Мал эмнэлгийн салбар, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Монгол улсын малын гавьяат эмч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.
“Монголчууд махандаа хордож байна уу?” гэх асуудлыг сүүлийн хэдэн долоо хоног хүчтэй ярьж байна. Бид яг ямар мах идээд байна вэ?
“Мах эрүүл үү?” гэдгийг ярихаас өмнө мал эмнэлгийн салбарын тухай ярих хэрэгтэй болно. Монголчуудын хүнсний, махны аюулгүй байдлыг хариуцдаг салбар нь мал эмнэлэг. Харамсалтай нь, энэ салбар үүргээ биелүүлж чадахгүй болчихсон байна. Үүний нэг л жишээ нь саяхан Эмээлтэд гарсан асуудал шүү дээ. Малчин хүн малаа нядлаад, хүнсэндээ хэрэглэх нь нэг хэрэг. Харин нийтийн хэрэгцээнд оруулж байгаа мах аюулгүй байдлын тодорхой шаардлагагыг заавал хангасан байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ шаардлага алдагдаж, хаа сайгүй аюултай мах худалдаалж байна.
МОНГОЛ МАЛЫН 99 ХУВЬ НЬ ЭРҮҮЛ. ГЭВЧ…
Мал нь өвчтэй байна уу, эсвэл бэлтгэх явцад эрүүл бус болчихоод байгаа хэрэг үү? Аль нь давамгайлж байна вэ?
Монголын мал бүгд өвчтэй юм байна л гэцгээдэг. Гэтэл малчны хотонд байгаа малын 99,9 хувь нь эрүүл. Үүнийг би баттай хэлж чадна. Харин хадгалалт тээвэрлэлт, мах бэлтгэлийн шатандаа эрүүл бус болж хүрээд байна. Вакцин, эмийн замбараагүй хэрэглээнээс болж мах эрүүл бус болж байна. Хадгалалт тээвэрлэлт, гарал үүсэл гээд л бүгд асуудалтай.
УЛААНБААТАРТ ХУДАЛДААЛЖ БАЙГАА МАХ ЯМАР Ч БАТАЛГААГҮЙ
Хот руу мал, мах мах оруулахад гарал үүслийн бичиг шаарддаг. Бас шинжилгээ авдаг шүү дээ. Үүнд итгээд л бид махаа авч иддэг. Гэтэл баталгаагүй болж таарч байна уу?
Таны худалдаж авч байгаа махыг Архангангайгаас авчирсан уу, Увсаас уу, аль эсвэл Дорнодоос бэлтгэсэн үү гэдэг тийм чухал биш. Хамгийн гол нь, тэр маханд эмийн үлдэгдэл бий юу, эрүүл үү гэдэг нь л чухал байхгүй юу. Шинжилгээний бичигтэй л гэцгээдэг. Гэтэл хот руу оруулж ирээд авч байгаа тэр шинжилгээ чинь ямар ч найдваргүй. Махны эрсдэлийг халдварын болон хорны гэж ангилж болно. Халдвартай юу, хортой юу гэдгийг нь хөлдүү махнаас дээж авч тогтоодоггүй юм шүү дээ. Шарсан хайрсан, буцалгасан, хөлдөөгөөд аччихсан гулуузнаас шинжилгээ аваад юу ч илрэхгүй. Баталгаа муутай. Товчхондоо, нэгэнт оройтсон гэсэн үг.
Мал, мах эрүүл үү гэдгийг тухайн малыг амьд байхад нь л шинжилж мэддэг эд байхгүй юу. Бүр хэдэн сарын өмнөөс тогтоодог тогтолцоо. Түүнээс биш нэг машин дээр 500 гулууз аччихаад л “Энэ бол аюулгүй” гээд суугаад байж болохгүй. Малын эмч өнөөдөр эрүүл гээд л гарын үсэг зураад явуулчихдаг.
Хоолны газруудаар орохоор бүгд л адууны махтай, үхрийн махтай хуушуур зарж байна гэцгээдэг. Гэтэл ямааны мах хаачсан бэ? Жилд нядлагдаж байгаа 8 сая ямаа хаачсан бэ гэж асуумаар. Энэ бүхэн чинь хууран мэхлэлт шүү дээ. Юу нь тодорхойгүй хүнс идсээр байна шүү дээ, бид.
ФОРМАЛЬДЕГИД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ МАШ ХОРТОЙ БОДИС
Хадгалалтын явцад мах “хортой” болж байна гэж та хэллээ. Махны үйлдвэрүүд ер нь ямар нөлөөтэй бодис хэрэглэж байгаа талаар та тайлбарлаж өгөхгүй юу. Жишээ нь, саяхан Эмээлтийн махны үйлдвэр формальдегид ашигласан л гэж байна. Энэ бодис яг ямар хор нөлөөтэй вэ?
Маш хортой, аюултай, бодис. Бид ярианы хэллэгээр формалин гэж гэдэг. Формальдегедийн 38-40 хувийн уусмалыг “формалин” гэдэг. Үүнийг “Inactivated vaccine” буюу идэвхгүйжүүлсэн вакцины найрлаганд ашигладаг байсан. Одоо хориглочихсон. Хорт хавдарт үүсгэгч бодис. Мах өмхийрнө гэдэг нь дотор нь бичил биетүүд нь ороод үржчихэж байгаа л хэлбэр шүү дээ. Гэтэл дотор нь ийм бодис хийчихээр муудахаа больчихдог. Шинээрээ л юм шиг байгаад л байна. Мууддаггүй. Шууд үхэлд хүргэдэггүй учраас л бид мэдэхгүй хортой мах хэрэглээд байна.
Барж идэхгүй, мэрж иднэ гэх үг бий. Монголчуудыг дотроос нь аажмаар устгах гадны захиалга байхыг ч үгүйсгэхгүй. Жилд 4-5 мянгаараа, өдөрт 15-20 хүн хавдраар нас барж байна шүү дээ. Энэ бол хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой.
Өнөөдөр хүнсэнд хэрэглэж байгаа махаа яаж сонгох вэ гэдэг болгоомжлол Улаанбаатар хотын иргэдийн дунд байна?
Одоохондоо болж л өгвөл хөдөө орон нутгийн ах дүүсээсээ махаа авах хэрэгтэй. Эсвэл хотын захаас амьд мал авсан нь дээр. Тэр нь арай эрүүл байх магадлалтай. Нөөцийн мах гэж нэрлэсэн, хониных уу, ямааных уу гэдэг нь мэдэгдэхгүй юм аваад дэмий.
Би яагаад худалдаанд маханд итгэж болохгүй гээд байна вэ гэхээр, үүнд хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн ноцтой шалтгаан нь, Монгол улсад худалдаалж байгаа махыг мэргэжлийн бус хүмүүс шинжилж гарын үсэг зурж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид даатгаад юу ч өөрчлөгдөхгүй. Тэд мах эрүүл гэж дүгнэлт гаргах боломжгүй, чадваргүй хүмүүс.
Манай улс гадагшаа мах гаргана гээд л ярьдаг. Энэ баталгааг мэргэжлийн хяналтынхан гаргадаг. Гадныхан “Монгол улс юуг үндэслэж, манай улс руу мах нийлүүлэх гэж байна вэ” гээд асуухаар хариулах эзэн олдохгүй. Нөгөө байцаагчид нь хариулж мэддэггүй. Уг нь, малын эмч нь ирээд тайлбараа өгч байх ёстой. Ийм ийм шаардлагад үндэслэж бид мах нийлүүлнэ, шаардлагатай бол ийм шинжилгээ хийнэ гээд зогсож байх учиртай юм. Гэтэл ямар ч мэдлэггүй, зүгээр нэг мэргэжлийн бус хүмүүс экспортын зөвшөөрөл өгөөд зогсож байхад гадныхан яаж итгэх юм бэ? Дундаас нь хуурамч сертификат бичиж өгдөг хүмүүс байна шүү дээ гэж хэлээд л буцчихна шүү дээ. Үүнийг Засгийн газар, УИХ, яам нь ойлгодоггүй.
“ИВОМЕК”-ИЙГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭСНЭЭС БОЛЖ ХОРДОЖ БАЙНА
Малчид малдаа дур мэдэн тариа хийдэг. Үүнээс болж хүнсний аюулгүй байдал алдагдах боллоо гэж ярьдаг. Малын эм тэгтлээ зах замбараагаа алдчихсан, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихсэн хэрэг үү?
Малын эм маш замбараагүй зарагдаж байна. Үүнийг төр засаг бүр хөхиүлэн дэмжиж байна шүү дээ. Ганцхан Ивомекээр л жишээ авъя. Энэ эмийг малчид хаанаас ч аваад л малдаа тарьж байна. Уг нь малд ивомек тарьснаас хойш 28 хоногийн дараа махыг нь хэрэглэж болно гэсэн заалттай. Энэ бол бие махбодиос нь тариа бүрэн гадагшлах хугацааг хэлж байгаа юм. Гэтэл Ивомек тариулсан малын мах, сүүг 7 хоногийн дотор хэрэглэж болно гэдэг стандартыг Малын эмийн зөвлөлөөс баталчихсан. Энэ зөвлөл ХХААХҮЯ болон Мал эмнэлгийн Ерөнхий газрынхнаас бүрддэг.
Сүүлийн 30 жилд энэ эмийг маш замбараагүй хэрэглэсэн. Монголчууд хорт хавдраар хэдэн мянгаараа үхэж байгаагийн шалтгаан энэ ч байж мэднэ. Ходоод, элэг гэмтээдэг тариа шүү дээ. Монгол улс хүнсний аюулгүй байдал талдаа дампуурсан орон гэдэг асуудал өмнөх Ерөнхийлөгч АНУ-д айлчлах үеэр хөндөгдөж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан шүү дээ. Энэ бол 100 хувь, гарцаагүй үнэн.
Малын махан дахь хор, хүнсний аюултай байдлын тухай огт ярихгүй байна. Хордоод үхэхийг л хордлого гэж ойлгоод байна. Аажмаар, бие махбодиос чинь дотроос хордуулж үхүүлж байгаа асуудлыг анзаарч өгөхгүй байна. Дөжирчихөөд байна. Энэ бол Монгол улсын мал эмнэлгийн салбарын хариуцлагагүйн илрэл. Малын махан дахь эмийн үлдэгдлийг уг нь хянаад явах бүрэн боломжтой. Гэвч төр нь “хор”-ны наймааг дэмжиж байна шүү дээ.
Хэдэн жилийн өмнө манай эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан хүн хэлж байсан юм. Монголд 50 төрлийн ивомек байна гэж ярьж байна лээ. Ихэнх нь урд Эрээний байшингуудын подвольд үйлдвэрлэгдсэн байгаа юм. Дэлхийн зах зээлд 1 литр ивомекийн үнэ 100 мянган төгрөг байхад манайд 20-30 мянган төгрөгийн л үнэтэй байна. Энэ бол хуурамч эм зарагдаж байгаагийн илрэл шүү дээ. Энэ бол гамшиг.
ӨВЧИН ЗОРИУДААР ТАРААЖ, ВАКЦИН “ШАХДАГ” БҮЛЭГЛЭЛ МОНГОЛД БАЙНА
Монгол улс шүлхийндээ баригдлаа. Вакцинжууулаад ч үр дүнгүй байна гэцгээж байна. Малын гол халдварт өвчнийг хумих үр дүнтэй арга нь юу юм бэ? Эргээд л вакцины үлдэгдэлтэй махыг бид идэх болж байна уу гэдэг айдас байна?
Малаа эрүүлжүүлнэ гээд л вакцин шахдаг байдал хэрээс хэтэрлээ. Шинжлэх ухааны үндэслэлгүй гаж тогтолцоо 30 жил явлаа. Ямар малыг эрүүлжүүлэх юм. Мал нь эрүүл байхад л учир зүггүй вакцин, эм шахсаар л байдаг.
Вакцин бол эмчилдэг биш, сэргийлдэг бүтээгдэхүүн. Өнөөдөр бүх салаа туурайтан амьтан өвчилчихсөн байгаа. Шүлхий гарлаа гээд л вакцин татаж байна. Гэтэл 12 сая тун вакцин авч, зургаан мал тутмынхаа нэгийг л тарьж байна шүү дээ. Нэг малчны хотонд очиход 100-г нь тариад, 500-г нь үлдээж болохгүй. Ингэж оронцоглоод ямар ч нэмэргүй. Мөнгөний л гарз.
Шүлхий өвчинг эмчлэх эм гэж байдаггүй. Гэтэл хаанаас, хэний захиалгаар оруулж ирсэн юм бүү мэд. “Энэ цагаан тариаг, антибиотикийг малдаа тариарай” гээд өнгөрсөн өвөл малчдад баахан сурталчиллаа. Малчид ч их авч малдаа тарилаа. 3-7 сая төгрөгийн эм авч тарьсан малчид над руу ярьж л байсан. Хаанаас авчирсан, ямар хөнөөлтэй бодисыг малд тариад байна вэ гэдэг нь тодорхойгүй. Тэр цагаан тариа гэгчийг шүлхий дэгдэх үед тарьдаг эм гэж хэн хэлэв ээ. Яагаад эмийн бүртгэлд оруулав аа. Малчдыг эдийн засгийн сүйрэлд оруулж, мах сүүг нь хордуулахад хэн хүргэв ээ гэдгийг шалгамаар байна. Үүний цаана хуйвалдаан байна. Эм вакцины мафи байна гэж би хэлээд л байгаа юм.
Малын өвчинг зориудаар тараачихаад эм шахдаг бүлэглэл бий боллоо гэж та өмнө нь хэлж байсан?
Биотерроризм гэж хэлдэг шүү дээ. Вакцин, эмийн наймаа нь цаагуураа мөнгөний асуудалтай холбогдож байна л даа. Халдвар тараачихаад вакцин шахдаг тогтоцлоо бий болчихсон нь нууц биш. Монголд вакцин мэддэггүй хүн ч байхгүй болчихлоо. Нэг айлын 100 үхрээс нэг нь өвчилсөн бол бүх үхэр л шүлхийтэй болсон гэсэн үг. Гэтэл ялгаж тарьж оромдчихоод вакцинаа шахаад л байна. Өвчин нь даамжраад л байна. Энэ бол биотерроризмийн гамшиг хэлбэр мөн биз дээ. Энийг дааж давж гарахад хэцүү. Зориудын халдвар тараах буюу хорлон сүйтгэх үйл ажиллагаа мөн байгаа биз дээ.
ГАНЦХАН УЛСААС МАЛЫН ВАКЦИН АВАХЫН ЦААНА ЯМАР АШИГ СОНИРХОЛ НУУГДАЖ БАЙНА ВЭ?
Манай улс ганцхан улсаас малын вакцинаа авдаг. ОХУ-аас хэт хамааралтай гэдэг шүүмжлэл ч бий?
2016 онд 60 тэрбумын асуудал яригдсан шүү дээ. Энэ үед би МАН-ын 60 тэрбумын 13 тэрбумыг нь малын вакцины наймаанаас гаргасан байна гэж өдөр тутмын сонинд бичиж байлаа. Тухайн үед буюу 2016 оны 8 сарын 31-ний өдөр Засгийн газар 71-р тогтоол батлаад, нийт 13,9 тэрбум төгрөгийг гурван компанид хувааж өгсөн байдаг юм.
Ер нь малын эм бэлдмэлээр мөнгө олохдоо эрх мэдэлтнүүд хуульдаа өөрчлөлт оруулчихдаг юм байна. Жишээ нь, тендерийн тухай хуульд вакциныг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж авч болно гэсэн заалт оруулчихсан байна. Үүнийхээ дагуу л ОХУ-аас вакцинаа аваад байна.
Нэг улсаас вакцин авах нь ямар ч харьцуулалтгүй маш бүрхэг асуудал. Тэр вакцин сайн юм уу, муу юм уу, бүү мэд. Яагаад гэвэл, Монгол улс үүнийг шалгах чадваргүй.
“Манайх шалгаж байгаа гээд л ярьцгаадаг л юм. Яаж вэ гэхээр “Тарьсан үхрээс цус авч шинжилдэг гэдэг. Эрдэмтэн гэгч нөхдүүд нь, яамныхан нь ийм юм яриад л, УИХ-ын гишүүд нь итгээд л сууж байна лээ. Ингэж шинжилдэг шинжилгээний тогтолцоо дэлхийд байхгүй. Ийм судлаачидтай орон хаана ч байхгүй. Үүний цаана захиалга байна. “Сайн гээд тайлбарлаад ятгачихвал Монголчуууд дахиад л вакцин аваад байх юм байна” гэсэн бодолтой мафийн тогтолцоо бий болчихлоо. Ийм мафи байгаа учраас л нэг улсаас аваад байна. Гэтэл хэрэглэсээр байтал л шүлхий нь тарлаа. Давтан тариад л байна.
Дэлхий дээр 7 хэвшлийн шүлхийн вакцин бий. Гэтэл нийцэж байгаа эсэхийг тодорхойлох “VACCINE MATCHING” гэдэг зүйлийг олон улсын лабораторид шинжлүүлчих бүрэн боломжтой байхгүй юу. Гэтэл эрхтэн дархтнуудад тийм сонирхол байхгүй.
ЭРҮҮЛ МАЛД ЭМ, ВАКЦИН ТАРЬЖ ХОРДУУЛДГАА ЗОГСОО!
Та ярианыхаа эхэнд Монгол малын мах эрүүл байна гэсэн. Мал нь өрөө эрүүл юм бол элдэв янзын бодис хэрэглэхгүй бол болох юм бишүү?
Яг үнэн. Эрүүл малд эм вакцин битгий хэрэглээч гэж би дандаа хэлдэг. Монгол мал бол гайхамшигтай эрүүл, цэвэр мал. Малчны хотонд байгаа мал зэрлэг амьтан хоёр адил шүү дээ. Яг л зэрлэгээрээ л байгаа. Ийм цэвэр мал хөгжсөн орнуудын хаана ч байхгүй дээ. Хамгийн багадаа 40-50 төрлийн эмийн ургамал иднэ шүү дээ. Монголын малын мах булчин нь цэврээрээ хөгжчихсөн. Холестрин багатай мах. Гэтэл биш гадны малынх шиг мах өөх нь алагладаггүй гээд л голоод байдаг.
Зөвхөн малын эм тариа гэлтгүй Монгол улсад хүнсний аюулгүй байдал элдэв янзын нэмэлт бодисоор дамжин алдагдаж байна гэж их ярих боллоо?
Гахай тахианы аж ахуй тэжээл дээрээ антибиотик нэмээд хэрэглэдэг шүү дээ. Хэдэн сарын өмнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын малчин надтай ирж уулзлаа. Тариа будаанд болцыг нь гүйцээх зорилгоор хор хэрэглэдэг юм байна. Ургацаа хураагаад, сүрлээ хаяхад түүнийг нь идсэн мал үхчихээд байна гэж байгаа байхгүй юу. Тэр буудайгаар хийсэн гурил гурилын үйлдвэрт ирнэ. Хүний эрүүл мэндэд нөлөөлнө. Урдаас орж ирж байгаа нарийн ногоо ч эрүүл гэхийн баталгаа байхгүй. Яг ийм байдлаар хүнсний аюулгүй байдал хаа хаанаа алдагсдан. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихлээ шүү дээ.
УХАМСАР АМТАНД УУСАЖ АЛГА БОЛЛОО
Доктор Г.Лхагваа гэж хүн хэлсэн байдаг шүү дээ. Ухамсар амтанд уусаж алга боллоо гэж. Бид “Амттай байна уу” гээд л идээд л байна. Түүний цаана юу агуулагдаж байгааг мэдэх юм алга. Монголын ирээдүй цаашид оршин тогтнох уу гэдэг асуудлыг хоёулаа хөндөж ярьж байна шүү дээ.
МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАР ДАМПУУРЧИХСАН
Мал эмнэлгийн салбар Монгол улсын хүнсний аюулгүй байдлынг хариуцдаг. Гэвч үүргээ биелүүлж чадаагүйгээс л ийм байдалд хүрчээ?
ХХААХҮЯ, Мал эмнэлгийн Ерөнхий газар ямар ч хяналт тавихгүй, зөвлөмжөөр хангахгүй байгаа учраас л ийм байдалд хүрч байна. Энэ завхрал гэнэт нэг өдөр гэнэт бий болсон юм биш. Монгол улсад мал эмнэлэг 1923 онд анх байгуулагдсанаас хойш буюу социализмийн 70 жил, ардчиллын гэгдэх 30 жилд ийм л байдалтай явж ирлээ.
Мал эмнэлгийн салбарын бодлого,түүнийг хэрэгжүүлж байгаа төр засгийн брдлого шийдвэрээс болж мал мах эрүүл бус болж байгааг би олон жил ярилаа. Үүнийгээ засаач гээд л хэлдэг. Малын эрүүл мэнд гэхээр л мал өвчлөөд зовох тухай гэж ойлгодог. Гэтэл гол уршиг нь малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулаад, нийгмийг "алаад" байна шүү дээ. Улс орны эдийн засгийг хорлоод байна. Малчин хүний амьдралын түвшинг бууруулаад байна, бэлчээр сүйтгээд байна.
Дэлхий дээр “Нэг дэлхий- нэг эрүүл мэнд” гэсэн концепци хэрэгжээд олон жил болж байна. Үүний хөтөч, манлайлагч нь мал эмнэлгийн салбар байх ёстой. Өөрөөр хэлбэл, орчны эрүүл мэнд буюу Environmental health, мал амьтны эрүүл мэнд буюу “animal health”, Хүний эрүүл мэнд буюу “Human health” гурав нэг циклд багтдаг. Үүнийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй байгаа юм.
БИОКОМБИНАТЫГ ЗОРИУДААР УСТГАХ ГАДНЫ ЗАХИАЛГА ХЭРЭГЖИЖ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Та “Гаднаас чанаргүй эм, вакцин аваад байна. Малаа улам өвчлүүлээд, хүнсээ хордуулаад байна” гэлээ. Гэтэл Монголдоо вакцин үйлдвэрлэх ажил яагаад урагшилдаггүй юм бэ? Хамгийн сүүлд л гэхэд, шүлхийн вакцины төсөл хэрэгжээд, дотооддоо гаргаж авсан гэдэг. Гэхдээ үр дүнтэй юу, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой юу гэдэг нь тодорхойгүй байсаар л байна шүү дээ?
Энэ жил л гэхэд вакцинжуулалтад 30 гаруй тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд өгөөч ээ гэж зөндөө л ярилаа. Яагаад гэвэл, би дотоодын вакцины үйлдвэрлэлийг 14 жил, цехийн үйлдвэрлэлийг 7 жил удирдсан хүн байхгүй юу. Технологичоос нь эхлээд л ажилласан. Гэвч вакцинаа дотооддоо гаргаж авъя, ажлаа урагшуулъя гэхээр төсөл хөтөлбөрийг нь эрдэмтэн мэргэн гэх худлаа нэр барьсан хүмүүст өгчихдөг. Шинэчлэлийг нь гацаагаад зогсоочихдог. Яагаад гэвэл гаднаас вакцин зөөж байх нь л тэр хүмүүст ашигтай байна шүү дээ. Өвчин гарахыг ч өөрсдөө мэддэг болчихлоо. Ийм тийм өвчин гарах эрсдэлтэй байна шүү гэж анхааруулж байгаад л вакцин шахдаг. Наймаа хийдэг.
2008-2009 оны үеэс л бид Унгар улстай хамтарч Биокомбинатын шинэчлэлийг эхлүүлсэн. Гэтэл өнөөдөр хоёр улс ойлголцох боломжгүй болоод л ажил нь зогсчихсон байна.
1973 онд Унгар улсын тусламжаар шинэчлэгдэхэд л Биокомбинат дэлхийн жишигт хүрчихсэн юм билээ. Шинэчлэл үргэлжлээд явах ёстой байсан ч наймаачид, хулгайчдын бүлэглэлийг удирдлагаар нь аваачиж тавиад зогссон. Ингэхээр үйлдвэрлэл ч байхгүй шинжлэх ухаанч байхгүй, мэргэжилтэй боловсон хүчин ч алга болсон.
Малын арьс товруутах гэдэг огт гарч байгаагүй өвчин өнгөрсөн намар гараад л ирлээ шүү дээ. Дулаараад ирэхээр дахиад гарах магадлалтай. Түүний вакциныг ч Монголд үйлдвэрлэх бэлтгэлийг хангах хэрэгтэй шүү дээ. Гэтэл ямар ч оролдлого алга.
Мөнгөний ашиг сонирхлоос гадна, улстөржилт нөлөөлөөд байна уу?
Аль аль нь байна. Би яагаад вакциныг цөмийн зэвсэг гэж бичээд байдаг вэ гэвэл вакцин хийж чадаж байгаа улс орнууд өнөө цагт хамгийн хүчтэй байна шүү дээ. Биотерроризмийн асуудал дэлхийн гамшиг болчихлоо. Би хүн эмнэлгийн вакциныг чинь хийгээд өгчихье гэж хүртэл хэлж байсан удаатай. Ийм сайхан бааз суурь, үйлдвэрийг Засгийн газар, төрийн оролцоотойгоор устгаж байгаад харамсаад байдаг юм. Хөгжүүлэх биш, устгах тийшээ явуулаад байна. Удирдлагуудыг нь сүүлийн гурван жилд бараг 6 удаа солилоо. 7 дахь даргыг нь саяхан томилсон байна. Энд бас нэг ноцтой шалтгаан байгаа юм.
Ямар?
Гадны заавар зөвлөмж ирж байхыг ч үгүйсгэхгүй гэж бодож байна. Монголын “Биокомбинатыг нь устгаад өг. Ингээд өвчин тараагаад газар нутгийг нь эзэлж авъя. Малчид нь хотдоо бөөгнөрөөд, уул уурхайг нь эзэлъя гэсэн санаархал ч явж байж мэднэ. Гадаадынхан Монголын байгалийн баялагт л шунаж байна шүү дээ. Ийм юм байж магадгүй гэж харддаг.
МАЛЫН ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН БОДЛОГО БУРУУ ЯВЖ ИРСЭН
Төрийн шийдвэр хуулиндаа асуудал нь байна уу, эсвэл мэргэжлийн боловсон дутмагаас үүдэж ийм нөхцөл байдал үүсээд байна уу?
Ерөөсөө Монгол улсын мал аж ахуйн салбарын бодлого дандаа буруу гарч ирсэн юм байна лээ. Шинжлэх ухаанаасаа зөрж ирсэн гэсэн үг. Энэ салбарыг 1923-1993 оны хооронд дүрмээр зохицуулж ирсэн. Улмаар, 1993-2018 оны хооронд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль баталж, зохицуулсан. Харин 2018 оноос энэ хууль шинэчлэгдэгдээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль гээд явж байна. Өнгөрсөн 25 жилд хуулийн зорилго нь гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэнд, удмын сантай холбоотой харилцааг зохицуулна гэсэн л агуулгатай явж ирсэн. Хүнс, нийгмийн эрүүл мэнд, худалдааны чөлөөт байдлын баталгаатай байдал, амьтны амар амгалан байдал гээд Мал эмнэлгийн үндсэн үүргүүд бүгд орхигдсон. Социализмийн үед мал эмнэлгийн үүргийг “..тоо толгойг сайжруулах, бүтээгдэхүүний гарцыг сайжруулах, чанарыг сайжруулах гэх мэтээр тусгасан байдаг. Гэтэл эдгээрийн аль нь ч мал эмнэлгийн үүрэг биш шүү дээ. Хууль тогтоомж нь ч нүдээ олоогүй, улстөржсөн, мөнгөний хойноос улайрсан хүмүүсийн хөлд Монголчуудын эрүүл мэнд аюулд орж байна.
Цаашид мал эмнэлгийн салбарын гажуудсан тогтолцоог хэрхэн засах шаардлагатай гэж та харж байна вэ?
Энэ салбар хөгжих ирээдүйгүй болчихсон байна. Мэргэжилтнийг нь бэлтгэдэг ХААИС нь дампуурчихсан байна. Эрдэм шинжилгээ нь зогсонги байдалд орчихсон байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд нь шинжлэх ухаанаа мэддэггүй, хуурамч цол хэргэмтэй хүмүүсээр дүүрчихсэн байна.
Өнөөдөр 21 аймгийн 331 суманд 985 мал эмнэлгийн салбар нэгж байна. Төгсөгчид нь чадваргүйдээ очихгүй байна. Бас биеийн амрыг хараад, мөнгө хөөсөн ажил хийж байна. Бүх ажил боловсон хүчнээс л эхэлдэг. Тиймээс энэ салбарыг аврахын тулд боловсон хүчнийг л шинэчлэх хэрэгтэй байна.
Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал бол Төрийн бодлого хэрхэн хөрсөн дээрээ буудгийн илрэл гэж та өмнө нь шүүмжилж байсан. Төрийн бодлогын уялдаа холбооны тухайд та юу хэлэх вэ?
Өнөөдөр “Уул уурхай чамд ямар хамаатай юм бэ, тэнэг малын эмч ээ” гэж ярьж болохгүй. Яагаад гэвэл, малын эрүүл мэнд бол бидний эрүүл мэнд гэсэн үг. Энэ бүхэн хүрээлэн буй орчноос л шалтгаалдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Төр засаг бодлогоо уялдуулж гаргах ёстой.
ХОЙД СОЛОНГОС ШИГ ДАРАНГУЙЛЛЫН ТОГТОЛЦОО РУУ ЯВЖ БАЙНА
Өнөөдөр Монголчууд бүгдээрээ айсан, хумсаа нуусан байдалтай болжээ. Уулзахаар “Нэг л биш ээ гэж ярих мөртлөө түүнийгээ ил хэлдэггүй. Нийгмээрээ айдаст автчихсан байна. Дарга үг хэлэхээр л уйлаад л алга ташдаг Хойд Солонгос маягийн тогтолцоо руу явуулж л, “амар сайханда жаргуулах” гээд байна. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлт гээд л ярьж байна. Энэ чинь дарангуйлал руу явахын нэг бэлтгэл шүү дээ.
Чухал салбарт дуу хоолойгоо хүргэдэг, төрийн захиргааны чиглэлээр судалгаа хийдэг судлаачийн хувьд хэлэхэд, эрх баригч намын эргэж буцсан, уймраа чавганц шиг байдал хэрээс хэтэрлээ. Төр бодлогоо урт хугацаагаар харж чадахгүй байна. Томоохон үйлдвэржилтийн бодлогыг ядаж 50 жилээр хардаг болмоор байна. Хөдөө аж ахуйн технологийг яаж хөгжүүлэх тухай бодлогодоо огт тусгахгүй байна. “Алсын хараа 2050” гээд л баталсан. Үүнд нь мал эмнэлгийн бодлого хаашаа чиглэх тухай огт байхгүй. Арьс ширний үйлдвэр байгуулна гэх мэтийн л юм ярьж байна. Засгийн газрын үйл ажиллагаа салбаруудын эрх ашигт нийцэхгүй байна. Мал эмнэлгийн талаар өчүүхэн ч ойлголтгүй 76 гишүүн нийлж суугаад л салбарын хууль тогтоомжийг баталж байна шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.