УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийв.
Энэ үеэр УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат "Төсвийн хэмнэлтийг дэмжиж байна. Гэхдээ хандлага нь буруу байна. Засгийн газрын өр гэж байдаг, 26 их наядад хүрсэн. Тодотголоороо түүнийгээ долоон их наядаар нэмж байна. Өрийн байдал хүнд болсон. Хятадын өрийн хавханд орж, улс орноороо хүнд байдалд орох орны тоонд Монгол Улс багтчихаад байна. Ийм зөвлөмж, анхаарлыг ч олон улсаас өгч байна. Хэд хэдэн реформийн чанартай зүйлийг хийх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж байна" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хүнсний үнэ өсөж байна. Цаашид хүнсний хомсдол үүснэ. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх чиглэлд Засгийн газар яаралтай арга хэмжээ авахыг шаардана. Шүүхийн шийдвэргүй хувийн өмчийг төрд авч байгаа нь буруу. Зөвхөн шүүхийн шийдвэртэй л авах ёстой" гэх нэмэлт мэдээллийг өглөө.