Энэ сарын 22-нд буюу өчигдөр Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар их танхимд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөр болон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойд зориулсан хүлээн авалт болов.
Хүлээн авалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголын талын өндөр дээд албаныхан зэрэг зочид олноор оролцлоо.
Японы уламжлалт бөмбөрийн “UB Drums” хамтлагийн тоглолтоор хүлээн авалт эхэлж, Морин хуурын чуулга хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн дүрс бичлэгт илгээлтийг толилуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Түүний дараа “Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслол үйлдэж, Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн хундаганы үг хэлжээ.
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээндээ “Цог Жавхлант Эзэн Хааны 62 насны ойг тэмдэглэхийн хамт энэ сарын 24-нд Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж байгаатай холбогдуулан холбогдох хүмүүсийн өнөөг хүртэлх дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Мөн Япон, Монголын харилцааг хөгжүүлэхийн төлөө хоёр орны холбогдох хүмүүсийн хамт хүчин чармайлт гарган ажиллах болно” гэжээ.
“Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслол нь торхтой сакэны тагийг цохиж задлан, аз жаргалыг дууддаг утга учиртай японы уламжлалт зан үйл юм.
Хүлээн авалтын танхимын орох хэсэгт Монголтой харилцаа бүхий Японы орон нутгийн засаг захиргаанаас ирүүлсэн Япон, Монголын харилцааны гэрэл зургаар үзэсгэлэн гаргажээ.
Эх сурвалж: Японы ЭСЯ