Цар тахлын дараах эдийн засгийн сорилтод Монгол улс хүчин мөхөсдөж байна. Бараа, түүхий эдийн үнэ “тэнгэрт хадаж”, орлого муутай иргэд нь яах учраа олохгүй тэвдэж байна. Хил гаалийн гацаа, үнийн өсөлт ганц Монголын биш, дэлхий дахины асуудал болсон тул “Гарц нь энэ байна” гээд хэлчих, шууд шийдчих боломж тун хомс болов.
Цар тахлын сорилттой нүүр тулсан жилүүдэд хамгийн их хохирол амсаж буй салбар нь барилгынхан. Долоо хоногийн өмнө тонн нь 500 мянга даваад байсан цементийн үнэ өнөөдөр 700 мянгад хүрчээ. Ганцхан тонн цементийг бараг 1 сая төгрөгөөр авахдаа тулсан энэ үед улс орны томоохон бүтээн байгуулалтууд ч удааширч эхлээд байна. Тухайлбал, Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 километр авто замын ажил цементийн нийлүүлэлтээс болж удааширчээ. Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Дархан чиглэлийн замд ажиллах үеэрээ Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт замын бүтээн байгуулалтад шаардагдах цементийг тасалдуулахгүй, дараалал харгалзахгүй хангахыг даалгав. Ерөөс, өнөөдрийн нөхцөл байдлыг харахад, Засгийн газрын тэргүүнд ч цемент олдохооргүй тийм хомсдол үүсчээ. Хаашаа харах вэ хэмээн арга мухардсан өдрүүд үргэлжилж, одоогоор шийдэл гаргах хүн алга байна. Дотоодын хэдэн үйлдвэр нь нийлүүлэлтээ хангаж чадахгүй, хил нь гацаатай хэзээ хүртэл байхыг тааварлах арга одоохондоо алга.
Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс “Намраас нөхцөл байдал улам хүндэрлээ” хэмээн зарлав. Үнэнтэй нүүр тулах болсныг хүлээн зөвшөөрлөө.
Ийнхүү Монгол улс үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүй, төсөл хөтөлбөрүүдийнхээ санхүүжилтийг зөв салбартаа зарцуулж ирээгүйнхээ горыг өнөөдөр амсаж байна. Байнга айлаас царайчилж явсны балаг, урагшгүй бодлогын хор нь ингэж гарч байна. Цар тахал төр засагт “өнөө маргаашаа аргацаасан бодлогоосоо салахыг” сануулсаар…