Энэ оны байдлаар 27 хүүхэд хашаандаа болон, гудамж талбайд тоглож байгаад амь насаа алдсан талаар ЭЦА-наас мэдээлсэн. Үүний шалтгаан нь асран хамгаалагч хариуцлагагүй байгаагийн хажуугаар хотын захад өсөж байгаа хүүхдүүд тоглох зориулалтын талбайгүйтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл гэр хороололд амьдарч буй хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээрээ хязгаарлуулж байна.
Үүний нэг жишээ Далан давхар оршуулгын газартай залгаа, машин бужигнасан гудманд бага насны хүүхдүүд олноороо хөл бөмбөг, хөөцөлдөх зэргээр тоглож байна. Хүүхдүүдийн дийлэнх нь гадаа тоглох л гоё гэж байгаа ч тоглоомын талбайтай болохыг хүсдэг, гудманд тоглохдоо машинд дайруулах вий гээд айдаг талаараа хэлж байв. Төрдөө хаягдсан эдгээр хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй нөхцөлд байсаар байна.
21 дүгээр зуунд, тэр тусмаа улсын нийслэл хотод ийм дүр зураг байна гэдэг үнэндээ эмгэнэл. Өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөж байгааг ч мэдэхгүй тэдгээр хүүхдүүд ярихдаа,
- Гэртээ хоолоо идчихээд гараад тоглодог. Тоглоомын талбайтай болохыг хүсэж байна. Гудамжинд шороо шуураад л их муухай байдаг. Би машинд мөргүүлэх вий гээд их айдаг. Тоглоомын талбай байхгүй болохоор гудмандаа л тоглодог. Би маш олон найзтай. Найзуудтайгаа хөлбөмбөг, эргэж, хөөцөлдөж л тогдодог. Тоглоомын талбай, гулсуурай болчихвол гоё доо.
- Тоглоомын талбай хол байдаг. Би ганцаараа явахаас айгаад байдаг юм. Ойрхон тоглох газартай болохыг хүсэж байна. Найзуудтайгаа Алтан загас тоглодог. Гудамжинд тогловол хувцас муухай шороо болдог.
- Би гадаа тоглох дуртай. Тоглоомын талбайд гоё гоё савлуур, гулсуур, морь байдаг. Манайхтай ойрхон тоглоомын талбай байдаггүй. Байхгүй болохоор муухай санагддаг.
Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд байлгах нь том төсөв, төсөл шаардсан ажил ч биш. Энэ асуудлыг шат шатны байгууллагууд анхаарч ажил болгох нь зүй.