Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нөөцийг бүрдүүлэх хуулийг Засгийн газраас өргөн барьсан.
Үүнтэй холбоотойгоор гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 234 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй олгох. Үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгон гаргахаар шийдвэрлэлээ.
Нийт 25 тэрбум төгрөгийн хүү тооцогдоно. Энэ бол иргэдийнхээ мах гурилын үнийн дарамтаас гаргах хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно. Мөн төв суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулж Засгийн газраас 12.7 мянган тонн мах бэлдсэн. Энэ махны 30 хувь нь үхрийнх бол 70 хувь хонь, ямааны мах юм.
Өнөөдрийн байдлаар үхрийн мах 3,600 тонн, хонины мах 6,800 тонн, ямааны мах 1.1 мянган тонн нөөцтэй байгаа бөгөөд зах зээлд үхрийн мах 8,900 төгрөгөөр хонины мах 8,300 төгрөгөөр, ямааны мах 7,100 төгрөгөөр борлуулагдаж байна.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хонины мах дээр 250 төгрөгийн хөнгөлөлтийг нөөц хөрөнгөөсөө мах бэлдсэн компаниудад өгөхөөр шийдвэрлэсэн бол нөөцийн мах бэлдсэн 23 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд маханд 100 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Ингэхээр нөөцийн хонины мах 8,300 төгрөгөөс 7,950 төгрөг болж хямдарна.
Мөн амралтын өдрүүдэд нөөцийн мах бэлтгэсэн компаниудын борлуулж буй хонины гулууз махны үнэ 7,750 төгрөг болж хямдарна. Энэ бол өнөөдрийн байдлаар төв суурин газарт байгаа хамгийн хямд, сайн чанарын мах юм.
Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийг 20 хувиар нэмэгдүүлж, маргаашаас үнийн зохицуулалт хийж арилжаална” гэлээ.