Монгол ардын тоглоом наадгай нь олон төрөлтэй аж. Тодруулбал Шагайн тоглоом, хөлөгт тоглоом, оньсон тоглоом, аман наадам, уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, өрж эвлүүлдэг тоглоом, чамабалын хүрд, хуруу гараар наадах наадгай, шүүрэх, булаалдах наадгай, тооцоолох наадгай, эвхэх, хайчлах наадгай, илбэ, мэргэ, мөсөн дээрх наадам, эрийн гурван наадам зэрэг олон төрлийн арвин баялаг тоглоом наадам байдаг байна.
Энэхүү уламжлалт тоглоом наадгайг манай ард түмэн өсвөр үеэ сургаж хүмүүжүүлэх нэган чухал хэрэглүүр болгон ашигласаар ирсэн сайхан уламжлалтай юм. Түүнчлэн Монголын ард түмэн хүний оюун ухааныг арга, билэг гэж ангилан үздэг байжээ. Ингэж эсрэг тэсрэгээр сэтгэснээр хүний оюун санаа хөгжинө гэсэн гүн ухааны хийсвэрлэл гаргаж байж. Энэ нь эрдэм мэдлэг бол билэг ухааныг, наадам хөдөлмөр бол арга ухааныг хөгжүүлэх үндэс болно хэмээсэн монгол сэтгэлгээг бий болгосон байна.
Монголчууд өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадмаар нааддаг байна. Малчин түмний тоглоомын санг оньслох, эвлүүлэх наадмууд, уран ээдрээ тайлах, шагайн наадмууд, хөлөгт тоглоом, аман наадмаас голлон бүрдүүлдэг ажээ. Түүнчлэн Монголын үндэстэн ястнуудын өвөрмөц тоглоомууд ч олон байдаг байна. Тухайлбал, аман наадам нь Монголын ард түмний мянга мянган жил хуримтлуулсан ахуй амьдрал, соёл хүмүүжлийн арга туршлага, эрдэм мэдлэг, малчин олны амьдрал туршлагаар баяжигдан уламжлагдаж ирсэн аж. Энэхүү аман наадмын нэгэн хэсэг нь хуучин цагийн ном сударт, зарим хэсэг нь ардын аман зохиолд ам дамжигдан үлдсэн ч зарим нэг нь мартагдсан ажээ.
Нэгэн нутагт боловсорсон сайн зүйлс, эрдэм ухаан бүх ард түмний хүртээл болж чадахгүй байж. Үүнийг монголчууд эрт мэдэж, олсон ололт амжилт, арга туршлага эрдэм мэдлэгийнхээ эрхэм дээжсийг нэг сонсмогц ой тойнд хоногшихуйц хэвшмэл хэллэг, толгой холбон айзам тааруулан шүлэглэсэн үгс болгон цээжлүүлэн үлдээдэг байжээ.
Ийнхүү холбоо шүлгийн бадаг болгон хойч үедээ уламжлан үлдээдэг байна. Үүний нэгэн сайхан арга бол ардын аман зохиолын нэгээхэн хэсэг нь болсон аман наадам буюу үгэн тоглоом юм. Аман наадам нь Монголын ард түмэн хойч үеэ сурган хүмүүжүүлж, эрдэм мэдлэг олгох, хэл яриаг хөгжүүлэх, авиаг зөв, тод дуудаж сургах явдалд онцгой ач холбогдолтой байсан төдийгүй сурган хүмүүжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсаар иржээ.
Хүүхдийг хэлд сайн орсон наснаас нь эхлэн зугаа үг, түргэн хэллэг, оньсого таалгах зэргээр тоглуулдаг байсан байна. Мөн хүүхдийг нэлээд ухаан сууж аливаа учир зүйг ухааран ойлгох болсон үеэс нь эхэлж дунд хуруу олох, сүмбэр уул босгох, цэц булаалдах дайралцаа үг, ес хэлэлцэх, цоллох зэрэг тоглоомоор тоглуулдаг байжээ. Аман наадмыг үүсэл гарал, насны онцлог, наадах үйл ажиллагаа зэргээс нь хамааран олон төрөл болгон ангилдаг байна.
Тодруулбал:
Үгээр идэх дайралцаан тоглоом, ухаанаар уралдаж давах, ухаан задлах хошин бодлого, таалцах–таавар, дэмбээдэх, асуулт-хариулт, амьсгал уртасгах үг-хул тоолох, ес хэлэлцэх, зугаа үг хэлэлцэх, оньсого, ертөнцийн гурав, зүйр цэцэн үг, хэл зүгшрүүлэх үг, жороо үг, хуруу олох, оюун ухаан задлах гэx мэт.
Аман наадам, үгэн тоглоом нь аль ч насны хүнд хамааралтай боловч тэр дундаа хүүхэд залуусын сонирхлыг бүр их татдаг аж. Энэ нь ардын сурган хүмүүжүүлэх зүйн хэрэглүүр болохоос гадна тэдний ёс суртахууны хүмүүжил, танин мэдэхүйд асар их нөлөөлдөг байна.