Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хорт хавдартайгаа өөдрөгөөр тэмцэж, ялж чадсан иргэн Г.Батзаяа оролцлоо. Хорт хавдартай гэдгээ мэдэхээсээ өмнө өөрт нь хэн ч хайргүй гэж бодож, ганцаардаж явсан энэ залуу, өөрийнх нь төлөө эхэр татан уйлж байгаа ээжийгээ хараад үхэж болохгүйг ухамсарлан, амьдралын үнэ цэн утга учрын тухайд ямар бодолтой болсноо хуваалцлаа. Олны хайр, нинжин сэтгэлээр дэмнүүлэн эдгэрсэн тэрбээр Ганцхан шалтгаан гэх уран сайхны кино бүтээж ижил зовлон туулж байгаа хүмүүст итгэл бэлэглэхийг хүсэж байна.
-Таны хувьд хорт хавдартай гэдэг оношоо хэрхэн хүлээж авч байв аа?
-Хорт хавдартай гэдэг оношоо мэдэхээсээ өмнө өөрийгөө сэтгэл гутралын ахисан түвшинд орчихсон байсан юм болов уу гэж хааяа бодоод байдаг юм. Би ганцаардмал төрлийн хүн байсан. Арван жил ганцаараа амьдарсан. Өвдсөн ч уйлсан ч үргэлж гэртээ ганцаараа л байж байдаг. Намайг хэн ч хүлээдэггүй. Заяа чи үхчихсэн ч гэсэн харамлаж, халамжилж байгаа хүн байхгүй юм чинь, ямар ч ялгаагүй юм биш үү гэдэг бодол ороод ирсэн байсан. Би үхсэн ч дэлхий дээр юу ч өөрчлөгдөхгүй гэдэг бодол намайг идээд байдаг байсан. Чи үхнэ гэж боддог юм бол жинхнээсээ үхээд үз л дээ залуу минь гээд хорт хавдартай болсон байх. Би үүнийг өвчин биш шалгуур гэдэг талаас нь харах дуртай. Цусны хорт хавдартайгаа ээжийн хажууд сонсоогүй байсан бол өнөөдөр би эмчилгээ хийлгэхгүй байх сонголтыг хийчих л байсан гэж боддог.
-Ээж хүү хоёрын хувьд давахад амаргүй үе байсан байх?
-Гурван сарын өмнөөс миний бие өвдөөд байдаг болчихсон. Өглөө ажилдаа явъя гэхээр орноосоо босож чаддаггүй. Нэг өдөр ээж рүү залгаад, хүүгийнх нь бие ер нь л өвдөөд байна гэсэн чинь манай ээж, миний тийм зүйлийг сонсож байгаагүй болохоор их цочир хүлээж авсан гэсэн. Хүү дээрээ очихгүй л бол болохоо байсан юм байна гээд ирсэн.
Эмч надад, чи цусны хорт хавдартай байна. Бие чинь нэлээн хүнд болчхож ээ гэсэн. Би ээж рүү харахад, ээж, эмч ээ би гарч болох уу? гээд гараад явж байна. Эмч надад юм хэлэх гэсэн. Үг нь надад ойлгогдохгүй. Тэгээд л ээжийн араас гарсан чинь ээж цусны тасгийн дөрвөн давхарт хана налаад эхэр татаад уйлж байсан. Би хажуугаар нь алхаад л дээд давхарт нь мөн л эхэр татан уйлж байгаа юм. Ээж миний доод давхарт эхэр татаад уйлж байхыг нь би сонсоод, юу бодсон гэхээр, Заяа чи өөрт чинь хэн ч хайргүй гээд юу гээд эмороод байсан юм бэ?
Чамд өөрөөсөө илүү, өөрийнхөө амь шигээ хайрладаг эмэгтэй яг чиний доод давхарт эхэр татаад уйлж байна. Тийм зүйл бодоод шаналж байсан даа чи өөрөө ич. Энэ эмэгтэйн төлөө би босож чадна гээд л бодсон.
-Өөрөө туулах нэг өөр байдаг шүү дээ. Хайртай хүн чинь таны өмнөөс зовоод байх их хэцүү байсан уу?
-Би ээжийнхээ гарт тор ч бариулдаггүй хүүхэд байсан юм. Тэр цагаас хойш тэргэнцэр дээр суудаг болчихсон. Миний жин эмчилгээний хавангаас үүдээд +100 кг болж байлаа. Ээж маань намайг түлхээд, түрээд явдаг. Битүү хөнжлөөр салхи авахуулж болохгүй гээд намайг ороочихсон. Манай тэр эмнэлэг жаахан өгсүүр л дээ. Миний ээж үе мөчний өвчтэй юм.
Намайг ээж тэргэнцэр дээр түрээд алхаж байхад миний чихэнд ээжийн доголоод байгаа нь сонсогдоод… Амьсгаадаад л… Ээжийнхээ гарт тор ч бариулахгүй гэж боддог хүүхэд чинь нэг өдөр ээжийнхээ хамгийн том хүнд ачаа болоод түрүүлээд явж байсан. Тэр үед, За Заяа энэ чиний байж болох, мэдэрч болох хамгийн доод цэг. Эндээс босоод өөрийнхөө юу хийхийг харуулах ёстой. Заавал тэргэнцэр дээрээс босно гэж л бодож байсан.
-Ээждээ хайртай болохоор, ер нь хайрын хүч таныг эдгэрэхэд дэм болжээ дээ?
-Би хайрын тухай жаахан өөр ойлголттой байгаа юм шиг санагдсан. Яагаад хайртайгаа мэдэхгүй. Ээж гэдэг хүний тухай юу ч мэдэхгүй байсан санагдаад байгаа юм. Эмнэлэгт дөнгөж очиход, 00 орох тоолонд ээж хойноос дагаад ороод ирдэг байсан. Миний хувьд маш эвгүй. Би яагаад гэдгийг нь асуухад, манай ээж харанхуйгаас айдаг эмгэгтэй байсан юм билээ. Эргээд бодсон чинь, хүүхэд байхад ээж дандаа 00-ын гэрэл, коридорын гэрлийг асаалттай унтдаг. Хэзээ ч ганцаараа байдаггүй байсан. Бид ээж гэдэг хүн гэхээр нэг тийм шилдэг баатарлагаар төсөөлөөд байдаг. Яг үнэндээ дотор нь байдаг тэр жижигхэн хөөрхөн эмэгтэйг олж харснаас хойш 00 дагаж ороход нь миний уур хүрэхээ больчихсон. Хайр гэдэг зүйлийг маш том хийсвэрээр төсөөлөөд л байдаг. Яг үнэндээ жижигхэн зүйл дээр бидний хайр тогтдог. Ээж харанхуйгаас айдаг болохоор би гэрэл асаах ёстой гэдэг зүйл л хайр байсан юм билээ.
-Магадгүй таны амьдралыг харах өнцөг, үнэ цэн, утга учрын талаарх ойлголт өөрчлөгдсөн байх гэж бодож байна?
-Бид юуны төлөө нь мэдэгдэхгүй маш хол гүйдэг. Энэ дов, энэ уулын цаана бидний мөрөөдөл зорилго байгаа гээд ядраад л. Тэгэхдээ эргэн тойронд болж байгаа бүх зүйлийг анзаарахгүй. Надад цусны хорт хавдар амьсгаа аваад, зогсох боломж олгосон. Амьдралыг эргээд хар даа. Бээжинд эмнэлэг рүү явахдаа би зөвхөн тэнгэрийг хараад л явж байсан. Би амьд байсан. Салхи салхилж байсан. Жижиг төрлийн стрессүүд юу ч байхгүй болоод зөвхөн, яг одоо миний төлөө санаа зовж байгаа ээж аав гэр бүлийнхнийгээ олдож байгаа цаг мөчдөө хайрлаад, амьд байгаагаа мэдрээд л… Нар мандсан байгаа болохоор л би нарыг мэдэрч байгаа юм байна. Энэ зүйлүүдийг мэдэрч эхэлдэг юм билээ.
-Таны төлөө маш олон хүн сэтгэл, зүтгэл гаргасан шүү дээ. Тухайн үед танд ямар мэдрэмж төрж байв аа?
-Хүний сэтгэл ямар нинжин байдгийг ойлгосон. Гудманд юм зардаг эмээ цайныхаа мөнгийг барьчихсан, 7-8 настай хүүхдүүд өөрийнхөө хадгаламжнаас надад амьдрал бэлэглэхийн тулд хандив өгч байсан. Яг одоо хорт хавдартай тэмцэж байгаа маш олон хүн байгаа. Тэдгээр хүмүүст хорт хавдар гэдэг маш энгийн зүйл. Үүнийг даваад өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө хүрээрэй гэдэг жишээ болохыг хүсэж байна. Энэ нь надад хандив өгсөн маш олон хүмүүст миний өгч чадах л зүйл.
-Өвдөх маш хэцүү шүү дээ. Яг өвдөж байх үеүүдээ хэрхэн туулдаг байсан бэ?
+40 хэмийн халуунтай байх үедээ, үүнийг давж чадахгүй юм бол чи яаж энэ хорт хавдрыг давах юм бэ гээд гүрийдэг. Би тэсэхээ байхаараа уйлдаг л төрлийн хүн. Өвдөлт гэдэг түр зуурын. Яг үнэндээ би өөрийгөө яаж өвдөж байснаа мартаад эхэлсэн байна билээ. Хэзээ ч өвдөөгүй юм шиг санагдаж байна. Харин миний дотор байгаа зүйл юу вэ гэхээр, энэ өвдөж байсан цаг хугацаа маань мөрөөдөлдөө хүргэх хүч гэдгийг мэдэж байна.
-Өвдөөд хэвтэж байхдаа үхчих вий гэж айсан уу?
-Хэн ч биш үхэхээс маш их айсан. Миний юу бодож мэдэрдгийг хэн ч мэдэхгүй, нууц хэвээр байсаар үхчих гээд байсан юм. Бас ээждээ ямар ч сайхан дурсамж үлдээлгүй, зүгээр л нэг хүү нь байж байгаад үхчихвэл дэндүү харамсалтай байсан.
-Гэр бүл хүүхэдтэй болъё гэж боддог уу?
Би хүүхэдтэй сууна гэж их боддог. Дэлхийгээр дүүрэн хайраар дутсан хүүхэд байхад заавал чи үр удмаа үлдээх ямар шаардлагатай юм бэ гэж хэлдэг. Маш сайн аав болохыг хүсдэг.
-Ганцхан шалтгаан кино хэзээ нээлтээ хийх вэ? Киноныхоо тухай яриач?
-Эмнэлгийн орон дээрээс хүмүүст хэлэхийг хүссэн олон зүйл байсан. “Ганцхан шалтгаан” дуу бүтсэний дараа Thunder бид хоёр чаталсан юм. Энэ дууны сэтгэгдлийг ороод уншаад үзээрэй гээд. Би ороод уншаад үзсэн чинь, арьсны өвчтэй хүү байсан юм байна. Наранд гарч болдоггүй болохоор байрных нь хүүхдүүд шоолдог. Шөнийн Нинжа гээд л. Тэр хүүхэд үзэн ядалтаас залхаад гэрээсээ гарахаа болиод. Тэр дууг эхлээд ээж нь сонсоод, аавыг нь дуудаад, хүүгээ дуудаад гурвуулаа сонсож, дагаж дуулж, тэврэлдээд уйлалдаад, маргаашнаас хүүхэд нь эмчилгээндээ орж эхэлсэн гэж байгаа юм. Энэ утга учрыг бүтээсэн хүн бол Thunder.
Би юу гэж бодсон гэхээр дуу ийм хүчтэй юм бол би өөрийнхөө мэдэрдэг ертөнцөөр зохиол бичээд кино хийх хэрэгтэй юм байна. Олон хүн үзэхгүй байж магадгүй. Гэхдээ түүнийг үзсэн нэг л хүн амьдралыг хайрлаад үлдчих л юм бол миний амьд үлдсэний мөн чанар гарах болохоор энэ зүйлийг заавал кино болгох ёстой гэж бодсон. “Ганцхан шалтгаан” гэдэг нэртэй. Дөрөвдүгээр сарын 20-нд нээх гээд бэлтгэлээ хийж байна. Хүн болгонд гаднаасаа харагддаггүй ганцхан шалтгаан байна. Түүнийгээ даваад туулаад бүгдээрээ амьдрах хэрэгтэй шүү гэдэг тухай. Бид ямар ч зовлон жаргалтай цаг хугацааг өөрийнхөөрөө туулна. Бид амьдрах хэрэгтэй л юм байна.