“Чи хаана вэ?” /Чи хаана байна?/
/Би гэр байна/, /Би гэртээ байна?/
Энэ бол сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн сурагчдын бичгийн хэлбэр, бас чадвар. Сонсдог, ярьдаг хүнтэй энэ байдлаар харилцахад ойлголцооны хувьд том зөрүү үүснэ гэсэн үг. Энэ зөрүү тэднийг нийгмээс тусгаарлах, өөртөө итгэх итгэлгүй болгох, бүр цаашлаад ирээдүйдээ үнэмшихгүй нөхцлийг бий болгож, тэдний цаашдын амьдралд дөнгө тушаа болох хэмжээний том асуудал юм.
Ийм байдал үүсэх нөхцлийг манай боловсролын тогтолцоо бий болгож байгааг багш нар хэлж байна. Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн эх хэл бол дохионы хэл гэдгийг бүгд мэддэг атлаа, долоо хоногт ганцхан цаг дохионы хичээл орох хөтөлбөртэй байна гэдэг нь, төр тэднийг тоодоггүй, хөтөлбөр нэрээр ХЭЛБЭРТЭЖ буй жишээ гэж хэлж болмоор. Энэ аргацаасан байдал дундаас, дээр бичсэн шиг бичгийн чадвар эзэмшинэ гэдэг хүүхдүүдийн хувьд чамлалтгүй амжилт.
Сурагчид уншиж чаддаггүй, уншлаа ч агуулгаа ойлгодоггүй төгсөж байгааг тухайн сургуультай шууд холбож, буруушаах нөхцөл байхгүй. Учир нь, 29 дүгээр сургуулийн багш, удирдлагууд ч өөрсдөө боловсролын тогтолцоо муу, хөтөлбөр төлөвлөгөөгөө сайжруулах шаардлага буйг хэлж байна.
СОНСГОЛГҮЙ ХҮҮХДЭД ХИЧЭЭЛИЙГ НЬ ЗААХ ЧАДВАРЛАГ БАГШ ХОВОРДСОН
Энэ талаар 29 дүгээр сургуулийн сургалтын менежер Д.Доржпүрэв ярихдаа “Сургуулийн зүгээс яаманд хөтөлбөртэй холбоотой саналаа тавьсан. Дохионы хэлний цагийг нэмэгдүүлээд, ядаж хоёр цаг ордог болгож өгөөч ээ" гэсэн юм. Ингэхэд салбарын яамнаас Боловсролын тухай хууль өөрчлөгдөх буюу 2024 он хүртэл хүлээж байгаарай гэдэг байдлаар хариулж байна.
Сургалтыг үр дүнтэй болгоход хичээл, практикийн зардал шаардлагатай. Ялангуяа, тусгай хэрэгцээт сургууль шүү дээ. Хоёр жилийн өмнө хичээл практикийн зардалд сая гаруй төгрөг төсөвлөдөг байсан. Сүүлийн хоёр жил сар бүр сая төгрөг тавигдаж байна. Энэ мэдээж сайжирсан хэрэг боловч, бүхэл бүтэн тусгай хэрэгцээт хүүхдүүд боловсрол эзэмшихэд хангалттай хэмжээний мөнгө биш.
Мөн шинэ боловсон хүчний дохионы хэлэнд анхаарах систем нь байхгүй. Ямар ч хүүхэдтэй ойлголцоод, хичээлийг нь заах хэмжээний багшаар дутмаг болж байна гэсэн үг” гэлээ.
Улсын хэмжээнд, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд 29 дүгээр сургуулийг л зорьж орон нутгаас ирдэг. Гэвч боловсрохоор ирж буй эдгээр хүүхдүүдийн ердөө 70 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн байдаг байна.
ХҮҮХДҮҮДИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫГ, ДОХИОНЫ ХЭЛГҮЙ БАГШ ТАВЬЖ БАЙНА
Суурь боловсрол, сурах арга барил тухайн хүүхдийг насан туршид нь хөтөлнө. Бид 29 дүгээр сургуулийн захирлаас сурвалжилга хийх зөвшөөрөл авч байх үеэр багш нар, “Нэгдүгээр ангийн хүүхдэд хичээл орж байгаа дохионы хэлгүй шинэ багш нар байж л байна. Тэглээ гээд бүх багш нар ийм гэсэн үг биш” хэмээн тайлбарласан. Ингээд бид тухайн сургуулийн математикийн багш О.Уртнасангаас энэ асуудлын талаар болон сурагчдад хичээлийг нь ойлгуулахын тулд яаж ажилладгийг тодрууллаа.
Тэрбээр "Би энэ сургуульд 20 жил ажиллаж байна. Оюутны ширээнээс л энд ирсэн. Тэгээд суралцсан. Залуу боловсон хүчнийг чадахгүй байна гээд буруутгах аргагүй. Энэ бол тогтолцооны асуудал.
Гэсэн ч бие даагаад дохионы хэлээ сураад ирж байгаа оюутнууд ч байна. Тэгэхээр залуу үе суръя, мэдье, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцъя гэсэн эерэг ойлголттой болсныг харж байгаа.
Нөгөөтэйгүүр шинжлэх ухааны хичээлийг харилцааны дохиогоор заахад маш хүндрэлтэй байдаг. Тйимээс бид шинжлэх ухааны хичээлээ үгжүүлье гээд 3000 гаруй үгийн судалгаа гаргасан. Одоо төсөл боловсруулах ажилдаа орсон. Ном, Аудио, видео, гарын авлага хэлбэрээр гаргах гэж байгаа” гэсэн юм.
Харин бид энэ сургуулийн төгсөх ангийн хоёр хүүхэдтэй ярилцаж, тэдний мөрөөдөл юу болох, ямар зорилго, чадвартай талаар нь хуваалцсан юм.
Ингэхэд сурагч Б.Баярбатын хувьд хэл ярианы багахан бэрхшээлтэй ч сонсож, ярьж чаддаг. Ярьж сонсож чадахгүй бэрхшээлтэй найзуудынхаа асуудлыг мэддэг тэр дохионы хэлмэрч болохыг хүсдэг байна. Тэрбээр, Монголд дохионы хэлмэрч ховор байдаг учраас энэ мэргэжлийг нийгэмд түгээмээр байна. Байгууллага болгонд хэлмэрч байвал зүгээр гэж боддог юм. Сонсдоггүй хүн, сонсдог хүний бичгийн хэл жаахан өөр болохоор дохионы хэлийг дэлгэрүүлмээр байдаг. Одоо би улсын шалгалтдаа тэнцээд ЭЕШ-аа сайн өгнө. Сайн өгчихвөл цаашдын замаа бодно доо. Хэлмэрчийн сургууль гэж байхгүй ч, сургалт байдаг юм билээ" гэж ярив.
Түүний ангийн охин болох н.Оюунцэцэгийн сурлага тун сайн аж. Охин багаасаа л математикт сонирхолтой бөгөөд багш болохыг хүсдэг байна. Тэр бага ангид байхдаа олимпиадад хоёрдугаар байранд орсондоо урамшин, математикт дурлах болжээ. Эхэндээ хичээлээ төдийлөн сайн ойлгодоггүй байсан ч өөрөө бие даагаад л хичээх юм бол асуудлыг даваад гарчихдаг гэж байлаа. н.Оюунцэцэг охин сургууль дээрээ ирж л найз нөхөдтэйгөө сэтгэлээ уудалдаг. Гэрийнхэн нь түүнийг огт ойлгодоггүй биш ч сайн ойлголцож чаддаггүй талаараа ч хэлсэн юм.
Хүүхдүүд нийгэмдээ ээлтэй зүйл хүсэж, ирээдүйгээ сайнаар төсөөлж байхад тэдний итгэлийг тогтолцоогоороо хөсөрдүүлж болохгүй. Мянга мянган хүүхдийн амьдрал, ирээдүй яригдсан энэ асуудлыг “төр” хараандаа авч, судалгаатай, олон улсын жишгийг дагасан хөтөлбөр боловсруулж, чин сэтгэлээр хандаж ажиллах хэрэгтэйг энэ сурвалжилгаараа хөндөхийг зорилоо.