Люксембург 2019 онд “эзэмшигчдийн бүртгэл”-ээ дэлгэсэн нь нүд бүлтийлгэм гайхалтай баримтуудаар дүүрэн байлаа. Тус улсад харьяалагддаг компаниудыг олон зуун хүүхдүүд, тэр дундаа нялх хүүхдүүд эзэмшдэг гэдгийг эзэмшигчдийн бүртгэлд бичсэн байжээ.
Organized Crime and Corruption Reporting Project (Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл)-ийнхөн Люксембургийн компаниудын томоохон хувьцааг эзэмшдэг болон хянадаг насанд хүрээгүй 291 хүүхдийг “илрүүлжээ”.
Тэдний дунд улс орондоо олигархи, гэмт хэрэгтэн, улс төрийн нөлөө бүхий хүмүүс гэгддэг хүмүүсийн хүүхдүүд ч багтсан байна. Ихэнх бүртгэлийн хувьд компаниудын эзэд нь компаниудаасаа “залуу” хүүхдүүд байжээ.
Говь нутагт нүүрсний томоохон компанийг эзэмшдэг нэг настай Монгол хүүхэд, арван нэгэн настай Азербайжан хүү Туркменистан, Хятад улстай төрийн хэмжээний гэрээ байгуулан ашиг олдог бол Канад, Калифорнийн тэтгэврийн системд оруулсан хөрөнгө оруулалтаас тэрбум долларын хөрөнгөтэй болсон орос өсвөр насны охин ч бий гэнэ.
Эдгээр баримт нь 2020 оны байдлаар Люксембургийн компаниудын томоохон хувьцааг эзэмшиж, хяналтандаа байлгаж байсан 300 орчим насанд хүрээгүй хүүхдүүдийн цөөхөн хэдхэн нь гэдгийг OpenLux төслийн хүрээнд хийсэн мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.
Люксембургт хүүхдүүд компани эзэмших нь хууль бус асуудалд тооцогддоггүй ч зарим эзэмшигчдийн нэрсийг тодруулахаас аргагүй юм.
2019 онд Люксембург анх удаагаа "эцсийн ашиг хүртэгч эзэмшигчдийн" буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл нэр дэвшсэн компаниудын жинхэнэ эзэмшигчдийн бүртгэлийг нийтэлсэн нь тус улсын санхүүгийн нууцаас хэн ашиг хүртэж буйг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр алган дээр тавьсан мэт ил тод харуулав.
Хэдийгээр эрх баригчид эцсийн ашгийг нь хүртэгч буюу эзэмшигчдийн нэрсийг нийтэлснээр залилан, хулгайл, шантаажлах, дээрэмдэх, дарамтлах зэрэг гэмт хэрэгт тэдгээр хүмүүс өртөх эрсдэлтэй гэж үзэн эздийг гурван жилийн хугацаатай нууцлах санал тавьж байжээ. Энэ төрлийн нууцлалын хүсэлт гаргахад хялбар байдаг. Тиймдээ ч 290 компанийн эзэмшигч нь бүртгэлд мэдүүлэг өгөх үедээ 18, 19 настай байсан нь өмчлөх үедээ насанд хүрээгүй гэгдэн нууцлагдах боломж олгосон байж болзошгүй ажээ.
ЯАГААД НЯЛХ ХҮҮХДҮҮД ОЛОН САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨТЭЙ КОМПАНИУДЫГ ЭЗЭМШИХ БОЛОВ
Гэр бүлийн бизнест эцэг эхчүүд урт хугацааны өв залгамжлалын төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон хүүхдүүддээ хувьцаа таслан өгч болдог. Гэвч тухайн компанийг үүсгэн байгуулах үед эдгээр нялх эздийн олонх нь хорвоод мэндлээгүй байсан гэх.
"Хөрөнгө нь зургаан сартай хүүхдүүд эсвэл Холбооны мөрдөх товчооны хамгийн их эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн эзэмшилд байж болно. Гэхдээ энэ нь бэлэн мөнгө биш хөрөнгө байгаа тохиолдолд хэн ч шалгахгүй. Харин бусад бүх зүйл “радарт”-т шууд харагддаг” гэжээ.
Люксембург 2021 оны хоёрдугаар сард нийтлэгдсэн OpenLux-ийн дэлгэсэн баримтуудыг буруушааж, мөнгө угаах зохицуулалтын дутагдалтай гэсэн шүүмжлэлт мэдэгдлийг нь няцаасан. Харин наймдугаар сард Люксембургийн Хууль зүйн яамнаас мөнгө угаах, татвараас зайлсхийсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл өргөн барина гэж тус улсын бүртгэлийн газарт мэдэгдсэн нь сонирхолтой байгаа юм.
Энэхүү шинэчлэл нь тус улсын засгийн газраас бүтцээ цэвэрлэж, бэхжүүлэх олон хүчин чармайлтын нэг байв. Люксембургийн Хууль зүйн яам “бүртгэлд компанийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бүх насанд хүрээгүй хүүхдүүдэд аудит хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үр дүнг энэ оны сүүлээр нийтлэх болно. Гэхдээ бусад олон оронд насанд хүрээгүй хүмүүст компани эзэмшихийг зөвшөөрдөг бөгөөд насанд хүрээгүй хүмүүс насанд хүрэгчдийн нэгэн адил хяналт тавьдаг” гэдгийг онцолжээ.
Люксембургийн Бүртгэлийн газрын дарга Ив Гоннер Reporter.lu-д "Насанд хүрээгүй хүүхдэд зориулсан журам нь насанд хүрсэн эзэмшигчдэд тавьдаг дүрэм журамтай яг адилхан. Бид нэмэлт хяналт хийдэггүй. Магадгүй нэг настай хүүхэд шүүхэд компани нь яагаад хувийн нууцыг нь хадгалах эрхтэйг тайлбарлаж чадвал бид үүнийг хүлээн зөвшөөрнө" гэж тайлбарласан байна.
Люксембург болон бусад улс орнуудыг иймэрхүү тохиолдлуудад бие даасан шалгах механизм, улаан тугийн системийг бий болгохыг уриалж байсан Transparency International байгууллагын хууль бус санхүүгийн урсгалын шинжээч Майра Мартини: "Энэ бол гол асуудал нь. Тэд ямар ч шалгалттай тулгардаггүй. Ийм бүртгэлүүд нь тэдний эзэмшиж буй мэдээлэл шиг л хэрэгтэй байдаг. OpenLux нь сэрүүлэг болж өгөх ёстой байсан. Люксембургийн эрх баригчдын зарим нь ил тод байдлын шинэчлэлийг эсэргүүцэж, Европын холбооны хувийн нууцыг хамгаалах эрхийг зөрчиж болзошгүй гэж үзэж байна. Гэхдээ бүртгэлд тайлагнасан мэдээллийн өчүүхэн хэсгийг л олон нийтэд ил болгодог бөгөөд үүнд гэрийн хаяг гэх мэт хувийн мэдээллийг хэзээ ч оруулдаггүй” гэдгийг тайлбарлажээ.
Азербайжан
Мамедовын гэр бүл Азербайжаны хамгийн баян хүмүүст зориулагдсан бүх хөнгөлөлтийг эдэлдэг. Байлар Мамедов, түүний эхнэр, гурван хүүхэд нь арлын улсын алтан паспортын тогтолцооны ачаар Мальта улсын иргэншилтэй. Түүний охины 2014 оны оддын хуриманд Азербайжаны ерөнхийлөгчийн охин оролцсон бөгөөд Сүйт залуу Камал Гажиев нь ерөнхийлөгчийн ойрын хүн гэгддэг парламентын гишүүний хүү аж. Мамедовын хөвгүүдийн нэг нь Англид олон жилийн турш амьдарч, жилийн 35 000 фунт стерлингийн төлбөртэй нэр хүндтэй их сургуульд суралцжээ.
Азербайжаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Маммадовыг нэр хүндтэй бизнесмэн гэж тодорхойлдог ч түүний эрхэлдэг бизнесийн талаар болон компанийнх нь нэр усыг дурдсан зүйл огт байхгүй.
Харин OpenLux төсөл нэгэн сэжүүр олсон нь Мамедовын эхнэр, хүүхдүүдийг Люксембургт бүртгэлтэй Canley Finance SA хэмээх компанийн эзэд болохыг тогтоосон явдал байв. Энэ компани 2008 онд байгуулагдсан цагаасаа хойш дэлхий даяар хөрөнгө оруулалт хийж, төрийн хэмжээний гэрээ байгуулан ажиллаж байна. 2020 онд тус компани Маммадовын эхнэр, гурван хүүхдийнх нь нэр дээр бүртгэлтэй ч компаниа байгуулагдах үед эзэд нь 17 нас, 9 нас, 3 сартай байжээ.
Хэдийгээр Мамедов өөрөө захирал эсвэл хувьцаа эзэмшигчийн жагсаалтад бүртгэгдээгүй ч тэрээр фирмдээ 21,000 гаруй евро зээлж, эхлэлийн хөрөнгийг нь босгож байсан гэгддэг.
2012 онд Canley Finance нь Азербайжаны томоохон банкуудын нэг Юнибанкны 6 сая гаруй ам.долларын хувьцааг худалдаж авах үед нялх эзэд нь дөнгөж 4, 14 настай байжээ. Canley Finance нь Мамедовын удирддаг Мальтагийн Lenstor Enterprises Ltd. пүүсийг мөн эзэмшдэг. Түүний хүргэн Гажиев өмнө нь гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Тус компани 2008 онд байгуулагдсан цагаасаа хойш Туркменистаны засгийн газартай байгалийн хийтэй холбоотой 43 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ. Мамедов мөн эрчим хүч, нефть химийн болон бусад салбарт мэргэшсэн худалдааны компани гэж тодорхойлсон Lenstor Trading LLP хэмээх Британийн компанийг эзэмшдэг. Түүний үйлчлүүлэгчид нь Туркменистан, Хятад улсын төрийн компаниуд, Оросын үйлдвэрлэгчид, АНУ-ын Оклахома муж дахь хамгийн том түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэгч нар байдаг.
2017 онд Canley Finance өөрөө АНУ руу хандаж, Buta Investment Group нэртэй Флорида дахь зочлох үйлчилгээний компанийн гуравны хоёрыг худалдаж авсан. Дараа нь Люксембургийн фирм Бута руу 4 сая доллар “цутгасан”.
Мамедовын хүүхдүүд Canley Finance-ийг албан ёсоор эзэмшдэг, энэ нь хууль ёсны дагуу хийгдсэн ч эцгийнх нь нэр эзэмшигч, тэр бүү хэл гүйцэтгэх албан тушаалтнуудын дунд ч байхгүй нь компанийн жинхэнэ өмчлөлийг нуун дарагдуулахын тулд тэдний нэрийг ашиглаж байна уу гэсэн хардлага эрхгүй төрүүлж буй.
Мексик
Мексикийн тэргүүлэх хийн конгломерат Zeta-г үүсгэн байгуулагч Мигель Сарагоса Фуэнтес дэлхийд зартай нэгэн. Тэрээр 2014 онд 60 настай эхнэр, 11 хүүхдийнх нь ээж Эвангелина Лопес Гузманаас салах өргөдлөө өгснөөр түүний гэр бүлийн амьдрал үндэсний олон ангит кино болон хувирсан гэдэг.
Лопес тэрбумтан нөхөр нь Сарагосагийн өөр нэг эзэгтэйн үйлчлэгчээр ажилладаг Эльза Эстер Каррилло Анчондо хэмээх гэрийн үйлчлэгчтэй үерхэж байсныг олж мэджээ. Каррилло 2004 онд Сарагосагийн арван хоёр хүүхдийг төрүүлсэн. Ийм болоод ч тэр үү Сарагоса дараа нь экс эхнэртээ бэлэн мөнгө, үл хөдлөх хөрөнгө, онгоц, урлагийн бүтээл зэрэг олон сая ам. долларын хөрөнгө шилжүүлсэн нь бий.
Сарагоса, Лопез нар анх гэрлэж байсан Техасын шүүх Лопесын талд орж, Сарагозад бизнесийн эзэнт гүрнийхээ нэлээд хэсгийг өгөх шийдвэрийг гаргасан. Гэвч Мексикийн дээд шүүх хүртэл хэд хэдэн удаагийн давж заалдсан шүүх хурлын эцэст Сарагоса хүссэндээ хүрч, экс эхнэртээ илүү зүйл өгөлгүй салж чадсан юм.
OCCRP Сарагосагийн Багамын аралд бүртгэлтэй Техас газ ба газрын тос (TGO) Ltd.-г Сарагоса болон Каррилло нарын өсвөр насны охин эзэмшдэг болохыг олж тогтоосон байна. Шүүхийн мэдүүлгийн дагуу Zeta Gas del Pacifico-ийн ханган нийлүүлэгч болох TGO компани Сарагоса болон түүний хоёр дахь гэр бүлд хувийн хэрэгцээнд зориулж, тэр дундаа Карриллогийн өөр нэг хүүхдэд коллежийн төлбөр төлөх зорилгоор 1 сая ам.доллар шилжүүлжээ. Өнгөрсөн жил Мексикийн эрх баригчид Grupo Zeta-ийн борлуулалттай холбоотой баримт бичгүүдийг дэлгэхийг хүсэн шүүхдэлцсний эцэст, тулд хоёр жил үргэлжилсэн шүүх хуралд ялагдал хүлээсэн юм.
Тус компани нь Сарагосагийн 17 настай охины Belgrave SA болон Vaurigard SA гэсэн хоёр компаниар дамжуулан эзэмшдэг Grupo Zeta-тай холбоотой хэд хэдэн аж ахуйн нэгжийн нэг нь байжээ. Үүгээр ч зогсохгүй Сарагосагийн гэр бүлийн мэдэлд байсан боловч 2019 оноос хойш дан ганц охиных нь эзэмшилд шилжжээ.
Belgrave болон Vaurigard-аар дамжуулан тэрээр Перу, Гватемал, Испани, Нидерланд, Багамын арлууд, Белиз зэрэг бусад 12 компанийн хувьцааг багтаасан 73 сая ам.долларын хөрөнгийн ашиг хүртэж, наймыг нь шууд эзэмшдэг.
Эдгээр компаниудийн зарим нь Grupo Zeta-ийн охин компаниуд боловч Люксембургийн холдинг компаниудаа Мексикийн татварын албанд мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Техасын шүүх Люксембургийн хоёр холдинг компани болон TGO хоёулаа Zeta корпорацийн бүтцийн нэг хэсэг гэж мэдэгдэв. Түүгээр ч зогсохгүй дээр нэр дурдсан хоёр компани нь татвараас зайлсхийсэн хэргээр Гватемалаас зөвшөөрөл авсан Групо Зетагийн өөр нэг охин компанийн хаяг болон хууль ёсны төлөөлөгчтэй адил хаягтай байгаа аж.
ОХУ
Люксембургт төвтэй Felicity International S.A компанийн эздийн хэн болох нь олон жилийн турш нууцлагдмал байсан. 2014 онд олон сая долларын залилангийн схемийг шалгаж байх үед мөрдөн байцаагчид Британийн Виржинийн арлуудад компанийг үүсгэн байгуулагчдын талаар мэдээлэл авахыг хүссэн захидал илгээсэн гэдэг.
Зөвхөн 2019 онд Люксембург компаниудын эзэмшигчдийг жагсаалтад оруулахыг албадах үед Болгарын иргэншилтэй ах, эгч дүүсийнх нь эзэмшил гэж мэдэгдэх үед нэг эзэмшигчээр нь тодорсон бага дүү нь 15 настай байжээ.
OCCRP тэднийг 2008 онд тус улсын алтан паспортын дагуу Болгарын иргэншлийг авсан Оросын харилцаа холбооны олигарх Сергей Адониевын хүүхдүүд болохыг тогтоож, улмаар 2018 оны тавдугаар сард эрх баригчид түүний гэмт хэрэг үйлдсэн болохыг олж илрүүлсний дараахан эрхийг нь цуцалсан байдаг. 1998 онд Адониев Кубээс элсэн чихэр импортлох нэрийдлээр Казахстаны Засгийн газраас дөрвөн сая ам.доллар залилсан хэргээр АНУ-д ял сонссон билээ.
1999 онд түүнийг АНУ-аас Орос руу албадан гаргаж, Кремль болон төрийн өмчит компаниудтай холбоотой янз бүрийн хүмүүсээс хөрөнгө оруулалт, дэмжлэг авч харилцаа холбооныхоо “эзэнт гүрнийг” байгуулж чадсан гэж OCCRP-ийн түнш Бивол дурдсан байдаг. 2000 онд LA Times сонинд Холбооны мөрдөх товчоо Адониевыг 1993 онд Орос-Финландын хилээс хураан авсан 1.1 тонн Колумбын кокаин тээвэрлэсэн байж болзошгүй хүнээр сэжиглэж буйгаа мэдэгдсэн юм.
Felicity International S.A нь Адониевыг албадан гаргасан жил буюу одоогийн гурван эзний хоёр нь төрөхөөс өмнө байгуулагдсан байгаа нь анхаарал татах нь ойлгомжтой.
Жилийн тайланд дурдсанаар Люксембургийн фирм, улмаар Адониевын хүүхдүүд нь Францын Ривьерийн Кап д’Аил дахь хошуу дээр байрлах 25 сая еврогийн үнэтэй Вилла Виолетт хэмээх дөрвөн давхар далайн эрэг дээрх үл хөдлөх хөрөнгийн эзэд гэнэ. Felicity International S.A уг үл хөдлөх хөрөнгөө 2006 онд худалдаж авсан бөгөөд тэр үед гурвуулаа ойролцоогоор 9, 3, 2 настай байв. 2015 онд тус компани 450 733 еврогоор "компьютерийн мэдээллийн сан" худалдаж авсан бөгөөд энэ нь өнөөдөр Адониевын хүүхдийн өмч гэсэн бүртгэлтэй байдаг.
Итали
Италийн кино продюсер Даниэле Лорензано, Ерөнхий сайд асан Сильвио Берлусконитэй холбоо сүлбээтэй гэдгээрээ олон жилийн турш шүүмжлэлийн бай болсон. Тэрээр 1980-аад оноос эхлэн одоо үнэн нүүр царай нь ил болсон гутамшигт улстөрчийн хэвлэл мэдээллийн компанийн АНУ дахь өргөн нэвтрүүлгийн эрхийг олж авах ажлыг удирдаж байсан.
Миланы прокурорууд Лорензано нь Берлусконигийн зохион байгуулсан дэлхийн хэмжээний татварын луйврын схемийг удирдаж байсныг тогтоож байлаа. 2012 онд тэрээр залилангийн хэрэгт оролцсон хэргээр гурван жил найман сарын хорих ял авчээ. Эцсийн эцэст хорих ялыг олон нийтийн ажил болгон хувиргаснаар тэдний хэн нь ч ялаа биечлэн эдлээгүй юм.
1994 онд Берлускони улс төрийн карьераа эхлүүлж, үл хөдлөх хөрөнгийн компани болох Najis Real Estate S.A 2003 онд Люксембург руу нүүлгэв. Одоогоор тус компанийг хэн эзэмшдэг нь тодорхойгүй байгаа ч 2019 онд Лорензаногийн хоёр охиндоо зориулан байгуулсан гэр бүлийн итгэлцлийн компани гэсэн мэдээлэл албан бусаар цацагдах болсон. Najis Real Estate S.A Люксембург руу нүүж ирэхэд эзэмшигч охидын нэг нь хараахан төрөөгүй, нөгөө нь дөнгөж хоёр ой хагастай байжээ.
Итгэлцэл нь эцэг эхчүүд өв залгамжлалтай холбоотой татвар зэргээс зайлсхийхийн зэрэгцээ хүүхдүүддээ хөрөнгө шилжүүлэх нийтлэг аргад ордог. Тэдгээрийг ашиг хүртэгчдийн нэрийн өмнөөс гуравдагч этгээд удирддаг журамтай.
Өдгөө Najis Real Estate S.A хоёр сая гаруй ам.долларын хөрөнгөтэй бөгөөд 10.8 сая ам.долларын өртэй гэж бүртгэгджээ.
Najis Real Estate S.A -ийн хөрөнгө нь Берлусконигийн татварын луйврын схемтэй холбоотой гэдгийгбатласан мэдээлэл байхгүй. Najis Real Estate S.A Люксембург руу нүүсэн цагаасаа хойш Швейцарийн язгууртан Филиппо Долфус де Волкерсбергийн удирдлагад байсан бөгөөд тэрээр 2019 онд Миланы шүүгч татвараас зайлсхийсэн, залилангийн хэргээр тус тусад нь хэрэг үүсгэж. Яллагдагчаар татагдаж асан нэгэн юм.