"Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч" эрдэм шинжилгээний хурал Шинжлэх ухааны академийн төв байранд болж байна.
“Монгол улсын эрчим хүчний хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгаруулалтын төлөв 2050-LEAP загвар” судалгааны ажлыг доктор О.Бавуудорж танилцууллаа.
Тэрбээр “Манай орны жилийн агаарын дундаж температурын өсөлт сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд 2.25 хэмээр нэмэгдсэн байна. энэ нь дэлхийн дунджаас даруй 3 дахин их байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг 2016 оны есдүгээр сарын 1-нд соёрхон баталсан.
Одоогийн байдлаар өрхийн эрчим хүчний хэрэглээ өндөр байгаа. Гэхдээ цаашдаа томоохон төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр буурах тооцоололтой байна. Манай улсын нийт эрчим хүчний 44 хувийг өрхийн хэрэглээнд зарцуулж байгаа юм.
Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн салбарын суурилагдсан хүчин чадлыг авч үзвэл сэргээгдэх эрчим хүч, үүний эх үүсвэр 2020 оны түвшинд 18.3 хувь байсан бол:
- 2030 онд 22 хувь
- 2050 онд 12 хувь болж буурах төлөв байна.
Нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалт 2030 оны түвшинд 29.8 тонн болон 2050 оны түвшинд 48.5 сая тонн болохоор ажиглагдаж байна.
Эрчим хүчний хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр тодорхойлсон 49 арга хэмжээнд үндэслэн тооцож үзэхэд:
- 2030 оны түвшинд нийт хүлэмжийн хийн ялгаралтыг 19.1 хувиар
- 2050 оны түвшинд 40 хувиар бууруулах боломжтой байна" гэв.