Монгол наадам урианхай сурын харваагаар эхэлдэг уламжлалтай. Харваачдын цэц мэргэнийг сурвалжлахаар бид Төв цэнгэлдэх хүрээлэнг зорилоо. Энэ жилийн харваанд 330 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Алс баруун хязгаар Баян-Өлгий аймгаас хамгийн олон харваач иржээ. Эмэгтэйчүүд оролцдоггүй, зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо урианхай сурын харваа бусдаасаа ялгардаг байна.
40 МЕТРИЙН ЗАЙНААС 30 СУМ ТАВИНА
Урианхай харваа нь 40 метрийн зайнаас нэг хүн 30 сум тавьдаг онцлогтой. Харьцангуй хүнд бай харвадаг байна. Харваачид 300-400 грамм хүнд чих, бөөрөнхийлсөн сурыг гурван метр өнхрүүлж, 20 см өндөрт далан дээгүүрээ давуулж байж оноо тооцогддог тухай харваачид хэлж байв. Харваачдын оноо тэнцсэн тохиолдолд урианхай сурын дүрмээр товхлоно.
Урианхай сурыг шашны зан үйлиээс үүдэлтэй хэмээн хэлэлцдэг. Үндэсний сурын нэг төрөл болсон урианхайн сурыг майдар эргэх ёслолын үеэр зохион байгуулдаг байжээ. Урианхайчууд сур харвах нь тэр жилд тохиох сайн сайхан үйл явдлыг дууддаг хэмээн үздэг тул баяр ёслол, эсвэл таагүй тохиолдол бүрт сур харвуулдаг заншилтай байжээ.
ЗАЛУУ ХАРВААЧДЫН ХҮРЭЭ ӨРГӨЖИЖ БАЙНА
Үндэсний сурын харваа сонирхогч хүүхэд, залуус жигд өсөлттэй байна. 2020 онд 260 орчим хүн наадмын харваанд оролцож байсан бол энэ жил 330 болж нэмэгджээ.
Энд байгаа бүх л харваач өөр өөрийн онцлогтой харагдана. Талбайн баруун талд байрлах эгнэсэн улаан сандалд суусан настан бол энд байгаа хамгийн өндөр настай харваач. Түүнийг Нямжавын Билэгт гэдэг. Монгол улсын хошой мэргэн, спортын мастер цолтой. Урианхай сурын харваагаар 53 жил хичээллэсэн. Тэрбээр энэ хугацаанд улсын баяр наадамд 40 гаруй удаа оролцжээ.
Урианхай сур харваагаар хичээллэснээр хүн их хүлээцтэй болдог. Ахмад хүний үг сонсож, бусдыг хүндэлж сурдаг. Хамгийн гол нь тэвчээр, хүмүүжил олгодог. Бие бялдар, эрүүл мэндэд маш сайн. Жишээлбэл, бэлтгэлийн үеэр хамгийн багадаа 2-3 км алхдаг учраас чийрэг болдог хэмээн харваачид ярьж байлаа.
Ийнхүү Урианхай сурын харваачид уухайн түрлэгтэй Монгол наадмаа эхлүүллээ.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.