МИАТ компани жилд ойролцоогоор 10 гаруй онгоцонд засвар үйлчилгээ хийдэг. Энэ засвар үйлчилгээг хийдэг ажилчид нь тухайн загварт ажиллах эрхээ авч зэрэг нэмснээр цалингийн хэмжээ ч нэмэгдэх боломжтой юм. "Бизнес өрөг" нэвтрүүлэг энэ удаагийн дугаараараа онгоцны засвар үйлчилгээний тухай "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодрууллаа.
-Одоо Солонгосын хоёр онгоцонд засвар үйлчилгээ хийж байгаа юм байна. Жилдээ хэчнээн онгоцонд засвар үйлчилгээ хийдэг вэ?
-Тухайн жилээс шалтгаалан ойролцоогоор жилд 10 гаруй онгоцонд засвар, үйлчилгээ хийдэг. Хэр эрэлттэй байна гэдгээс хамаарна. Бид онгоцны үйлчилгээг авахдаа гаднын компаниудтай тендерт оролцож авдаг. Үнийн саналаа өгнө. Үнээрээ өрсөлдөнө. Хэдий хугацаанд ямар үйлчилгээ хийх, манай инженер техникийн ажилтны сертификат нь ямар байх зэрэг бүх материалуудаа хүргүүлдэг. “T way” компанийн 737 маркийн онгоц манайд хүнд хэлбэрийн засвар яг одоо ороод дуусаж байна. Араас нь дараагийн 37 орох гээд хүлээж байна. Бид “T way” компанийн тендерт орж шалгараад, гэрээгээ байгуулаад, гэрээний хүрээнд энэ онгоцны засвар үйлчилгээг хийж байгаа.
-Засвар үйлчилгээний ажилтнуудаа хаана бэлдэж байгаа вэ?
-Бид ихэнх ажилчдаа агаарын хөлгийн засвар үйлчилгээ, инженер техникийн чиглэлээрээ Монголд болон гадаадад өөрсдийн зардлаар сурч төгссөн хүүхдүүдийг авч сургадаг. Тухайн 737 онгоцны typing гэрчилгээ авахад нь бид сургалтад нь явуулаад, гэрчилгээг нь авхуулаад, тэр хүн энэ онгоцны яг тухайн хөдөлгүүр дээр ажиллах эрхийг аваад, инженерийн зэргээ нэмэгдүүлдэг. Бүгдийг нь ширхэгчлэн задалж янзалж байна.
Жишээлбэл, 737 онгоцонд хүнд хэлбэрийн засвар орж байна. Тиймээс бид бүх суудал, бүх зүйлийг нь авна. Араг яс нь үлдээд л, задлаад ямар нэгэн байдлаар гэмтэл, дутагдал байна уу гэдгийг шалгадаг. Шалгаад буцаагаад бүгдийг нь угсардаг. Хэрвээ гэмтэл дутагдал гарвал түүнд засвар үйлчилгээг нь хийгээд, сольдог.
-Инженер технийкийн ажилтнууд ур чадвараа экспортолж байна гэсэн үг. Залуучууд сонговол гоё ажил юм биш үү. Цалин өндөр үү?
-Цалин дажгүй. Яагаад гэвэл тухайн авсан зэрэг бүрээсээ нэмэгдэл авдаг. Жишээ нь 737 онгоцны typing дээр хөдөлгүүрийн нэг компанийн зэрэг авбал, тэр зэргийнхээ нэмэгдлийг авна. Зэргийнхээ өөрчлөлтөөр. Хүн бүр адилхан цалин авахгүй. Ур чадвар өндөртэй хүмүүс өндөр цалин авна.
-Дунджаар хэдээс хэдийн хооронд байх вэ?
-Үндсэн цалин 1 сая 800 мянгаас эхэлнэ. Зэргийн нэмэгдлүүд ороод, 10 хүртэлх сая төгрөгийн цалин авна.