Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны энэ сарын 20, 22-ны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмж, 10 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
Монгол улсын хэмжээнд уул уурхайн салбар уналттай байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар зочлох үйлчилгээ, ХАА, худалдааны салбарт сэргэлт бий болж байна.
Хилийн хязгаарлалттай холбоотой нүүрс, газрын тосны экспорт саарч, уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй ч худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар зэрэг уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сайжирч, эдийн засгийн өсөлтийг дэмжлээ.
Дэлхий даяар газрын тос , байгалийн хийн үнийн өсөлтийн нөлөө инфляцыг нэмэгдүүлж буй нь Монгол улсад ч мөн шууд нөлөөлж байна.
Жилийн инфляц энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд 15.1, Улаанбаатар хотад 16.2 хувьтай гарав. Шатахуун, хүнс, импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэмэгдсэнээс дотоодын шатахууны үнэ өссөн бол тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц, тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн 2 сард хурдтай нэмэгдэхэд нөлөөллөө. Гадаад инфляц, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж байна.
Сүүлийн 5 улирал дараалан агшаад байсан өрхийн хэрэглээ энэ оны 1 дүгээр улиралд сэргэж, дотоод эрэлт нэмэгдэв. Гадаад эрэлтийн төлөв, хилийн хязгаарлалтаас үүдэн уул уурхайн салбарын өсөлт энэ онд удаашрахаар байгаа бол цар тахлын хязгаарлалтууд суларч, дотоод эрэлт сайжирснаар уул уурхайн бус салбарын сэргэлт үргэлжлэхээр байгаа.
Цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй доголдол, олон улсын харилцааны нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч мөнгөний бодлогын дараагийн ажлыг хэрэгжүүлнэ гэж Монгол банкнаас мэдээллээ.