Авлигатай тэмцэх газраас 2021 онд оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан 20 орчим тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тухай мэдээлж байсан. Улмаар уг асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас тухайн үед тодорхой мэдээлэл өгч байгаагүй юм. Тэгвэл Монгол Улсад анх удаа гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгийг буцаан оруулж ирсэн байна.
Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бусдаас их хэмжээний хахуулийг оффшор бүсээр дамжуулан авч, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын төвд дөрвөн өрөө байр болгон мөнгө угаасан гэмт үйлдлийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэж, шүүгдэгчид ял оногдуулсан байна.
Хэргийн холбогдогч нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан бөгөөд нийтийн албан тушаал хашиж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж түүнтэй өндөр дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1,175,372 фунт стерлинг буюу 4,347,312,050 төгрөгийн хахуулийг өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн Британийн Виржинийн аралд үүсгэн байгуулсан буюу оффшор компанийн Бүгд Найрамдах Латви улс дахь банкны данснуудаар авчээ.