Украин нь Зүүн Европт орших улс юм. Зүүн талаараа Орос, хойд талаараа Беларусь, баруун талаараа Польш, Словак, Унгар, баруун өмнөд талаараа Румын, Молдав орнуудтай хиллэдэг. Мөн өмнөд талд нь Хар тэнгис, Азовын тэнгис оршдог. Нийслэл хот нь Киев юм.
Орчин үеийн Украины нутаг дэвсгэрт МЭӨ 32,000 оноос хойш оршин сууж байжээ. Украин улсын түүх нь зүүн Славуудаас эхэлж байв. XI зууны дундуур Европ дахь хамгийн баян байсан Киевийн Орос нь XIII зууны Монголчуудын довтолгооны үр дүнд нуран унаж задарсан байна. XIV зуунаас хойш Украины газар нутаг нь бүс нутгийн хүчирхэг гүрнүүдийн хооронд хуваагдаж эхэлжээ. Үүнээс хойш Украины газар нутгийг Польш-Литвийн хамтын нөхөрлөл, Австри-Унгар, Османы эзэнт гүрэн, Оросын Хаант улс зэрэг янз бүрийн гүрнүүд маргаантайгаар хувааж захирч байв.
Улмаар XIX зуун гэхэд ихэнх хэсэг нь Оросын эзэнт гүрэнд шингэж, бусад нь Австри-Унгарын эрх мэдэл доор байв. Оросын Октябрийн хувьсгал, Иргэний дайны дараа 1917-1921 оны хооронд тусгаар тогтнолын төлөөх үргэлжилсэн тэмцэл болж Украин нь 1922 онд ЗХУ-ын анхны бүгд найрамдах улсуудын нэг болжээ.
1991 онд ЗХУ задарснаар Украин нь дахин тусгаар тогтносон улс болсон байна. Үүний үр дүнд зах зээлийн эдийн засагт шилжих болж, найман жил дараалан эдийн засгийн уналтад орж байв. Гэвч шинэ зуун эхэлснээс хойш эдийн засаг нь тогтвортой хөгжиж, ҮНБ нь жил тутамд 7 хувиар нэмэгдэж байна.
Украин нь нэгдмэл улс бөгөөд 24 муж, автономит бүгд найрамдах засаглалтай Крым улс, ОХУ-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлж буй Киев, ОХУ-ын Хар тэнгисийн флотын төв байрладаг Севастополиос бүрдэнэ. Украин нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх байгууллагууд нь тусдаа оршдог.
Украин дэлхийн 194 улсаас 31 дүгээрт жагсах олон хүнтэй улс юм. Гэсэн ч 1990 оноос Украины хүн амын тоо буурсаар байна. 1993 онд 52 сая байсан бол 2001 онд 48 сая болжээ. 2014 онд тоолоход 44 сая болсон байв. Одоо нэг км² газарт 77 хүн ногдож байна. Аж үйлдвэр хөгжсөн дорнод нутаг болох Донецк, Луганск, Харьков, Днепропетровск, Карпатын араар Львов, Ивано-Франковск, Черновцыд хүн ам илүү оршин суудаг байна.
Украины хүн амын 77.8 хувийг украин үндэстэн эзэлж байна. Дараах 17.3 хувийг оросууд бүрдүүлж, үлдсэн 4 хувьд Беларусь, Молдав, Крымийн татар, болгар, унгар, румын, польш, еврей хүмүүс байна.
Украинд одоо 457 хот, 886 томоохон суурин , 28552 тосгон байна. Украин, оросын хэл хоёул дорнод слав бүлэгт хамаарагдана. ЗХУ-аас тусгаар тогтноод украин хэлээ албан ёсоор хэрэглэх болсон ч хүн ардын зүүн хэсгийн дунд орос хэл түгээмэл хэрэглэгдсээр байгаа юм. 2001 оны хүн амын тооллогоор 67% нь төрөлх хэл нь украин, 30% нь төрөлх орос хэлтэй гэж мэдүүлсэн бол 2004 оны нийгмийн судалгаанд 42% Украинаар, 45% оросоор хэлэлцдэгээ хэлжээ. Төрийн эрх баригчид орос хэлийг хязгаарлах талаар ихээхэн хүч чармайлт гаргаж байгаа аж.
Ашигт малтмалын тухайд Украин улс төмрийн хүдэр, нүүрс, манган, шатдаг хий, газрын тос, давс, хүхэр, бал чулууны нөөцтэй.
Харц язгуурт казахуудыг Польш эхэндээ татарын эсрэг ашиглаж байсан бол Богдан Хмельницкийн удирдсан Запорожийн казак 1648—1654 онд Польшийн эсрэг босч өөртөө засах эрх бүхий гетманы ноёлох ёсыг үүсгэжээ. Гетман ноёны газар нутаг Украины төв хэсгийг хамаарч зуу гаран жил оршсон нь Украин улс байх үндэс суурь болжээ.
Польш, крымын татар, Орос, казакийн газар нутгийн тэмцэл хурцдан 1657–1686 оны хооронд гучин жил байлдсаны дүнд Орос Польш хоёр Украиныг баруун зүүн хэсэгт таллан авчээ. 1709 онд казакийн гетман Иван Мазепа Шведтэй хамсаж Оростой дайтаад алуулсан ба Оросын хатан хаан 1764 онд гетман тодруулахыг болиулж шууд оросын харьяа болгов. 1772-1795 онд Польшийнх байсан баруун нутгаас Галицыг Австри, бусдыг Орос авсан төдийгүй 1783 онд Крым Орост нэгтгэгдсэн. Шинэ эзэлсэн газарт орос, Украинчууд шилжин суурьшиж Херсон, Николаев, Одесса, Луганск гээд олон хот үүсэж хөгжжээ.