Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цахим сүлжээгээр худал мэдээлэл тархсан гэж үзэн Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар иржээ.
Энэ талаар тэрбээр "Монгол Улсад жишиг болж өөрийгөө шалгуулахаар ирлээ. Бусад хүмүүс бас ингэж шалгуулдаг, үнэнээрээ байгаасай. Намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол хийсэн гэх хуурамч мэдээлэл гарсан.
Шалгах байгууллага нь шалгадаг болохоос хэн нэгэн хэвлэлээр хүнийг ялладаггүй юм. Ер нь аливаа шинэ зүйлийг санаачлаад хийхэд нөгөө талд нь хойш нь татах гэсэн ийм хүсэл сонирхолтой гадны гар хөл болсон олон хүмүүст байдаг юм байна. Аймгийн өмчтэй холбоотой асуудлыг Иргэдийн хурал шийддэг. Аймгийн засаг дарга энэ асуудалд ямар ч хамааралгүй байдаг.
1,6 тэрбумаар компьютер авсан. Хоёр сая төгрөгөөр бэлэг авсан. Land Cruiser машиныг сая төгрөгөөр хувьчилсан. Энэ болгоныг намайг хийсэн юм шиг хэвлэл мэдээллээр яваад байгаа учраас өөрийгөө шалгуулах гэж байна. Яагаад Говь-Алтайд болж байгаа муу болгоныг надтай холбоод байдаг юм бэ. Би хоёр дахь удаагаа Говь-Алтай аймгийн засаг даргаар ажиллаж байна. Тиймээс энэ хугацаанд гаргасан бүх тушаал шийдвэрээ шалгуулахаар ирлээ" гэлээ.