Баярын өдрүүдээр түргэн тусламжийн 103 төвд хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 4-5 дахин нэмэгддэг. Бичил биетүүдээр халдварлагдсан мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэснээс хоолны хордлого үүсдэг байна. Мөн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдсанаас хордлогот халдвар үүсч болно.
Хоолны хордлогын үед гэдэс өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдгүүд илэрнэ. Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг ялгадас гарна. Биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэнэ. Бие сульдах, чичирч бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тэгвэл хоолны хордлогыг гэртээ эмчлэх нь хүндрүүлэх эрсдэлтэй байдаг талаар эмч зөвлөж байна.
Энэ талаар Түргэн тусламжийн ээлжийн ахлагч Г.Наранжаргал "Ер нь баяр ёслолын олон хоног үргэлжилсэн өдрүүдэд эвгүй хоол идсэнээс болоод гүйлгэж бөөлжсөн дуудлага ихэсдэг. Бага насны хүүхдэд килограмм жинд нь тохирсон эмийн бодисыг хэрэглэдэг. Эмийн бодис таарсан тунгаараа эм. Таарч, тохироогүй тун хор болно. Тийм учраас дур мэдэж эмчилгээ хийдэг бол сошиал орчноос мэдээлэл аваад хэрэглэдэг бол хамгийн зохисгүй үйлдэл. Тухайн үедээ хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа юм шиг боловч өөр эрхтэн системийг хордуулдаг, гэмтээдэг. Ийм юм гардаг учраас ер нь бага насны хүүхэд өдөрт гүйлгэлтийнхээ тооноос хамаараад усархаг хэмжээтэй олон суулгаад байвал маш богино хугацаанд шингэн алдалтад ороод хүндрэх, цаашлаад амь насанд нь аюултай байдал үүснэ. Ийм нөхцөлд маш богино хугацаанд ордог учраас суулгалттай өвчнийг гэрийн нөхцөлд эмчилнэ гэдгийг эмч хүн бол зөвлөхгүй.
Жишээлбэл хамгийн энгийн айл болгонд байдаг парацетомолл. Парацетамолыг зургаан настай хүүхдэдээ таллаад өгч байсан юмаа гэж бодоод нэг настай хүүхдэдээ, магадгүй нэг нас хүрээгүй дөрөв, таван сартай хүүхдэдээ таллаад өгчихвөл тун нь ихэднэ гэсэн үг. Манай түргэний эмч нарыг очиход "Хоёр хоногийн өмнөөс ийм зовуур гарсан юмаа. Гүйлгэсэн юмаа. Зүгээр болчих байх гэж бодоод будааны шүүс өгөөд байгаад байсан, эсвэл хорсол өгөөд байгаад байсан" гэдэг. Хорсол гэдэг шингэн сэлбэх давс. Үүнийг зөв зохистой халуун, бүлээн температурыг нь хүртэл тааруулж өгөхгүй бол залгилаад хүйтэн уулгачих юм бол бөөлжилт, гүйлгэлтийг нэмэгдүүлнэ. Гэхдээ хоолны хордлого байна гэдгийг бусад бөөлжилтөөс ялгавал гарч байгаа өтгөн, бөөлжиж байгаа бөөлжис нь ч үнэртэй эхүүн, одоо нэг тийм гашилчихсан байдаг л даа. Тархи доргилтоос болсон ч хүүхэд бөөлждөг шүү дээ. Гавлын дотоод гавал ихэссэнээс болоод хүүхдэд бөөлжих шинж тэмдэг гардаг. Энэ бол ямар ч огилгүйгээр шууд хар аяндаа тэгж байж байгаад бөөлждөг. Тэгэхэд хордлого авсны бөөлжис бол огино, ходоод гэдэс хямарна. Хэвлийгээр өвдөнө. Бөөлжсөнөөсөө болоод тийм зовуур ялгаатай юмнууд байгаа. Хоолны хордлогыг бол гайгүй, зүгээр байх, гүйлгээд, суулгаад, бөөлжөөд яваад байна, тэгж байгаад гайгүй болчих байх гэж ерөөсөө тоохгүй орхиж болохгүй. Энэ бол амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэж болно. Цаашлаад эрхтэн систем ч гэмтэж болно. Тийм учраас эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах нь хамгийн зөв сонголт" гэлээ.