Ардчилсан намаас ОХУ, Украины хооронд болоод буй үйл явдалд мэдэгдэл гаргажээ. Ардчилсан нам уг мэдэгдэлдээ энэ хүнд цаг мөчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа дурджээ.
Мэдэгдэлд "Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна. ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм. Энэ хүнд цаг мөчид Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна" гэжээ.
Эх сурвалж: Монголын Ардчилсан нам