Аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын тухай ИНЕГ-ын дарга С.Мөнхнасантай ярилцлаа.
ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН УРСГАЛЫГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ
Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлнэ гэсэн зорилго тавьсан. Энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 250-300 мянган жуулчин авна гэсэн зорилготой ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд агаарын тээврийн салбар маш чухал үүрэгтэй ажилладаг. Энэ зорилтыг гүйцэтгэхэд агаарын тээврийн бодлого ямар хүрээнд хэрэгжиж байна вэ?
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын тээвэр Монгол улсад төдийгүй, дэлхий дахинд тун хүнд нөхцөл байдалд байлаа. Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд ковидын нөхцөл байдлыг шар төвшинд шилжүүлж, 2022-2024 оныг аялал жуулчлал, агаарын тээврийг хөгжүүлэх хосолсон бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
ИНЕГ-аас агаарын тээврийн салбарын бодлогыг аюулгүй байдал, аюулгүй ажиллагаатай нь уялдуулж хийдэг. Монгол улсад 2019 оны байдлаар жилд 10 гаруй мянган агаарын хөлөг хөөрч бууж, зоригч урсгал 1 сая 640 орчим мянгад хүрээд байсан. 2022 оны эхний улиралд зоригч урсгал хангалтгүй байлаа.
Энэ оны хоёрдугаар сараас агаарын тээврийн компаниудын зуны цагийн нислэгийн хуваарийг шинэчлэн баталсан. Аялал жуулчлалын компаниуд эдгээр нислэгүүдээр жуулчдыг олон улсад болон, орон нутагт тээвэрлэх боломж, бололцоог бүрдүүлж байна. Монгол улс шар төвшинд шилжсэн ч бусад улс орнуудад хараахан цар тахлын нөхцөл хэвийн болоогүй байна. Тиймээс жуулчид, зорчигчид нэмэгдэх нөхцөл бүрдээгүй байна гэж харж байна. Зарим чиглэлд зорчигч урсгал сайн байна. Энэ нь жуулчин гэхээс илүү хоёр, гурван жил Монгол улсдаа ирж чадаагүй, гадаадад амьдардаг Монгол улсын иргэд маш олон тоогоор ирж байгаа юм.
УЛААНБААТАР-СӨҮЛ ЧИГЛЭЛД 7 ХОНОГТ 14-20 УДАА НИСДЭГ БОЛНО
Өнөөдрийн байдлаар, МИАТ компани Европын Франкфурт, Станбулын чиглэлд нислэг үйлдэж байна. Гаднаас Монгол улс руу чиглэсэн нислэг дүүргэлт наадам хүртэл 100 хувийн дүүргэлттэй. Монголоос гадагшаа явах урсгалдаа 70 орчим хувийн дүүргэлттэй байна. Мөн “Aero Mongolia”, “Hunnu air” компаниуд Улаан-Үд, Иркутск, Бишкек, Алмата, Анталиа хотууд руу нислэг үйлдэж байна. Эдгээр чиглэлүүдэд зорчих урсгал сайн биш. Дүүргэлт 50 орчим хувьтай байна.
Азид МИАТ компани Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт долоо нисдэг. Энэ сараас эхлэн долоо хоногт 14-20 удаа нисэх төлөвлөгөөтэй байна. “Aero Mongolia” компани Улаанбаатар-Токио чиглэлд долоо хоногт хоёр удаа, “МИАТ” компани долоо хоногт тав хүртэлх нислэг долдугаар сараас үйлдэхээр төлөвлөсөн.
Мөн Улаанбаатар- БНХАУ чиглэлийн нислэгүүд сэргэж байна. Хятадын онцгой комисс, нисэх буудлуудаас нэлээн шаардлага тавьж байгаа. Монголын хоёр агаарын тээвэр Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Гуанжу чиглэлд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлаа хийж байна. МИАТ компани Гуанжу чиглэлийн зөвшөөрлөө нисэх буудлаасаа авсан. Энэ сарын 5-нд эхний нислэгээ үйлдэнэ.
ДОТООДЫН АВИА КОМПАНИУДЫГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ҮР ДҮН УРТ ХУГАЦААНДАА ГАРНА
Цар тахлын үед хүнд байдалд орсон салбаруудын нэг бол агаарын тээврийн салбар. Дотоодын агаарын тээврийн компаниудыг дэмжих үүднээс хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. МИАТ компанид л гэхэд 4.7 тэрбум төгрөгийн татаас Засгийн газрын нөөц сангаас өгсөн. Энэ татаасыг Франкфурт чиглэлийн нислэгийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон. Энэ дэмжлэг жуулчдын урсгалыг татаж чадах болов уу?
МИАТ компани өнгөрсөн хугацаанд Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоногт гурван удаа нисэж байсан. Дөрөв, тав дахь нислэгүүдийг нээснээр зорчигч урсгал нэмэгдэнэ. Гэхдээ шууд жуулчин ирнэ гэсэн ойлголт биш. Учир нь Европын улс орнууд цар тахлын нөхцөл байдлын хувьд хэвийн болоогүй байна. Мөн аялал жуулчлалын төлөвлөлт харьцангуй урт хугацаандаа хэрэгждэг. Нислэг нэмэхэд шууд жуулчин нэмэгдэнэ гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар бидэнд тийм мэдээ, захиалга орж ирээгүй байна.
Бид өнгөрсөн хугацааны зорчигч урсгалд судалгаа хийж үзсэн. Жишээлбэл, МИАТ компанийн Улаанбаатар-Франкурт чиглэлд 25 орчим хувь нь гадны, 75 орчим хувь нь Монгол зорчигч байна. Мөн Станбул чиглэлийн нислэгийн зорчигчийн судалгаа хийхэд 5 хүртэлх хувь нь гадны иргэд, 95 хувь нь Монгол зорчигч байна. Өнөөдөр хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүд урт хугацаандаа үр дүн нь гарах байх.
АГААРЫН ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЫН БОДЛОГЫГ ХОРШУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
“Ковид”-ын өмнө агаарын тээврийн салбарын либералчлалыг эрчимтэй хийж байсан. Цар тахлын гурван жилийн хугацаанд үр дүн хангалттай харагдсангүй. Ковид”-ын өмнө хийсэн либералчлал тэр хэвээрээ үргэлжлэх үү? Эсвэл дахиад бичиг баримт, гэрээ хийж шинээр үүсэх үү?
Монгол улсын агаарын тээврийн салбарын либералчлал өнгөрсөн дөрөв, таван жил л хийгдэж байгаа зүйл биш. 2013 оноос хийгдэж эхэлсэн. Үе шаттайгаар, цаг хугацааны давтамжаар хийгдэж байгаа. 2018 оноос эрчимтэй хийгдэж эхэлсэн. Монгол улсын иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримт дээр чиглэлүүдийг зааж, хязгаарласан байсан. Ингэснээр хамгийн их зорчигч урсгалтай Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бээжин чиглэлүүдийг задалж өгсөн. Өнөөдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлд гэхэд л Солонгос талаас дөрвөн авиа компани нисэх боломж бүрдсэн. Монголын талаас хоёр авиа компани нислэг үйлдэхээр бэлэн болсон.
МИАТ компани долоо хоногт 20 хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэж байна. Хэдхэн хоногийн өмнө “Aero Mongolia” компани Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэх томилгоог авсан. Зөвхөн Сөүл биш Солонгосын бусад хотууд руу нислэг нэмэгдэж байна. Мөн Бээжингийн чиглэлд зөвхөн МИАТ компани нислэг үйлддэг байсан бол “Hunnu air” компани Улаанбаатар-Бээжин чиглэлд томилгоо авсан. Нөхцөл байдал хэвийн болоход Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бээжин чиглэлд маш олон нислэгүүд, нислэгийн давтамжууд бий болно.
Ерөнхий сайд аялал жуулчлалынхантай уулзах үеэрээ танай салбар руу чиглэж “Либералчлалаа илүү сайн хийгээч. МИАТ-аа хамгаалаад бусад авиа компаниудын орж ирэх хүсэлтээс татгалзаад байна уу” гэсэн утгатай шүүмжлэл ярьсан. Либералчлалыг эрчимжүүлэх ямар ажлууд хийж байна вэ?
Аливаа улс оронд агаарын тээвэр бодлогын төвшинд либералчлал хийх ёстой гэж боддог. Либералчлал бүх зүйлийг нээлттэй болгох гэхээс илүү аль чиглэлийг, ямар улс орон руу ямар багтаамж, хэм хэмжээгээр нислэгийн урсгалаа бий болгох, үүний цаана зөвхөн Монгол зорчигчид биш, аялал жуучлалын салбараа яаж дагуулж хөгжүүлэх вэ гэдэг асуудал давхар яригддаг. Мөн аялал жуулчлал, агаарын тээврийг хэрхэн уялдуулах вэ гэх мэт.
Аялал жуулчлалын салбарын жуулчин гэдэг хүн нь онгоцонд суухаар зорчигч болж байгаа юм. Агаарын тээвэр, аялал хоёр үндсэндээ нэг зах зээлтэй. Энэ зах зээлээ хамтарсан судалгаа, маркетинг хийж салбараа хооронд нь уялдуулах шаардлагатай.
АГААРЫН САЛБАРТ ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨН БИЙ БОЛГОХОД АНХААРНА
Либералчлалын хүрээнд Солонгосын чиглэлийг нэмэгдүүлснээр тийзийн үнэ 30 хүртэлх хувиар буурсан гэсэн судалгаа гарсан. Өөр чиглэлд нислэгийн тоо нэмснээр билетийн үнэ буурах боломжтой юу?
Солонгосын зах зээл бол манай олон улсын нислэгийн хамгийн том зах зээл. Өнгөрсөн 2019 онд 400 орчим мянган зорчигч тээвэрлэсэн. Зөвхөн хоёр улсын хооронд таван агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байна. Энэ нь цэвэр зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хүссэн хүсээгүй үнэ бууж байна.
Мөн шинэ чиглэлүүд нээгдэж байна. Зөвхөн “Turkish airline” нисдэг байсан. Энэ зунаас “МИАТ” компани нислэгүүд хийнэ. Өнгөрсөн хугацааны үнэ тариф харьцангуй буурч байна. Өнөөгийн нөхцөл байдалд зөвхөн зорчигч урсгалаас нийлүүлэлт нэмэгдэхээр үнэ буурах бус, дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан гол зардлын нэг болох шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 1 тонн шатахууныг 1200 орчим доллараар агаарын хөлөгт “сумлаж” байна. 2019 онд 680 доллар байсан. Хэдхэн хоногийн өмнө Европын зах зээлд илүү өндөр буюу 2000-3000 доллар хүртэлх үнэ ханштай болсон байна. Бид цаашдаа зорчигийн билетийг бүрдүүлж буй зардлын задаргаанд нэг бүрчлэн анализ хийж, үнэ буулгах боломжийг бүрдүүлнэ.
ОНГОЦНЫ ШАТАХУУН ХУДАЛДАН АВАХ ГАРЦЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Билетийн үнэ бүрдүүлдэг зардлын 30 хувийг шатахууны үнэ эзэлдэг гэсэн байна. Монголд билет үнэтэй байгаагийн нэг гол шалтгаан нь шатахууны үнэ болдог. Шатахуун үнэтэй байгаагийн шалтгаан нь ганц нэгхэн компанийн монополь байдалтай холбоотой гэх шүүмжлэл гардаг шүү дээ. Энэ асуудал цэгцэрч байгаа юу?
Монгол улсын өөрийн хэрэгцээ жилд 30 орчим мянган тонн байдаг. Үүний тал хувийг МИАТ компани хэрэглэдэг. Үндэсний шатахуун импортын компани зарим жижиг зах зээлийг сонирхдоггүй. Тодорхой хэд хэдэн компани энэ чиглэлийн бизнес эрхэлдэг.
Бид цаашдаа шатахууны импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Зөвхөн ОХУ-аас биш, БНХАУ-аас ч агаарын хөлгийн шатахуун импортлох боломж бололцоог өнгөрсөн хугацаанд судалсан. “Mongolian Aviation fuel” компани Замын-Үүдэд шилжүүлэн ачих байгууламж бариад дуусч байна. Энэ байгууламжийг ашиглан БНХАУ-аас агаарын хөлгийн шатахууныг импортлох боломж бололцоо бүрдэнэ.
Мөн сар гаруй хугацааны өмнөөс бид ОХУ-руу хоёр нислэг үйлдэж эхэлсэн. Тэнд шинэ зах зээл үүсгэх боломж харагдаж байна. ОХУ-ын иргэд Ази руу, Зүүн өмнөд Ази руу зорчиход Монголоор дайрч нисэх боломжтой. Агаарын тээврийн компаниуд судалгаа хийгээд ажиллаж байна.
НИСЭХ БУУДЛЫН БАГТААМЖТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ҮҮСЧ БАЙНА
“Ковид”-ын дараа Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад ороод, жигдэрч байна. Сүүлийн үед ачаа тээвэр буух нь их хойшилж байна. Манан их татдаг газар учир хэд хэдэн нислэг хойшиллоо зэрэг асуудлууд үүсэж байна. Эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Хөшигийн хөндийн нисэх буудлыг 15 жилийн хугацаатай, Японы консерциум /Япон менежиент/ үйл ажиллагааг нь хариуцаж байна. ИНЕГ-ын зүгээс нисэх буудлын аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих чиг үүрэгтэй. ИНЕГ-ын хоёр алба үйл ажиллагаа явуулж байна. Шатахуун хангамж болон аюулгүй ажиллагааг хариуцдаг. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ИНЕГ хамтран ажиллаж байна.
Нисэх буудлын багтаамжаас шалтгаалсан асуудлууд үүсч байна. Нисэх буудлын төсөл 2006-2009 оны судалгаанд үндэслэсэн. Тухайн үед Монгол улсын зорчигч урсгал жилдээ 500-600 мянга орчим байсан. Үүнийг ирэх 20 жилд нь тав дахин өснө гэж тооцоод, жилдээ 3 сая хүртэлх зорчигч хүлээж авах хүчин чадалтай нисэх буудал барьсан. Өнгөрсөн 2019 онд гэхэд л 1 сая 640 мянга болж байна. Өсөлтийг илүү тооцох ёстой байсан гэдэг асуудал үүссэн.
Нисэх буудал нь агаарын тээврийн компаниуд, газрын үйлчилгээний компаниуд, карго компаниуд, шатахуун хангамжийн компаниудыг нийлүүлээд цогцоор нь удирдан зохион байгуулж, найруулж байх үүрэгтэй. Энэ олон талын үйл ажиллагааг нийлүүлж, нэгтгэж, зохион байгуулалт хийх амаргүй ажил.
Зорчигчдын тав тухыг алдагдуулахгүй байх, ачааг хурдан шуурхай хүргэх талд анхаарч ажиллаж байна.
Богино хугацаанд шийдэгдэх асуудлууд ч байна. Зарим нь яах ч аргагүй нисэх буудлын багтаамж, хүчин чадалтай холбоотой асуудлууд байна. Энэ тал дээр бид төрийн хяналтын байгууллагуудтай нягт хамтарч ажиллаж байна.
ЦАР ТАХЛЫН ҮЕД НАВИГАЦИЙН ОРЛОГО 85 ХУВИАР БУУРСАН
ИНЕГ улсын төсөвт өнгөрөлтийн нислэг буюу навигацын орлогоосоо багагүй хэмжээний орлого төвлөрүүлдэг. Ковид болон Орос-Украины хямрал, нөхцөл байдлаас шалтгаалан энэ орлого буурсан. Үүнийг нэмэгдүүлэх ямар бодлого баримталж байна вэ? Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд агаарын замаа нэмнэ гэсэн зорилго тавьсан шүү дээ.
2019 онд Монгол улс дээгүүр 133 мянган агаарын хөлөг өнгөрч, навигацийн орлого 320 орчим тэрбум төгрөг төвлөрч, ИНЕГ-аас улсын төсөвт 156 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. “Ковид”-ын нөхцөл байдлын үед нислэг 60 хүртэлх хувиар буурсан. Өнгөрсөн онд гэхэд нийт 68 мянган онгоц Монгол улс дээгүүр өнгөрсөн. Энэ онд бид харьцангуй өөдрөг төсөөлөлтэй байсан ч олон улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар 2019 онтой харьцуулахад нислэг 85 хувиар буурсан байна. Ингэснээр навигацийн орлого мөн 85 хувиар буурна. ИНЕГ-аас улсын төсөвт төвлөрүүлэх орлого ч тасарч байна.
Нөхцөл байдал ийм байна гээд хүлээгээд суусангүй. Өнгөрсөн хугацаанд бид шинэ агаарын хаалга нээх, агаарын замууд нээх ажилд орсон. БНХАУ-тай шинэ агаарын хаалга нээх, үүнд шаардлагатай техникийн нөхцлүүдээ 100 хувь бүрдүүлсэн. БНХАУ-ын иргэний нисэхийн байгууллагатай хаалганы асуудал ярих шатанд явж байна.
Мөн дотоодын нисэх буудлуудыг олон улсын статустай болгох, агаарын боомтын тоог нэмэгдүүлэх, шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулсан үйл ажиллагааг хийж байна. Бид олон улс буюу бусад улс орнуудтай гэрээ хэлэлцээр хийх ёстой. Хамтарч ажиллах ёстой. Харилцан ашигтай үйл ажиллагааны санал тавьж байж тэднийг татна. Энэ үйл ажиллагаа хийгдэж байна. Богино хугацаанд үр дүн гаргахын төлөө хичээж ажиллаж байна.