Монголын хип хоп ертөнцөд өөрийн гэсэн орон зайг үүсгэн уран бүтээлээ туурвин байгаа залуу артист Bhiismaa-г “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу? Намайг Наваандовдонгийн Туяабаатар гэдэг. Миний уран бүтээлийн нэрийг Bhiismaa гэдэг. Эхэндээ хип хоп уран бүтээл хийж байсан.
-Уран бүтээлийн нэрээ яагаад Bhiismaa гэж өгсөн юм бэ?
Миний уран бүтээлийн нэр эхнээсээ Bhiismaa байгаагүй л дээ. Намайг миний Туяабаатар нэрийг товчлоод TB гэж дууддаг. Анхны реп нэр маань Taras Bone гэдэг байсан. Би тэр үед андэрграунд хип хоп талдаа уран бүтээлээ хийж байсан. Сүүлд сонирхолтой сүнслэг аялал хийснээс хойш манай нэг багш миний номын нэрийг маань Bhiismaa гэж хайрласан. Түүнээс хойш би өөрийнхөө уран бүтээлд эрс шинэчлэлт хийж, өөрийнхөө хэн бэ гэдэг дээр ч шинэчлэлт хийгээд Bhiismaa гэдэг нэрээр ажиллаж эхэлсэн.
-Таныг “Ойрхон” дуугаа гаргасны дараа PR хийх гэж албаар ийм уран бүтээл хийжээ гэж их яригдсан. Энэ дууныхаа талаар сонирхуулахгүй юу?
Миний “Ойрхон” гээд дуу байна. Нэлээд хэдэн жилийн өмнө хийсэн ч гэсэн одоо ч би өөрөө сонсохоороо яг сонсогчийн үүднээс сонсоод байдаг. Тэр уран бүтээл дээр жишээлбэл миний өөрийн хувийн амбиц гэж огт байдаггүй. Тэнгэр, байгаль, ертөнцийн хүмүүний хүйн холбоог илэрхийлсэн тийм дуу юм болов уу гэж боддог. Яах вэ, үг нь их минималь талдаа. Гэхдээ ямарваа нэгэн уран бүтээлийг минималь талдаа хийхийн тулд минимализм нь өөрөө яруу байх хэрэгтэй байдаг. Одоо жишээлбэл Ice Top-ын Коби гээд уран бүтээлчийн “Амьдралаа” гээд нэг үгтэй дуу байдаг. Амьдралаа, өө амьдралаа гээд нэг үг хэлээд байгаа юм шиг боловч бүтэн амьдралыг янз бүрийн байдлаар илэрхийлж байгаа агууламж байгаа байхгүй юу. Түүн шиг “Ойрхон” гэдэг дуу маш энгийн юм шиг боловч үг нь үнэхээр яруу. Гэхдээ яг сайхан сонсоод үзэх юм бол ойлгомжтой, тийм биз дээ. Манайх, манай гэр гэдэг нь хаана нэгтээ байрлал байгаад байгаа биш миний гэр гэдэг нь энэ бие дотор байгаа энэ бие юм.
Би хаана ч явсан манай гэр энүүхэнд ойрхон байх юм аа гэдэг утгатай. Улаанбаатар хотод бүгдээрээ байшингийн хануудыг хараад тэр сошиал нэтворк дээр байгаа рекламуудыг хараад энэ гудамжинд явж байгаа машинууд, өнгүүдийг хараад үүнд хууртаад байгаа боловч бид үнэхээр гайхамшигтай сайхан хангай, Хатан Туул гол, Хан Богд уул маань гээд ийм сайхан хангайд амьдарч байгаагаа бас умартаад байх шиг санагддаг. Түүнийг бас олон хүмүүст сануулах байх гэж боддог. Энэ уран бүтээлийг хүмүүс юу гэж бодохыг би заахгүй шүү дээ. Би хувьдаа энэ дуугаа гайхамшигт уран бүтээл гэж боддог. Нөгөө тал нь юу вэ гэвэл миний амьдралын түүхийг өгүүлдэг.
Миний амьдралын түүх бас их сонирхолтой. Би бяцхан хүүхэд байхдаа тал нутагт малын бэлчээр дээр хурга хариулж өссөн, цаг үе өөрчлөгдөөд коммунист нийгмийг ч хүүхдийн нүдээр харсан. Түүнтэй хамт монголд ардчилсан хувьсгал болох тэр үед хувьсгалыг ч би хүүхдийн нүдээр харсан. Хувьсгалын дараа бүх юм замхраад новш болж байх үед би тэр новшийг, гудамжийг тэр чигээр нь ухамсар орсон хүүхдийн нүдээр харсан гэх мэт сонирхолтой түүхүүдийг өнгөрүүлсэн. Эцсийн эцэст яг одоо би энд сууж байгаа нь яг л нэг монгол эр хүн л байгаа шүү дээ.
-Та сүнслэг аялал хийгээд уран бүтээлээ шинэ нэрээр шинэ түвшинд гаргасан гэсэн шүү дээ. Энэ чухам ямар аялал байв?
Сүнслэг аялал гээд миний хэлээд байгаа нь өмнө нь системийг нь надад зааж өгсөн мэдээллүүдээс дамжуулж, ах, эгч, аав, ээж, сургууль соёлын системээс санал болгож байгаа тэр мэдлэг мэдээллээр би өөрийнхөө амьдралыг тооцоолж явж байсан. Харин тодорхой хугацааны өмнөөс эхлээд би тэрнээсээ болиод яг өөрийн ухамсарт сүнслэг амьдрал гэж яриад байгаа сүнслэг аяллыг ухамсартайгаар хийж эхэлсэн. Шашинтай бол нээх холбогдолгүй гэж бодож байна. Энэ ертөнц чинь өөрөө чөлөөт ертөнц шүү дээ. Шашны өгүүлэмжүүд, шашны гүн ухааныг хүлээж авах, ойлгож авах хэрэгтэй. Гэхдээ амьдрал өөрөө тэр чигээрээ чөлөөт ертөнц. Жишээ нь би явж байхад нэгэн буддын шашны эшлэл ч юм уу хэрэгтэй үг орж ирэх нь миний замыг заах ёстой үг байж таардаг. Зарим үед явж байхад Христийн шашны ч нэгэн өгүүлэмж, Библийн нэг хэсэг зүгээр орж ирэхэд тэр нь миний яг ертөнцөөс таньж мэдэн ойлгоод урагшлахад туслах гэрэл гэгээ байдаг. Зарим үед миний ээж, аавын хэлсэн сургааль намайг урагшлуулах зам болдог.
-Цагаан сарын баяр таны хувьд ямар байр вэ?
Цагаан сарын баяр үнэхээр ГОГО шүү дээ. Цагаан сарын баяраар ээж, аав дээрээ очиж золгоно, бууз иднэ. Миний хамгийн дуртай хоол бууз байхгүй юу. Өндөр настан хүмүүсээрээ зочилдог, гэр бүлийн баяр гэж боддог. Хамаатан, төрөл садантайгаа уулздаг цагаан бүхнийг бэлгэдсэн бэлгэдэлтэй баяр юм болов уу гэж боддог. Цагаан сард би үнэхээр дуртай.
-Гэр бүлийнхэн тань анх таны уран бүтээлийн хандлага, хэв маягийг хэрхэн хүлээж авч байв. Одоо уран бүтээлийг тань дэмждэг үү?
Гэрийнхэн хайр шүү дээ. Эхэндээ багаасаа л би гэрийнхэнтэйгээ энэ тал дээр зөрчилэй байсан. Ээж аавын хүссэнээр амьдраагүй. Ээж, аавын яваасай гэж хүссэн замаар би яваагүй. Тэгэхээр мэдээж таалагдаагүй л байгаа. Гэхдээ олон жилийн дундаж, олон жил өөрийнхөө хүссэн зүйлийн төлөө зүтгэснийг манай гэрийнхэн бүгд үнэлдэг. Манай гэр бүлийнхэн “Манай хүүхэд бол ямар ч байсан сайн хүн” гэдгийг мэднэ. Ямар ч үстэй, ямар ч харагдаж байсан би чинь энэ ертөнцийн хайр шүү дээ. Намайг мэддэг хүмүүс нь мэднэ ээ.
-Шивээс таны хувьд ямар утга учиртай зүйл вэ?
Би шивээсийг тэнгэрийн тамга гэж ойлгодог. Энэ бурхнаас заяасан ариун бие дээр ул мөр үлдээх сайхан биш л байдаг байх. Гэхдээ миний шивээснүүд их утга учиртай. Миний шивээснүүд нэгдүгээрт, тэнгэрийн тамга, хоёрдугаарт, миний эрх чөлөөний бэлгэ тэмдэг. Шивүүсээд дотор очир байна, нацагдорж, энэ гар дээр хорол байна, уул, үүл. Цаанаас л хийгдэх ёстой шивээсүүд гэж боддог.