Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, үнийн өсөлтийн эсрэг хууль гаргасан. Тухайлбал, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны татварыг он дуустал тэглэх, ажилтаны НДШ-ийн төлбөрийн 50 хувийг он дуустал хөнгөлөх, шатахуун импортлогчдод валютын дэмжлэг үзүүлэх, дотооддоо ургамлын тос үйлдвэрлэгчдийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэгвэл иргэд үүнийг түр зуурын "гал унтраах" шийдвэр гэж үзэж байгаагаа хэллээ.
Иргэд:
- Хүмүүс тэмцсэн. Хүмүүсийн хэл амыг дарахын тулд дахиад л буруу бодлого барьж байна. Хэмнэлтийн бодлого барина гээд байсан бүх юмыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаад, ингэж хэмнэлт хийнэ гэж байхгүй. Өөр үр дүнтэй зөв бодлого барих хэрэгтэй л гэж бодож байна.
- Ийм арга хэмжээ хэрэгжүүлдэг болохоор өнөөдөр Монгол үнэхээр ядуу амьдарч байна. Хүмүүс нь бүр сэтгэлгээний гуйлгачинд орчихсон. Юм л байвал үнэгүй юм хайгаад гүйчихдэг тийм л болчихсон. Тийм л төвшинд бидний амьдрал ч үргэлжилж байна. Сэтгэлгээ нь ч тэр төвшинд үлдчихэж. Тэгэхээр Монголд ирээдүй хэцүү л харагдаж байна.
- Миний бодлоор бол тийм урт настай шийдвэр биш байх. Түр зуурын гал унтрааж байгаа л хэрэг байх. Түүнээс бол оновчтой тийм бодитой эдийн засагт нөлөөлөх шийдвэр бол биш байх.
- 50 хувийг нь буцааж олгоно гээд иргэдийн халааснаас аваад л буцаагаад олгож байгаа хэсэгхэн зуурын шийдвэр байх. Эсвэл зүгээр НДШ-ийг бууруулах зэрэг иймэрхүү арга хэмжээ авбал иргэд, ААН-д ч дарамт нь багасах байх гэж бодож байна.
Энэ талаар эдийн засагч Д.Ангараас тодруулахад "Өмнө нь бол өлсгөлөн гэдэг зүйл яригдаж байсангүй. Ядуурал байсан. Өлсгөлөн гэдэг зүйл анх удаа яригдаж эхэлж байна.
Иргэд өдөрт авах хүнснийхээ хэрэгцээг хүртэл дийлэхээ больж байна. Үүн дээр төр засаг, УИХ яаралтай хууль санаачлаад батлаад явж байна. Энэ бол асуудлыг цогцоор нь шийдэж чадахгүй. Энэ бол дөнгөж цаг аргацаасан түр зуурын л шийдэл.
Монгол улс маань дотоодын үйлдвэрлэлгүй болчихсон.
Уул уурхайгаас өөр ямар ч үйлдвэрлэл байхгүй. Хуримтлал байдаггүй. Үйлдвэрлэл байхгүй учраас ажлын байр байхгүй.
Ажлын байр байхгүй болохоор ядуурал их. Тэгэхээр энэ асуудлыг ер нь цаашдаа шийдье гэх юм бол төр засгаас нэг л арга хэмжээ авах ёстой. Өөр ямар ч шийдэл байхгүй. Энэ ердөө л дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх. Үүнийг хууль гаргаад гурил, элсэн сахарын үнийг, цагаан будааны үнийг нэг хоёр жил тогтоолоо гээд асуудал шийдэгдэхгүй.
Иргэд улам л үнийн өсөлтөд, улам л наад захын хоол хүнснийхээ бараа бүтээгдэхүүнийг худалдаж авч чадахгүй байдал үргэлжлээд л яваад байна гэсэн үг" гэж хэллээ.