Нийгмийг цочроосон асуудлууд хэсэг хугацаанд дэвэрч байгаад нам дарагддаг. Үүний нэгэн адилаар энэ оны нэгдүгээр сарын 26-нд БГД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 7 давхраас гурван настай хүүхэд, эвдэрхий лифтний хаалга түшин зогсож байгаад унаж, амиа алдсан хэрэг сураг ажиггүй, тодорхой бус үлдэж буй.
Хэрэг гарснаас гурван долоо хоног буюу нэг сарын хугацаа өнгөрлөө. Хүүхдийн алтан амь үрэгдсэн энэ хугацаанд тухайн байр асуудлаа шийдэж, лифтээ засварласан эсэхийг сурвалжлахаар бид очтол 86 дугаар байрны эвдэрхий лифт хэвээрээ. Бүх давхарт хулдаасан хашилт скочоор нааж орхисон байдалтай байна. Тэр ч бүү хэл долоогоос дээш давхарт ямар ч хашилт байхгүй байсан юм. Ийнхүү СӨХ-ны хариуцлагагүй байдлаас үүдэн хохирсон хүүгийн 49 дэх хоног нь болж амжаагүй байхад дараагийн хохирогчоо хүлээж буй мэт эвдэрхий лифт байсаар байна. Бид нэгнийгээ “ниргэсэн хойно нь хашхирлаа” гэж шүүмжилдэг бол, энд ниргэчхээд байхад хашхирсан ч зүйл алга.
Оршин суугчдын зүгээс тухайн байрын СӨХ-нд шаардлага тавьсан ч хүлээж аваагүй, авдаггүй гэцгээв.
ОРШИН СУУГЧИД…
- Ноцтой хэрэг гарчхаад байхад манай байрны СӨХ “таг” байна шүү дээ. Бид хэргийн дараа шаардлага тавьсан. Огт хүлээж аваагүй. Хаалгаа ч онгойлгохгүй нам суучихдаг. Та бүхнийг очсон ч хаалгаа нээхгүй л болов уу. Бид СӨХ-нд тушаах ёстой төлбөрөө төлдөг. Харин сүүлийн 2-3 сар огт өгөөгүй. Юу ч хийхгүй байхад нь өгөх нь зөв ч юм уу буруу ч юм уу гэж бодох болсон.
- Тэр явдлаас хойш бөөн түгшүүр л байна. Ямар сайндаа холоос ирж хүүгийнхээ хүүхдүүдийг харж байх вэ. Сургуулийн хүүхэд юм. Янз бүрийн асуудал болвол яах болж байна.
- Удахгүй лифттэй болно гэж байгаа. СӨХ-той байнга л холбоотой байж санал бодлоо хэлдэг. Хүлээж авахыг нь хараагүй.
Энэ үеэр сургуульдаа явж буй бага насны хүүхдүүд, лифтний хажуугаар явахаас айдаг. Хичээлээ тараад ирэх үед хүнд цүнхээ үүрээд дээшээ гарах маш хэцүү байдаг хэмээн ярилаа.
“БИ СӨХ-НЫ АЖИЛТАН БАЙНА. ГЭХДЭЭ ЭНЭ БАЙР СӨХ-ГҮЙ”
Уг байр хоёр орцтой. Хоёрдугаар орцны хоёр лифт хоёулаа ажилдаггүй. Харин нэгдүгээр орцны нэг лифт нь ажиллаж байв. Оршин суугчдын мэдээлснээр, 86 дугаар байрны нэгдүгээр орцонд СӨХ-ны дарга н.Цэцгээ гэх хүн бий гэв. Үүний дагуу бид түүнтэй уулзахаар очсон юм. Ингэхэд н.Цэцгээ байж болзошгүй, өөрийгөө СӨХ-ны ажилтан гэж тайлбарласан атлаа, “Энэ байр СӨХ-гүй. Бидэнд буруу байхгүй” гэж чарласан эмэгтэй хаалгаа тас хаасан юм. Хэсэг хугацааны дараа тэрбээр өөрөө гарч ирж тайлбар өглөө.
Түүний ярьж буйгаар, “Иргэдийн төлөөллөөс 45 сая төгрөг орж ирсэн шүү дээ. Түүгээр лифтийн засвар хийгээгүй. 2021 онд төсөвлөгдөөд ороод ирсэн мөнгөөр хийгээгүй гэсэн үг. Хугацаанд нь лифтээ янзалсан бол ийм асуудал үүсэхгүй. Энэ асуудлыг СӨХ хариуцах ёсгүй. Та нар яагаад хог новшийг нь арилгасан хүнтэй зууралдаад яваад байгаа юм. Хэний захиалгаар явж байгаа юм. Би хөөцөлдөөд хэд хэдэн удаа ИТХ-ын төлөөлөгчтэй уулзахаар явсан. Одоо яагаад намайг хоргоогоод байгаа юм бэ” гэж уцаарлав.
Түүнээс бид хэн болохыг нь лавлахад СӨХ-ны ажилтан байна гэж чарлахаас өөр тоймтой хариулт өгөөгүй юм. Хүүхдийн амь хохирсон хэрэгт хэний захиалгаар явж байгаа юм гээд уцаарлаж буй тэр, нэг бол зүгээр оршин суугч, нэг бол СӨХ-ны ажилтан гэж “орон гаран” зүйл ярьсаар байв. Ингээд бид оршин суугчдаас түүний хэн болохыг лавлахад,
ОРШИН СУУГЧИД…
- СӨХ-ны ажилтан мөнөөр барах уу. Тамга тэмдгийг нь эзэмшдэг хүн шүү дээ. Түүнээс тамга тэмдгээ авчихвал дараагийн ажлаа хийж, энэ асуудлыг гээд байна. Тамга тэмдгээсээ болж л ийм асуудал үүсэж байгаа.
- СӨХ хариуцаж байгаа н.Цэцгээ гэх хүн олон жилийн турш СӨХ-ны ажил хийлгэхгүй, өөрөө ч хийсэн зүйлгүй ингээд л яваад байна. Лифт нь ажиллахгүй олон жил боллоо. Айлууд хувиасаа мөнгө гаргаж засвар үйлчилгээгээ хийлгэдэг. Хурал хийгээд олон нийт даргаар сонгоё гээд хүлээн зөвшөөрсөн хүн хажууд байна. Түүнд тамга тэмдгээ өгөхгүй байна.
Үүсээд буй асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал бас нэг хүүхэд унаж эрсдэхийг үгүйсгэхгүй. Дахин том золиос гаргахгүйн тулд үүнд хамааралтай бүх түвшний мэргэжилтнүүд анхаарч шийдвэрт хүрэх ёстойг энэхүү сурвалжилгаар онцоллоо.
Мөн бид уг асуудалд нэр холбогдсон БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Миеэгомбоос тодруулахад, энэ асуудлын тухай баримттай ярилцлага өгнө. Шуураад өнгөрөх биш дахин ийм зүйл тохиолдохгүй байхад анхаарах хэрэгтэй гэв. Тун удахгүй бид түүнээс үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулж хүргэх болно.