Ковидийн хоёр жилийн хугацаанд Засгийн газар нийтдээ 15,1 их наядын хоёр томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Гэвч цар тахал, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсаар байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2,4 их наяд төгрөгийн халамжийг Засгийн газраас олгосон. Мөн 2020 онд гэхэд төсвийн алдагдал 4,5 их наядад хүрсэн нь өмнөх түүхэнд байгаагүй их алдагдал юм. Тэгвэл Монгол улс өрийн хавханд орж дэлхийн хамгийн их өртэй улсуудын тоонд орсон. Яг энэ байдлаараа төсвийн алдагдалтай байсаар байх юм бол ирэх 4-5 жилд Монгол улсын эдийн засгийн байдал маш хүнд нөхцөлтэй болно гэдгийг эдийн засагч онцолж байна.
Энэ талаар эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж "Ковидтой тэмцэхэд улс орон бүр өөр өөрийн гэсэн арга замаар тэмцэж эхэлсэн. Монгол улсын эдийн засаг сүүлийн 25 жилд байгаагүйгээр 5,3 их наядаар уначихлаа шүү дээ. Тэгэхээр эдийн засгаа бид хамгаалж чадсангүй, эрүүл мэндээ хамгаалж чадсангүй. Тэгсэн хэрнээ асар их хэмжээний мөнгийг бид зарцуулжээ.
Их наяд гэхээр хүмүүс бас ойлгохгүй байдаг. Нэг их наяд төгрөгөөр Монгол улсын 330 суманд эмнэлэг, тамгын газар, цэцэрлэгийн байр гэх мэт дөрвөн том объектоор бараг шинэ сум байгуулах хэмжээний мөнгөн дүн. Нэг их наядаар 330 сумандаа дөрвөн том байшин барина. Таван их наядаар 330 сумыг цоо шинээр барихаар ийм их хэмжээний мөнгө гэж ойлгож болно. Өмнөх 5 их наядын хөтөлбөрөө тооцож дүнгийг нь гаргалгүйгээр дахиад шууд 10 их наядын хөтөлбөр зарлалаа шүү дээ. 10 их наядын хөтөлбөр гэдэг ямар их хэмжээний мөнгө гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Нийтдээ 15 наяд их төгрөгийн хоёр хөтөлбөр байгаа. Энэ бол Монгол улсын төсвийн нийт орлоготой бараг тэнцэх хэмжээний их мөнгө. Зөвхөн татвар төлөгчдийн мөнгөөр 10 их наядыг бүрдүүлээд байгаа юм биш. Гадаадын донор орнуудаас нэг тэрбум доллар буюу гурван их наяд төгрөг босгосон. Эрдэнэт үйлдвэрээс нэг их наяд, Оюу толгой компаниас 1,2 их наяд гэх мэтчилэн дурдаад байх юм бол замбараагүй их мөнгө зарцуулсан.
"10 ИХ НАЯДЫН ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ БАЙХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА"
Одоо 10 их наядын хөтөлбөр хэрэгжиж байна. 10 их наядын хөтөлбөр дотор тодорхой хэмжээний боломжийн гэж харж болохуйц гурван хувийн хүүтэй компаниудад туслах ч байдаг юм уу иймэрхүү зүйлүүд харагдаж байгаа. Гэхдээ энэ нь ямар үр дүнд хүрэхийг одоохондоо бид мэдэхгүй байгаа. Халамжаар 2,4 их наяд төгрөгийг хоёр жил дараалан тараасан. Тэгэхээр инфляци хүссэн, хүсээгүй нэмэгдэхийг хүн бүр мэднэ. Манай Монгол улсын гадаад өрийн асуудал нэн хүнд байгаа. 2021-2024 онд 5,8 тэрбум долларын өрийг Засгийн газар, Хөгжлийн банк нийлээд төлөх ёстой.
БИД ИРЭЭДҮЙДЭЭ ӨР ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Иймэрхүү байдалтай бид ирээдүйдээ өр үйлдвэрлэж байна. Ийм л хүнд үед ирээд байна. Энэ жилээс эхлээд эдийн засаг л хүндэрнэ. Болохоо байгаад эхлэхээрээ л хөгжлийн банкны 700-800 сая долларын өрийг төлж чадахгүй болохоороо ингээд асуудлаа сөхөөд байгаа юм. Ийм бодлогогүй замаар явбал олон улсад Монголчуудыг авлигачин гэдгийг зарлана. Авсан мөнгөө буцааж төлдөггүй нөхдүүд гэдгийг зарлана. Ямар ч гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй болно айхавтар байдалд хүрч байна. Ирээдүйн дөрөв, таван жилдээ манай эдийн засаг туйлын хүнд байна" гэсэн юм.