Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Одоогоор Самурай бондын эргэн төлөлтийн гуравны нэгийг Монголбанкан дахь тусгай дансанд байршуулаад байна. Мөн Самурай бонд эзэмшигч нартай хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд цааш зах зээлийн ханшаараа буцаан худалдан авах хэлцлүүдийг хийгээд явна.
Харин Чингис Хаан банкны хувьд, Хөгжлийн Банкнаас хадгаламж байршуулсан гэрээ байдаг. Хөгжлийн Банкны зүгээс сүүлд нь нэмэлт барьцааны гэрээ хийж, зарим үл хөдлөх хөрөнгийн шаардах эрхийг Хөгжлийн Банк авсан байдаг. Бид хууль, хяналтын байгууллагатай хамтран тус банк дээр үүссэн төлбөрийг эргэн төлүүлэх дээр ажиллагаагаа үргэлжлүүлж явна.
Хөгжлийн Банкны зээлийн багцуудыг төрийн өмчит компаниудынх, Хөтөл, Кью Эс Си болон хувийн хэвшлүүдийнх гэж гурав хувааж үзэж байгаа бөгөөд бүх талуудтай гэрээ хэлцэл хийж байна.
Зээлээ зориулалтаар нь ашиглаад, төсөл нь хэрэгжиж байсан ч цар тахал зэрэг зах зээлийн янз бүрийн шалтгаанаар төсөл нь саатсан зарим хувийн хэвшлийн компаниудад аль болох уян хатан хандаж байна.
Зээлийн эргэн төлөлттэй холбоотой олон саналууд гарч буй. Мэдээж дараагийн хэлцэлд орж гэрээг шинэчлэхийн тулд банкны зүгээс магадлан шинжилгээ хийх ёстой байдаг. Тиймээс бид зарим төслүүд дээр нэмэлт магадлан шинжилгээ хийхэд нөхцөл байдал өөрчлөгдөөд шинээр баримтууд гарч ирж байгаа. Энэ нь цаг авахаар байна.
Гэсэн ч зургаадугаар сарын 30-н гэхэд хагас жилийн тайлангаа гаргах ёстой. Тэр хүртэл төрийн өмчит компаниудын чанаргүй зээл дээр шийдвэр гаргуулж ажиллагаа хийх ёстой болно.
Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах чиглэл гарсан. Энэ ажлын хэсэг барьцаа хураах зэрэг ажиллагаа хийхгүй бөгөөд ерөнхий бодлогын болон зарим зарчмын шийдэл гаргах асуудал дээр зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажиллах юм" гэв.