УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг өөрчлөлтөөр системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах асуудлыг тусгасан юм.
Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан.
Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм.
Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд Голомт, Хаан банкууд бүтцийн өөрчлөлт хийх санал, материалаа өгсөн бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан журмын дагуу хянаж байгаа аж.
Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкууд хуулийн дагуу IPO хийх төлөвлөгөөгөө Төв банканд ирүүлсэн. Системд нөлөө бүхий банкууд хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгаснаар хөрөнгийн зах зээлд хүндрэл үүсэхээс сэргийлнэ. Мөн олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ хугацаанд банкуудын активын чанарын үнэлгээг дахин хийж, үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Сунгагдах хугацаа бол нээлттэй хувьцаат компанид шилжээд дуусах сүүлийн хугацааг заана. Түүнээс хойшлуулж байгаа хугацаа биш.
Зургадугаар сарын 30-наас өмнө системийн нөлөө бүхий таван том банк олон нийтэд хувьцаагаа зэрэг санал болгох нь хувьцааны үнэ ханшид нөлөөлөх эрсдэлтэй тул нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжих хугацааг нь ирэх оны зургадугаар сарын 30-н хүртэл сунгаж байгаа юм. Одоо бэлэн болсон банк IPO зарлаад явах нь нээлттэй" гэлээ.