Дотоодын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн экспортын зах зээлд хүлээн зөвшөөрөгддөг. АНУ-руу сүү сүүн бүтээгпэхүүн экспортлохоор найман жилийн турш бэлтгэл ажлаа хийсэн Тэсо группын гүйцэтгэх захирал С.Болороос үйлдвэрлэлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан юм.
Тэрбээр, “Сүүлийн таван жил манай экспорт идэвхтэйгээр гарч байна. Арван жилийн өмнөөс л экспортын ажлууд идэвхтэй байгаа. Манайх анх 2008 оноос Голомт банктай хамтран ажиллаж эхэлсэн. Одоо 14 жил болж байна. Тэр процесс эхлэх үед манай экспортын ажил эхэлж байсан юм. Амжилттай, илүү тоон үзүүлэлт харуулах процесс нь сүүлийн таван жилийн хугацаанд харагдаж байна. Бараг найман жил бэлтгэл ажил хийсэн гэхэд болно.
Монгол үйлдвэрлэлийн сул тал тухайн үеийнхээ нөхцөл байдал, хөрөнгө оруулалтад тааруулаад хийгдсэн хөрөнгө оруулалтын улмаас процесс алдаатай явж байгаа. Илүү хэрэгцээгүй өндөр зарлага гаргаж байгаа урсгалууд, дээрээс нь Монгол бүтээгдэхүүн дээр гарал үүслийн төвөгтэй асуудлууд их үүсдэг. Тэдгээрийг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй. Энд маш том хөрөнгө оруулалтуудыг зайлшгүй хийх хэрэгтэй гэдэг зөвлөгөөг өгч байсан.
Экспорт ярихад хамгийн чухалчилж хэлдэг зүйл нь юу гэхээр, дэлхийн аль ч улсад хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг хийгээд гаргахад Монгол шиг жижиг улсыг дэлхий өөрөө хүлээж авахгүй. Ямар нэгэн байдлаар ялгавартай бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд санал болгох хэрэгтэй. Ялгаралтай бараа бүтээгдэхүүнийг хийнэ гэдэг нь бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн хувьд ч, уут сав баглаа боодол дизайны хувьд ч маш их хөдөлмөр цаг хугацаа энгийн бүтээгдэхүүнээс илүү шаардаж байдаг.
Бизнесийн зээл аваад экспортыг бий болгоно гэдэг маш их хөдөлмөр. Түүнийг бид хэн нэгнээс алдаа дутагдал хайх гэхээсээ илүүтэй энд байгаа боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.
Тэр боломжоо бүрэн ашиглаад өөрсдийнхөө хийж чадах хүртэл хийдэг. Бизнес өөрөө цаг хугацаатай уралдаж байгаа. Тухайн боломждоо хамгийн сайнаараа байж чадах нөхцлийг бий болгоод, түүнийгээ бүрэн ашиглаад явах туйлын зорилготой” гэв.