодоо хүрэх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжүүлэх зорилгоор Засгийн газарт ажиллах саналаа АН-ын 10 гаруй хүнд тавьжээ.
Х.НЯМБААТАР, Б.ЖАВХЛАН, Л.ЭНХ-АМГАЛАН, А.АРИУНЗАЯА НАР ҮЛДЭНЭ
Одоогийн Засгийн газрын сайд нараас “Овоо ажиллаж байгаа” гэж Ерөнхий сайдад, олон нийтэд үнэлэгдээд үлдчих магадлалтай хэд хэдэн эрхэм бий. Тэд бол Х.Нямбаатар, Б.Жавхлан, А.Ариунзаяа нар. Үүний сацуу БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үлдэж магад.
Шинэ Засгийн газарт үлдэх эсэхэд ажлын үр дүн, олны дэмжлэг дангаар нөлөөлөхгүй. Тэдний ард зогсдог хүмүүсийн нөлөө, тохироо, сайд болох хүсэлтэй хүмүүс хэр “хор” найруулах, сайдын суудлын наймаа хэрхэн хийгдэхээс их зүйл шалтгаална.
Ж.МӨНХБАТЫН ШАДАР САЙД БОЛОХ АМБИЦ
Боломж гарвал Шадар сайд, Ерөнхий сайд бүр цаашлаад Ерөнхийлөгч ч болох амбицтай, өөрийгөө ер голдоггүй түшээдийн нэг нь Ж.Мөнхбат. Тэр шинэ Засгийн газарт Шадар сайд болох хүсэлтэй яваа гэнэ. Зүгээр нэг хүсээд, “Яах бол” гээд хараад зогсох хүн Ж.Мөнхбат биш. Одоогийн Шадар сайд С.Амарсайханыг яавал унагаах вэ, ойрын нөлөө бүхий хүмүүсээс нь холдуулах вэ гээд шаналж суугаа нь мэдээж.
УИХ-д анх сонгогдсон даруйдаа л шууд Шадар сайд болсон С.Амарсайханы ард МАН-ын генсек Д.Амарбаясгалан бий гэлцдэг. С.Амарсайханыг унагааж, Шадар сайд болох Ж.Мөнхбатын хүсэлд Д.Амарбаясгалан хөндөлсөнө. Гэхдээ улс төрийг урьдчилан таахад тун бэрх. МАН-ын генсекийн бодол гэнэт өөрчлөгдөөд, Шадар сайдыг огцруулж ч мэднэ. Ерөнхийлөгчийн ч юм уу өөр хэн нэгний нөлөөгөөр тийм сонголт хийхээс өөр аргагүйд хүрэх ч магадлалтай.
Ч.НОМИНГИЙН ОРОНД Г.МӨНХЦЭЦЭГИЙГ ТОМИЛОХ УУ
Одоогийн сайд нараас найдвартай аргүй нь Соёлын сайд Ч.Номин. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын татаасаар орж ирсэн тэрбээр дараагийн Засгийн газарт үлдэхгүй байх. Нөлөөгүй, бяд муутай сайд нарын нэг нь тэр. Түүний оронд Г.Мөнхцэцэгийг Соёлын сайд болгохоор тохирсон гэнэ. Энэ удаа л яригдсан, тохирсон гэнэтийн зүйл энэ биш. Угаас Соёлын сайд болохыг Г.Мөнхцэцэг олон жил мөрөөдөж, дээгүүр, доогуур хөөцөлдөж яваа. Хүсэлдээ энэ удаа хүрч мэдэх нь. Яруу найрагч, “Болор цом”-ын эзэн нь түүнийг хүсэлдээ хүрэхэд хөшүүрэг болох нь ойлгомжтой.
М.ОЮУНЧИМЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛОХООР ГОРИЛЖ ЯВНА
Уншигч та бүхэн анзаарсан уу? УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сүүлийн үед эрүүл мэндийн салбарын асуудлаар идэвхтэй гэгч нь дуугарч, оноо авах гээд хичээх болсныг. Юм бүхэн учиртай гэдэг. М.Оюунчимэг гишүүн ийн гэнэт энэ салбарыг анзаарах, анхаарах болсон нь ийм учиртай. Тэрбээр Эрүүл мэндийн сайд болохоор горилж явна.
Одоогийн сайд С.Энхболд ажилсаг, салбартаа муугүй нэр хүндтэй, уг нь. Даанч пи-ар муутай тул түүний хийсэн ажил, хичээл, зүтгэл олонд төдийлөн харагддаггүй, үнэлэгддэггүй. Дараагийн Засгийн газарт үлдэхгүй нь ойлгомжтой. Түүний суудалд М.Оюунчимэг гишүүн тухалж магадгүй нь.
БОАЖ-ЫН САЙДЫН АЛБАН ТУШААЛЫГ Б.САРАНЧИМЭГ, Д.САРАНГЭРЭЛ НАР “ОНИЛЖЭЭ”
Цар тахлын үед иргэдээс өндөр оноо авч, “Төрийн хатан эрдэнэ”-ээр тодортлоо магтаалд бялуурч явсан түшээ бол Д.Сарангэрэл. Өнөөдөр гэхдээ тэр нэр хүнд нь хэвээрээ байгаа юу гэвэл үгүй. Цөөнгүй асуудалд түүний нэр холбогдож, Эрүүл мэндийн сайдаар үнэхээр нэр цэвэр, сайн ажилласан юм уу гэх эргэлзээ олон түмэнд төрөх болсон.
Д.Сарангэл Эрүүл мэндийн сайдын дараа БОАЖ-ын сайдаар хэсэг хугацаанд ажилласан удаатай. Тэр өмнөх албан тушаалаа эргүүлэн авахаар “онилжээ”. Гэхдээ БОАЖ-ын сайдын албан тушаал зөвхөн Д.Сарангэрэлийн овоо хараанд өртсөнгүй.
Эл албан тушаалд очихыг өөр нэгэн хүн мөрөөдөж яваа нь Б.Саранчимэг. Тэдний хэн нь хүсэлдээ хүрэх бол. Д.Сарангэрэл Ерөнхийлөгчөөр “кран”-дуулаад, БОАЖ-ын сайдаар дахин томилогдох өндөр магадлалтай.
САЙД БОЛОХ "ТОХИРОО ХИЙСЭН" ЭРХМҮҮД
Түүнчлэн ЗГХЭГ-ын даргаар Д.Тогтохсүрэн, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Батлан хамгаалахын сайдаар Л.Мөнхбаатар, Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Барилга хот байгуулалтын сайдаар Г.Тэмүүлэн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал нар томилогдох тохироо хөшигний ард хийгдэж байгаа тухай улстөрийн хүрээнд ярьж байна.