Гэртээ хэрхэн улаан лооль тариалах талаар Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт ярилцлаа.
-Та туршлагатай тариаланч хүний хувьд, улаан лоолийн ач холбогдлыг их ярьлаа. Гэртээ улаан лооль тариалах энгийн зөвөлгөө өгөхгүй юу?
Голдуу халуун дулаан орны нөхцөлд ургаж байсан тэр ургамлуудыг хүн хүнсэндээ хэрэглэх зорилгоор тарималжуулсан байдаг. Бид ургамлын үндсэн таван нөхцлийг хангах ёстой. Нэгдүгээрт, дулааны асуудлыг тогтвортой байлгах, хоёрдугаарт нарны гэрэл, гуравдугаарт агааржуулалт, дөрөвдүгээрт усалгаа, тавдугаар хөрсний үржил шим гэсэн энэ таван нөхцөлийг бид бий болгох ёстой. Гэрийн нөхцөлд улаан лооль тарьж болно. Маш олон төрлийн улаан лоолийн сорт байгаа. Тасалгааны жижиг үрлэн помидорны сорт байдаг. Түүнийг гэртээ цонхон дээрээ тарих боломжтой. Улаан лоолийн онцлог нь маш их хэмжээний дулаан шаарддаг. Нэг помидор улаан өнгөтэй болж бүрэн боловсроход, дотор махлаг эд нь ч улаан болоход 400 градусын дулааныг шингээх ёстой гэхээр, өдөрт 20 градус дулаан шингээж байж 20 хоногийн дараа улаарна. Нөгөө талаасаа тасалгааны агаарын чийгшил нэлээн дутагдана. Бидний амьдарч байгаа орчин маш хуурай. Хүлэмж халуун дулаан орны далайн эргийн уур амьсгалын агаарын чийгшил хамгийн чухал. Гэртээ тусад нь нэг жижиг хэмжээний хүлэмж, өөрөөр хэлбэл тасалгааны агаараас тусгаарласан, тэр дотор нь байн байн чийгшил өгдөг байдлаар ургуулах боломжтой. Бусад ногоон ургамлууд жишээлбэл, навчит ногоо болох бууцай, юуцай, салад навч, ногоон сонгиныг бол гэртээ ургуулаад хүнсэндээ хэрэглэж болно.