УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хүүхдийн тооноос хамаарч татварын бодлогоор дэмжих асуудлыг гишүүд хөндсөн байна.
Тодруулбал, гишүүдийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүн амыг хүүхдийн тооноос хамаарч татварын бодлогоор дэмжих, үндэсний баялгийн сан байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хэрэгжилтийн явцын талаар асуужээ.
Харин ажлын хэсгээс хүүхдийн тооноос хамаарч татварын хөнгөлөлт үзүүлэх зорилт нь нийгмийн дундаж давхаргыг хадгалах, шаардлагатай нөхцөлд өргөжүүлэх арга хэрэгсэл гэж олон улсад үздэг учраас үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан.
Энэ хүрээнд Нийгмийн халамжийн тухай хууль, Хүн амын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Үүнтэй холбогдуулан тодорхой тооцоолол, судалгааг хийж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.