Орос, Украины дайны үр нөлөө манай улсын банкны төлбөр тооцооны системд нөлөөлж эхлээд хагас жил орчмын хугацаа өнгөрлөө. Олон улсын төлбөрийн “SWIFT” сүлжээнээс ОХУ-ын нэр бүхий банкуудыг хассанаар Монголоос хийх төлбөр тооцоо удаашрах, саатахад хүргээд байна. Өөрөөр хэлбэл, олон улсын төлбөр тооцооны олон гарц нээхгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээний үед их хэмжээний хохирол амсах эрсдэл ойрхон байгааг дээрх сорилт харуулсаар байгаа юм. Энэ нь эцэстээ иргэдэд хүрэх бараа бүтээгдэхүүн хомсдох, үнэ өсөх эрсдэлтэй.
МАНАЙ УЛС ТӨЛБӨР ТООЦООГОО ХЯЗГААРЛАЛТТАЙГААР ХИЙЖ БАЙНА
Украинд дайн эхлүүлсний хариуд ОХУ барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон. Ингэснээр, хойд хөршөөс импортын хараат манай улс төлбөрөө хийж чадахгүй байх, мөнгөн гуйвуулга удаашрах бодит эрсдэлүүд бий болсон. Өнөөдрийн байдлаар, манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн 20 орчим хувийг ОХУ дангаараа бүрдүүлж байна.
- Шатахуун
- Эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл
- Уул уурхайн тэсэлгээний болон бусад бодит, бүтээгдэхүүн
- Газар тариалангийн бордоо зэргээс авахуулаад чухал хэрэгцээгээ хойд хөршөөсөө хангадаг. Гэтэл ОХУ-ын банкууд хязгаарлалтад орсноор төлбөр тооцоогоо хийж чадахгүй байх, үүнээс болж импорт удаашрах эрсдэлүүд аль хэдийнэ бий болжээ.
SWIFT сүлжээнээс ОХУ-ын 8 банк, тэдгээрийн салбарыг хассан. Үүнд:
- BANK OTKRITE
2. NOVIMBANK
3. PROMSVYAZBANK
4. BANK ROSSIYA
5. SOVCOMBANK
6. VNESHECONOMBAN (VEB)
7. VTB BANK
8. MKB
Ингэж СВИФТ-ээс хасагдсан банкууд руу ямар нэгэн гүйлгээ дамжуулах боломжгүй. Харин “SWIFT”-ээс хасагдаагүй банкууд руу рубль, юань гэх мэт хориг арга хэмжээнд ороогүй гадаад валютаар төлбөр тооцоо хийх боломжтой байгаа юм. Манай улсын банкууд SWIFT-ийн гүйлгээг дамжуулдаг олон улсын дундын банкууд руу хориг арга хэмжээний хүрээнд төлбөр тооцоог хязгаарлалтайгаар дамжуулж байна.
АЛТ ТУШААЛТ ОНЫ ЭХНИЙ ЗУРГААН САРЫН БАЙДЛААР 16 ХУВИАР БУУРЧЭЭ
Төв банк унци алтны үнийг Лондонгийн үнэт металлын биржээс өндөр үнээр авч байгаа ч ийнхүү олон улсын төлбөр тооцооны асуудлаас үүдэж, алтны нийлүүлэлт буураад байна. Тухайлбал, энэ оны эхний зургаан сарын байдлаар төв банк өссөн дүнгээр 7,9 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлт. Уул уурхайн тэсэлгээний болон бусад бодис, техникийг тус улсаас оруулж ирэхэд хугацаа алдаж, хүндрэл үүссэн нь үүний нэг шалтгаан. Төв банкин дахь алтны нөөц хангалттай хэмжээнд байснаар гадаад валютын ханш, нөөц тогтворжих суурь нөхцөл бүрдэх юм. Энэ мэтчилэн төлбөр тооцооны асуудал олон салбарт сөргөөр нөлөөлөөд эхэллээ.
ЦИАНИТ НАТРИ БОДИСЫГ БНХАУ-ААС ИМПОРТОЛЖ ЭХЭЛСЭН Ч ХИЛ ГААЛИЙН АСУУДАЛ ХҮНД БАЙНА
Уул уурхайн үйлдвэрлэлд шаарддагдаг нэг гол бодист нь цианит натри байдаг. Компаниуд энэ бодисоо ОХУ-аас импортлох нь түгээмэл. Гэвч төлбөр тооцооны асуудал тулгарсан учраас ААН-үүд хойд хөршөөс импортлохоо зогсоож, БНХАУ-аас авч эхэлжээ. Гэвч хил гаалийн асуудал мөн л тулгамдаж байгаа талаар уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдийн төлөөлөл Н.Мягмардорж бидэнд ярилаа.
Энэ мэт импортын олон саатал манай улсад тулгарч байна. Бид эм, эмийн бүтээгдэхүүн, тэр дундаа хамгийн түгээмэл хэрэглэгддэг, эрэлт ихтэй натрийн хлорид, цаашлаад цус, цусан бүтээгдэхүүн хүртэл ОХУ-аас импортолдог гэдгийг энд онцлох хэрэгтэй.
ЕВРОПЫН ОРНУУД РУУ ТӨЛБӨРИЙН ШИЛЖҮҮЛЭГ ХИЙХ ДЭЭД ХЯЗГААР ӨДРИЙН 20 САЯ ТӨГРӨГ
Дан ганц ОХУ гэлтүй, өнөөдөр Европын орнуудаас бараа татаж, худалдаа хийхэд ихээхэн сорилт тулгарч байгаа талаар бизнесийнхний төлөөлөл ярьж байна. Бид энэ талаар “Грийн гэйт интернэйшнл” компанийн захирал Т.Уранжаргалаас тодруулахад “Манайх Франц, Герман, Итали гэх мэт Европын орнуудаас импорт хийдэг. Том дүнтэй гэрээний төлбөрөө шилжүүлж чадахгүй, олон хоногоор хүлээх тохиолдлууд гарч байна. Энэ нь эргээд бидэнд цаг хугацаа, эдийн засгийн хохирол дагуулдаг. Нэг өдөрт шилжүүлэх мөнгөн дүнгийн дээд хязгаар 20 сая төгрөг байна. Өдрийн лимитдээ баригдаж, тээвэр хугацаандаа ирэхгүй удааширч байна. Ийм асуудалтай тулгарсан олон аж ахуйн нэгж бий” гэсэн юм.
ТҮР ЗУУР ГАЛ УНТРААХ АРГААР ХОЛ ЯВЖ ЧАДАХГҮЙ
Нөхцөл байдал муугаар эргэж, бид гадаад төлбөр тооцоогоо хийж чадахгүй бол улсаараа гал алдаж, хүнд нөхцөл байдалд орно. Тиймээс урт хугацааны, оновчтой шийдэл чухал байгааг хаа хаанаа онцолж байна. Одоогоор, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахад саатал гаргахгүй байх, төлбөр тооцоогоо хэрхэн хийх талаар Монголбанк УУХҮЯ-нд зөвлөмж хүргүүлжээ. Тиймээс цаашид урт хугацааны оновчтой зохицуулалт, төлбөр тооцооны шинэ шийдэл гаргах чухал болоод байгааг эх сурвалж мэдээллээ. Товчхондоо Монгол улсад төлбөр тооцооны шинэ суваг, эх үүсвэр хэрэгтэй болжээ.