БНХАУ, Тайванийн асуудалд дэлхий даяар чих тавьж буй эгзэгтэй мөчид Хятадын гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар ирэв. Ингэснээр олон улс Монголыг “онилж”, ямар асуудал хэлэлцэхийг нь анхааралтай ажиглаж байна. Энэ удаагийн айлчлал хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад гол түлхэц болно гэдгийг шинжээчид онцолсоор байна.
Учир нь, манай улсад хийх томоохон бүтээн байгуулалтын асуудлуудыг айлчлалын хүрээнд хэлэлцэнэ. Тухайлбал, баруун таван аймгийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахад ахиц гарна гэсэн хүлээлттэй байна. Тус станцыг барьснаар манай улс эрчим хүчний хараат байдлаас гарч, баруун бүсийн хэрэгцээгээ хангаж, илүүдэл эрчим хүчээ төвийн бүсэд нийлүүлэх боломж бүрдэнэ.
Тэгвэл, эх сурвалжийн мэдээллээр, Хятадын гадаад хэргийн сайд томоохон төслүүдээс гадна, банкны салбар, олон улсын төлбөр тооцооны асуудлыг ярилцахаар болжээ. Тодруулбал, бид өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын банкууд Свифт сүлжээнээс хасагдсанаар манай улсын импортын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн тасалдах эрсдэлтэй байгаа талаар хөндөж байсан. Хятадын гадаад хэргийн сайдын айчлалаар “Bank Of China”-г Монголд оруулж ирэх асуудлыг хэлэлцэхээр болсон талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
Гадаадын банкыг Монголд оруулж ирэх эрх зүйн үндэс бүрдүүлэхээр УИХ сүүлийн хэдэн жил маргаантай явж ирсэн. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль УИХ-ын босго давж чадалгүй хойшилсоор өдийг хүрч байна. Нэг хэсэг нь гаднын банк оруулж ирснээр зээлийн хүү буурч, шударга өрсөлдөөн бий болно гэж тайлбарладаг. Харин нөгөө хэсэг нь гаднын улсын төрийн бодлого хэрэгжих давуу байдал бий болох эрсдэлтэй хэмээн шүүмжилж ирсэн юм.
Гадаадын банкыг яагаад оруулж ирж болохгүй вэ гэдэг асуудалд судлаачид тодорхой үндэслэлүүдийг гарган тавьж ирсэн.
Тухайлбал, дотоодын банкуудын зах зээлийг булаах, улмаар дампуурах эрсдэлтэйг сануулж ирсэн юм. Цаашилбал, банкны салбар гаднын аль нэг улсаас хараат болж, оруулж ирсэн банкны мөнгө, зээлийн хатуу бодлого хэрэгжих эрсдэлтэй гэж үздэг. Товчхондоо, дотоодын банкуудын орон зайг хамгаалах асуудал хамгийн чухал болохыг хөнддөг юм.