Монголын Оюун ухааны академи "Оюуны спорт 2022" наадмыг энэ сарын 14-нөөс эхлэн зохион байгуулахаар товлоод байна.
Энэ талаар тус Академийн захирал Х.Хатанбаатар "Энэ удаад таван төрлийн тэмцээнийг нэг дор зохион байгуулна. Үүнд, ой тогтоолт, түргэн бодолт, спорт өрөлт, рубикийн шоо, кимастер төрлүүд багтаж байна. “Дэлхий биднээс суралцана” уриан дор зохиогдох уг тэмцээнийг цаашид олон улсын хэмжээнд зохион байгуулахаар зорьж байна" гэлээ.
Мөн энэ үеэр Монголын оюуны спортын тамирчид олон улсад өндрөөр үнэлэгдэж буйг онцоллоо. Тухайлбал, тамирчин Н.Энхмөнхийн БНХАУ-д оролцсон тэмцээнийг 300 сая гаруй хүн үзэж, залуу тамирчин ой ухаанаа гайхуулжээ.
Түүнчлэн "Итали, АНУ, Орос улсад оюуны спортоор дамжуулан Монголоо таниулан сурталчлах ажлыг манай манай тамирчид хийсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд манай уралдаанд хамгийн бага нь хоёр настай тамирчин, хамгийн өндөр нь 73 настай тамирчин оролцож байсан нь оюуны спортод насны хязгаар байдаггүйг харуулсан явдал болсон.
Энэ удаагийн тэмцээнд ч хамгийн бага нь таван настай, ахмад нь 50 настай тамирчид оролцоно" хэмээн тамирчид онцоллоо.
Нэмж мэдээлэхэд, манай улсын оюун ухааны спортын тамирчид сүүлийн 10 гаруй жил олон улсад тасралтгүй манлайлж, чансаа өндөр тэмцээнүүдийн эхний гуравт бичигдсээр ирсэн юм.