Хөгжлийн банк зээлдэгчдээ зарлаад нэг сарын хугацаа өнгөрч байгаа энэ үед чанаргүй зээлдэгчдийн хэд нь зээлээ төлөв? Чанаргүй зээлдэгчдийн хэд нь зээлээ төлөх талаар яриа хэлээ болж, нөхцөл байдлаа тайлбарлаж байгаа талаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбатаас бид тодрууллаа.
Тэрээр, “Одоогоор чанаргүй зээлийн ангилалд байгаа Монполомент групп, анхаарал хандуулах шаардлагатай зээлийн ангилалд байгаа МАК компани л зээлээ төлөх талаар яриа хэлэлцээр хийсэн. Бусад чанаргүй том зээлдэгчид ерөөсөө зээлээ төлөхгүй байгаа. Хамгийн том 15 зээлдэгчээс хэлэлцээр хийж байгаа нэг, хоёр л зээлдэгч байна гэсэн үг. Бусад нь санаачлагагүй, төлөлт нь тэг байна. Энэ миний хувьд хамгийн их санаа зовж байгаа асуудал.
Яагаад гэвэл жижиг 10 зээлдэгчээс өрөө аваад ч нийт авах ёстой өр төлбөрийн тавны нэгд нь ч хүрэхгүй.
Миний хувьд 10 жилийн турш зээлийн эрсдэлийн үеийн хямралын менежмент дээр ажиллаж ирсэн туршлагатай. Энэ банк ойрын тав, зургаан сард зээл олгох талаар яриад ч хэрэггүй ийм нөхцөл байдалтай байгаа. Зээл олгох эх үүсвэр ч байхгүй. Ийм ойлгомжгүй нөхцөлд дахиад ийм хардлагад зээл олгох нь хэр зөв, зохимжтой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Би энэ төлөөлөн удирдах зөвлөлд ганцхан зорилготой орсон. Хувь хүнийхээ хувьд юу гэж бодоод байна вэ гэхээр энэ улсын эрсдэлд орсон 1,8 их наяд төгрөгийг буцааж авах.
Тэгэхийн тулд том зээлдэгчдээс л зээлээ авах ёстой. Би юун дээр тулгуурлаж ажиллах листийг гаргаад байгаа вэ гэхээр хамгийн том хамгийн өндөр дүнтэй хамгийн их асуудалтай зээлдэгчдээс л зээлээ авах учиртай. Ийм 15 зээлдэгч бий. Энэ 15 зээлдэгч мөнгөө өгөхгүй л бол бусад зээлдэгчээс бүгдийг нь аваад хаасан ч гэсэн нэмэргүй болчихно. Яагаад гэвэл 66 зээлдэгч гэж нэрлэж байгаа боловч том 15 нь 2 их наяд шахаад ороод ирсэн дүр зураг байгаа юм” гэлээ.
Өөрөөр хэлбэл бид улс орон даяараа бүтэн нэг сарын хугацаанд чанаргүй зээлдэгчдийг ал дүүжил гэж хүртэл хараан зээлээ төлөхийг цахим орчинд шаардан “тэмцэж” буй ч начир дээрээ том зээлдэгчдийн нэг нь ч зээлээ төлөөгүй, зээлээ төлөх талаар зээлдүүлэгч болох ХӨГЖЛИЙН БАНКТАЙ уулзаж, нөхцөл байдлаа ч тайлбарлаагүй байдалтай байна. Зээлээ төлөхөөр яриа хэлэлцээр хийж буй МАК, МОНПОЛОМЕНТ компаниудыг бид ямар нэг байдлаар, зөвтгөх, өмөөрөх гэсэнгүй. Зээлдэгчдээс зөвхөн энэ хоёр л зээлээ төлөх талаар ярилцаж байгааг мэдээлж буй төдий.
Бусад чанаргүй зээлдэгчид тэр дундаа ТОМ зээлдэгчид яав?
Өчигдөрхөн гэхэд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан.
Мөн АТГ-аас Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудыг шалгаж, саатуулж, зарим хэргүүдийг сэргээж байгаа ч хамгийн чухал үр дүн болох өр барагдуулах, зээлээ төлөх явц ТЭГ байна. Хэрвээ том зээлдэгчид л зээлээ төлөхгүй бол Хөгжлийн банк, Засгийн газар 2023 онд төлөх гадаад өрөө төлж чадахгүйд хүрэх юм.