Төр эрсдэлээ зөв тооцоолж, байгалийн баялгаасаа хуримтлал бий болгож, ирээдүйгээ бодож чадахгүй байна гэж эдийн засагч Д.Гантулга шүүмжлэлтэй хандаж байна. Тэрбээр Монгол улс ирээдүйн өв сангаа жинхэнэ утгаар нь ашиглаагүй ирээдүйд зориулан үлдээх ёстой мөнгийг өнөө маргаашдаа зарцуулдаг, төсөв рүүгээ хуу “хамаад явчихдаг” гажуудсан асуудлыг шүүмжилсэн юм.
Энэ талаар эдийн засагч Д.Гантулга “Монгол улсын ашигт малтмалын орлогоос ирээдүйн өв сан бүрдэж байх ёстой. Энэ санг зөв залах нь чухал. Ирээдүйн өв сангаа гадаадад, Монгол улсдаа ч хөрөнгө оруулах боломжгүй байдлаар байршуулах бус бодит, нийгмийн том хэмжээний тогтолцооны өөрчлөлтүүдээ санхүүжүүлэхэд эхний хорин жилдээ зарцуулж чадвал энэ нь жинхэнэ утгаараа “Ирээдүйн өв сан” болно гэв.
ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ОРЛОГООРОО ӨНӨӨ МАРГААШАА АРГАЦААЖ БОЛОХГҮЙ
Ирээдүйн өв сан бол бидний үр хүүхэд, хойч үедээ зориулсан хуримтлалын сан. Байгалийн баялаг гэдэг нь нэг үеийнхэн ашиглаад дуусах зүйл биш. Бидний болон дараагийн үеийн өмч гэдэг утгаараа хуримлалтын сан үүсгэдэг.
Хуулийн дагуу тус санд мөнгө хуримтлагддаг. Энэ мөнгөөрөө Монгол улсад хөрөнгө оруулалт хийж болохгүй. Манай улс энэ санг Норвегийн гадаад глобал санг дуурайж хийсэн. Тиймээс зөвхөн гадагшаа хөрөнгө оруулалт хийх ёстой.
Хамгийн гутамшигтай нь одоо энэ санд ч мөнгө байхгүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар руу, дараа нь Б.Жавхлан сайд руу ч дайрч л байсан. УИХ-ын гишүүд нь ч тэр санд мөнгө байгаа эсэхийг мэдэхгүй байна. Түүнийгээ төсвийн цоорхойд хэрэглэсэн, тэтгэврийн тогтолцоо шиг бичилт хийгээд байна уу, бид мэдэхгүй байна шүү дээ.
ТӨСВИЙН ТОГТВОРЖИЛТЫН САН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ
Байгалийн баялгаас орж байгаа орлогоос хоёр төрлийн сан бүрдүүлэх хэрэгтэй. Нэг нь, төсвийн тогтворжилтын сан. Учир нь, байгалийн баялгийн үнэ ханш маш эрсдэлтэй. Жишээлбэл, зэсийн үнэ 9000 төгрөг байсан, одоо 7000 руу унаж байна. Хэлбэлзэл өндөртэй. Түүнийгээ дагаад орлого ч хөдөлдөг. Төсөв буюу төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж түүнийг дагаад хэлбэлзээд байж болохгүй. Төсвийг тогтвортой байлгахын тулд тогтворжуулалтын сан үүсгэх хэрэгтэй. Манай улсын хувьд үндсэн экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ буусан тохиолдолд тэр сангаасаа аваад, өссөн тохиолдолд илүү гарсныг сандаа хийдэг. Энэ бол тогтворжилтын сан. Монгол улсад ийм тогтворжилтын сан байхгүй, байгуулж чадаагүй.
Ийм санг бид яаралтай байгуулах ёстой. Хийхгүй бол байгалийн баялгаас хамааралтай Монгол улс шиг эдийн засаг маш тогтворгүй байдаг. Яг одоогийн нөхцөл байдалд Хятад хилээ хаалаа, орлого тасарлаа. Ингээд Төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахаа болино.
ТӨСВӨӨ ҮРГҮЙ ЗАРЦУУЛДАГ АСУУДАЛД ЦЭГ ТАВИХ ЧУХАЛ
Бүр илүү бодит яривал, байгаа жаахан мөнгөө яг юунд зарцуулаад байна вэ гэдэг асуудал гарч ирж байна. Бид хэлэлтгүйгээр улс даяараа ярьж байна шүү дээ. “Хөшөө, хөшөө” гээд л. Мөнгө үйлдвэрлэдэггүй, эсвэл иргэдэд очиж хоол хүнс болж наалддаггүй зүйл рүү мөнгөө хийдэг. Төсвийг дэд бүтэц рүү хийлээ гэхэд тэр нь эдийн засгаа дэмжиж байх ёстой. Гэтэл нэг сум руу орох хаалга барилаа, нэг хүний хөшөө барилаа л гэнэ. Түүнийг нь жуулчид үзэхээр очих юм уу? Төсвийг үрэн таран хийж, замбараагүй зарцуулснаар эдийн засаг улам л хэцүүднэ” гэсэн юм.