Бусдын амийг аврахын тулд хандивласан таны цусаар, хуруу хумсаа хугалан зүтгээд төрдөө илүүчилсэн таны мөнгөөр дээдэс туйлж, сохор зоосны төлөө хүний амь насанд заналхийлсэн, баталгаагүй цус цусан бүтээгдэхүүн савлаж, бяцхан үрсэд тарьсан гэвэл та итгэх үү? Үнэхээр адармаатай дээрх хэргийг Засгийн газар нь яам, агентлагтайгаа үгсэн үйлдсэн бөгөөд уг явдлыг эхнээс нь өгүүлье.
ҮЛГЭР ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ…
2021 оны тавдугаар сарын 12. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахал оргилдоо хүрч, Монголын төрөөс хатуу хөл хориог тавьсан байв. Энэ цагт Засгийн газраас “Цар тахлын эсрэг био бэлдмэл, вакцин үйлдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай” хэмээх 144 дүгээр тогтоолыг баталжээ. Уг тогтоолын II зүйлд:
“Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-д коронавирусын эсрэг сийвэн бэлтгэх, “Биобэлдмэлийн үйлдвэр”-т КОВИД-19 цар тахлын эсрэг “Иммуноглобулин” үйлдвэрлэх арга хэмжээ авч, 2021 оны III улиралд багтаан багтаан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгасугай” гэжээ.
2021 оны тавдугаар сарын 23. Засгийн газрын тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, томилогдсон хүмүүс “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн “Био бэлдмэлийн үйлдвэр”-т цар тахлын эсрэг “Иммноглобулин” уургийн бэлдмэл үйлдвэрлэх, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд коронавирусын эсрэг сийвэн бэлтгэх ажилд ханцуй шамласан байна.
2021 оны наймдугаар сарын 6. Засгийн газрын тогтоолын дагуу Монгол улс 10 жил зогсоод байсан Биобэлдмэлийн үйлдвэрээ сэргээлээ. Түүгээр ч барахгүй цар тахалтай тэмцэх “Иммуноглобулин” гэх уургийн бэлдмэлээ гарган авахаар болов.
2021 оны наймдугаар 25. Тухайн үед энэхүү цус цусан бүтээгдэхүүн гарган авах ажлын хэсгийн гишүүн, НЭМҮТ-ийн “Био бэлдмэлийн үйлдвэр”-ийн Ерөнхий менежер, Биологийн ухааны доктор Б.Сайнчимэг “Бидний үйлдвэрлэх “Иммуноглобулин” нь дархлаа дэмждэг, бүх насны хүмүүс хэрэглэж болдог, олон улсад халдварт болон халдварт бус өвчинд хэрэглэдэг” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж байлаа.
2021 оны аравдугаар 25. Уургийн бэлдмэл бэлэн боллоо. НЭМҮТ-ийн дарга Д.Нарантуяа ЭМЯ-нд бэлэн болсон 2500 тунг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.
2021 оны аравдугаар сар. “Иммуноглобулин” гаргах сургаар хэвлэл мэдээллийн сувгуудаар наймдугаар сараас эхлэн дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй 0-11 насны хүүхдүүдэд уг бэлдмэлийг тарих тухай мэдээлэл цацагдаж эхлэв.
Тухайлбал, 2021 оны аравдугаар сар 1-ний өдөр News.mn сайтад:
НЭМҮТ-ийн биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо: Бид бэлэн болсон уургийг ЭМЯ-руу шилжүүлсний дараа өрх эсвэл харьяа дүүргийн эмнэлгээр хийх эсэх нь тодорхой болно. Ямартай ч гуравдугаар улиралд багтааж зорилтот бүлгийн хүүхдийг дархлаажуулах үүрэг өгсөн. Түүний дагуу аравдугаар сарын эхний хэд хоногт уургийг хийж эхэлнэ гэж бодож байна хэмээн ярилцлага өгч байжээ.
ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААГҮЙ 0-11 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД УУРГИЙН БЭЛДМЭЛ ТАРИХ АСУУДАЛ ЮУ БОЛСОН БЭ?
Н.Золжаргал: Бид “Иммуноглобулин”-ы 5000 тунг үйлдвэрлээд ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн
НЭМҮТ-ийн Чанарын хяналтын менежер Н.Золжаргалаас хэчнээн хэмжээний уургийн бэлдмэл яамд хүлээлгэн өгснийг тодруулахад “Бид эхний 5000 тунг үйлдвэрлээд ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн. Дараагийн цуврал 2500 тунг үйлдвэрлэхээр ажиллаж байна. ЭМЯ-наас өгсөн чиглэлийн дагуу уг бэлдмэлүүд нь орон нутгуудад тараагдана” гэлээ.
Б.Буянтогтох: Вакцингүй 0-11 насны хүүхдүүд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, биеийн жингийн дутагдалтай хүүхдүүдэд хийх боломжтой эсэхийг бид ярилцаж байгаа
Өнгөрөгч тавдугаар сараас эхлэн яригдсан, вакцинд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг тарих тухай асуудал өнөөдөр намжсан. Харин энэ талаар Эрүүл мэндийн яамны ЭТЗГ-ын дарга Б.Буянтогтохоос тодруулахад:
“Өмнө нь түгээмэл заалтаар хүндрэлээс урьдчилан сэргийлэх, дархлаа дарангуйлагдсан хүмүүст хэрэглэдэг байсан энэхүү бэлдмэлээ бид аймгууд руу хуваарилахаар төлөвлөж байгаа. Заавал 0-11 насны хүүхдүүдэд хийхгүй. Эмчилгээний ерөнхий заалтаар өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэх чиглэл өгсөн. Урьдчилсан сэргийлэх тунгаар ямар ямар хүмүүст хийвэл дээр вэ гэдэг төлөвлөлтүүдийг хийсэн. Вакцингүй 0-11 насны хүүхдүүд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, биеийн жингийн дутагдалтай хүүхдүүдэд хийх боломжтой эсэхийг бид ярилцаж байна. Эцсийн шийдэл гараагүй” гэсэн юм.
ИММУНОГЛОБУЛИН ГЭЖ ЮУ ВЭ?
Юун түрүүнд "Иммуноглобулин"-ы талаар энгийн ойлголтыг өгье.
Цусны 55 хувийг сийвэн, бусад хувийг улаан, цагаан эс эзэлдэг. Сийвэнгийн 90 орчим хувийг ус, 10 хувийг төрөл бүрийн уураг, эсрэг бие, элетролит, цус бүлэгнэлтийн факторууд бүрдүүлдэг. Харин тэнд агуулагдаж буй уургууд, эсрэг биеийг нийтэд нь "Иммуноглобулин" гэж нэрлэдэг байна.
Анагаах ухаанд иммуноглобулиныг энгийн болон өвөрмөц гэж хоёр ангилдаг бөгөөд Каназава Үндэсний Их Сургуулийн Дархлаа, үүдэл эс судлалын тэнхимийн профессор, АУ–ны доктор Д.Нямбаяр:
“Энгийн иммуноглобулин нь эрүүл хүний цусны сийвэнгээс ялгаж авсан өвөрмөц бус олон төрлийн иммуноглобулин уургаас бүтдэг.
Харин өвөрмөц нь коронавирусээр өвчлөөд эдгэсэн хүний цуснаас ялган авсан өвөрмөц үйлчилгээтэй эсрэг биеийг агуулсан иммуноглобулинуудын холимгийг хэлнэ” хэмээн тодорхойлов.
Ямар өвчний үед энгийн иммуноглобулин уургийг хэрэглэдэг талаар АУ-ы доктор, профессор С.Цогтсайхан:
“Хүний биеийн цусанд байдаг иммуноглобулин бол харь төрлийн гадны аюултай бодисуудыг саармагжуулж идэвхгүй болгодог уураг. Анагаах ухаанд хүний цусны донороос гарган авдаг иммуноглобулиныг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл өвчний онош нь тогтоогдсон цөөвтөр өвчинд, эмнэлгийн заалт, нарийн удирдамж дор өвчтөнд хийдэг. Тухайлбал, шингэний хэлбэрийн дархлаа дутмагшилтай, ийлдсэн дэх иммуноглобулины хэмжээ нь буурсан хүмүүст хамгийн эхний заалтаар, хоёрдугаарт аутоиммуны өвчний үед буюу системийн өвчний үед хэрэглэнэ. Сэргийлэх зорилгоор бол эмнэлгийн заалтаар амьтан нохойд хазуулсан үед халдварыг сэдрээхгүйн тулд яаралтайгаар тарьж болдог” гэсэн юм.
Харин өвөрмөцийг халдварт өвчнөөр өвдөөд эдгэсэн хүний цуснаас өндөр технологиор гарган авдаг тул тодорхой халдварын эсрэг тус тус хэрэглэдэг байна.
АЖЛЫН ХЭСЭГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗӨРЧИН ӨӨР БЭЛДМЭЛ ҮЙЛДВЭРЛЭСЭН ҮҮ?
Засгийн газраас гаргасан 144 дүгээр тогтоолыг эргэн санацгаая. Уг тогтоолд “…Биобэлдмэлийн үйлдвэр”-т КОВИД-19 цар тахлын эсрэг “Иммуноглобулин” үйлдвэрлэх арга хэмжээ авахыг…” үүрэг болгосон талаар цагаан дээр хараар бичжээ. Бидний хамгийн их анзаарах ёстой зүйл бол ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ “ИММУНОГЛОБУЛИН” гэх… үгс.
Засгийн газрын тогтоолд цар тахлын эсрэг гэж тодотгосон тул энгийн бус өвөрмөц иммуноглобулин үйлдвэрлэх тухай заасан гэсэн үг.
Гэтэл УОК, Эрүүл мэндийн яам, НЭМҮТ-ээс бүрдсэн ажлын хэсгийнхэн тогтоолоо зөрчин “Энгийн иммуноглобулин” гарган авчээ. Өөрөөр хэлбэл цар тахлын эсрэг хэрэглэх ямар ч заалтгүй, үр дүнгүй цус цусан бүтээгдэхүүнийг төсөв мөнгө зарлагадан савлажээ.
Сурвалжлагч: Засгийн газрын тогтоолд цар тахлын эсрэг өвөрмөц иммуноглобулин үйлдвэрлэнэ гэж заасан атал яагаад тогтоол зөрчин энгийнийг үйлдвэрлэсэн юм бэ?
Н.Золжаргал /НЭМҮТ-ийн Чанарын хяналтын менежер/: Бидэнд энгийн иммуноглобулины технологи бэлэн байсан учраас үйлдвэрлээд эхэлсэн. Харин ЦССҮТ-өөс ковидоор өвчлөөд эдгэсэн донорын цуснаас ялгасан “Ковид-19”-ийн үүсгэгчийг авч Өвөрмөц иммуноглобулиныг үйлдвэрлэх технологийн туршилтууд манайд хийгдэж байгаа.
Тэд Засгийн тогтоол зөрчин, ковидын эсрэг ямар ч үйлчилгээгүй уургийн бэлдмэл гарган авч, төсвийн мөнгийг үргүй зарцуулснаа юмын чинээ бодолгүйгээр ийнхүү хариулсан юм.
БИО БЭЛДМЭЛИЙН ҮЙЛДВЭР ДЭЛХИЙД ХОЦРОГДСОН, ЭРСДЭЛТЭЙ АРГААР ЭНГИЙН ИММУНОГЛОБУЛИНЫГ ГАРГАН АВСАН УУ?
НЭМҮТ-ийн Биохимийн шинжилгээ, судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Б.Номин: “Бид Засгийн газрын 144 дүгээр тогтоолын дагуу коронавирусын эмчилгээнд иммуноглобулин хэрэглэх зааврын боловсруулсан, 2021 оны зургаадугаар сараас эхлэн ЦССҮТ-өөс К сийвэн болон хөлдөөсөн сийвэн, АПУ хувьцаат компаниас 96 процентын этанолын спиртийг авч, эхний ээлжид 30 литрийн к сийвэнг 5 шатаар тунадасжуулж, 10 хувийн 1.5 мл-аар савласан бүтээгдэхүүн гарган авсан” гэж олон нийтийн сүлжээгээр ярьсан.
Тэд тогтоолд зааснаас огт өөр бүтээгдэхүүн савлахын сацуу олон улсын судалгааны эх сурвалжуудад өгүүлснээр дэлхийд 1940 онд бий болсон ч өвчтөнд ихэд эрсдэлтэй тул нэгэнт ашиглахаа больсон Коны гэх аргаар энгийн иммуноглобулиныг гарган авчээ.
Хүний цусны сийвэнгээс этанолын тусламжтай тунадасжуулдаг энэхүү арга нь тухайн үед зарим хүнд өвчтөнд маш хэрэгцээтэй эмчилгээ байсан аж. Гэвч судсаар тарихад өвчтөнүүдэд гаж нөлөө, системийн хариу урвал ихээхэн үзүүлдэг байсан тул булчинд тарьдаг болжээ. Энэхүү иммуноглобулиныг зөвхөн нянгийн гаралтай өвчин буюу саа, улаан бурхан, улаанууд, хөхүүл ханиад, А гепатитын эсрэг хэрэглэдэг байсан ч эдгээр өвчний эсрэг вакцин гарсан тул ашиглахаа больсон байна.
1970-аад оноос үйлдвэрлэлд Коны аргыг халж, цусны ийлдсийг цэвэршүүлэх шинэ технологиуд гарч, 99 хувийн цэвэршүүлсэн иммуноглобулиныг гаргаж авдаг болжээ. Өөрөөр хэлбэл хуучны этанолоор тунадасжуулдаг аргыг хэрэглэхээ больж, түүний оронд хроматографийн аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн хэрэглэдэг болсон аж.
Өнөөдрийн байдлаар зөвхөн ОХУ-д зөвхөн гепатит А болон улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор булчинд тарьдаг иммуноглобулиныг 1.5-аас 3 мл-ийг булчинд тарьж хэрэглэдэг байна.
ЦУСНЫ ДОНОРООС ГАРГАН АВСАН ИММУНОГЛОБУЛИНЫГ 0-11 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ТАРИВАЛ ЯМАР АЮУЛ УЧРАХ ВЭ?
Сүүлийн үед вируст халдварт өвчин дэлхий нийтэд түгээмэл гарч байгаа учир олон улс цус цусан бүтээгдэхүүнээс эрс татгалзаж эхэлсэн. Тиймээс элдэв халдвар тараах эрсдэлтэй учраас донорын цусны сийвэнгээс иммуноглобулин гаргах Коны аргыг хэрэглэхээ больсон талаар дээр дурдсан.
Энэ талаар 2014 оны арванхоёрдугаар сард хэвлэгдсэн "Frontiers in immunology" сэтгүүлийн “Manufacture of Immunoglobulin Products for Patients with Primary Antibody Deficiencies – The Effect of Processing Conditions on Product Safety and Efficacy” нэртэй өгүүлэлд:
Этанолын спиртээр захын цуснаас ялган авсан иммуноглобулин бол өвчтөнд хэрэглэсэн тохиолдолд хэд хэдэн ноцтой хүндрэлийг үүсгэх аюултай гэжээ. Тухайлбал,
1. Аутоиммуны өвчин, хавсарга идэвхжил, харшлын хүнд хэлбэрийн урвал өгөх
2. Элэгний В, С вирус дамжуулах
3. Амь насаа алдахад хүргэж болзошгүй бусад хүндрэлүүд, үүнд цусны бүлэн үүсэх, цус хайлах зэрэг эрсдэл үүсэх боломжтойг дурдсан байна.
Элэгний В, С вирус дамжуулах тохиолдлын тухай л гэхэд 1994 онд Ирланд улсад 400 өвчтөнд иммуноглобулинаас С вирус халдварлаж, тухайн үедээ ихээхэн асуудал дагуулж байжээ.
ЭНЭ ТАЛААР ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН МОНГОЛД ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТАХ ДАРХЛАА СУДЛААЧИД ХЭРХЭН ӨГҮҮЛЭВ?
Каназава Үндэсний Их Сургуулийн Дархлаа, үүдэл эс судлалын тэнхимийн профессор, АУ-ны доктор Д.Нямбаяр:
“Тухайн донор С вирустэй, өвчнийхөө нууц үедээ байвал ямар ч шинжилгээгээр илрэхгүй байх магадлал өндөр. Гэтэл тэр үед нь донорын сийвэнг эрүүл гэж оношлон, хүүхдүүдэд таривал 5-10 жилийн дараа вирус илрэх, 20-30 жилийн дараа элэгний хорт хавдартай болно. Ийм л учраас дэлхий дахинд сийвэнг хэрэглэхээ больсон…”
АУ-ы доктор, профессор С.Цогтсайхан:
“Донорын сийвэнгээс авсан иммуноглобулиныг хүнийг хамгаалах гэхээсээ илүү өвчин дамжуулах эрсдэлтэй учраас дэлхий нийтэд зөвлөдөггүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, бидний илрүүлж чадахгүй янз бүрийн халдварууд энэ бэлдмэлд байх боломжтой. Тиймээс цусаар дамжих халдварын өндөр магадлалтай. Хоёрдугаарт, донорын цуснаас ялгасан учраас энэ нь харь төрлийн уураг. Иймээс янз бүрийн харшлын, системийн, үрэвсэлт өвчнүүдийг үүсгэх эрсдэл хэзээд байдаг. Тиймээс иммуноглобулиныг өргөн дэлгэр, замбараагүй хэрэглэдэггүй. Эмнэлзүйн, тодорхой удирдамж, нарийн заалтын дагуу тарих ёстой”.
Ийм л эрсдэл, хүндрэлийг дагуулах цус цусан бүтээгдэхүүнийг савлачихаад Монгол улсын төр иргэддээ, ирээдүй болсон хүүхдүүддээ жишим ч үгүй тарихаар чимээгүйхэн гэтэж байсан гэхээр бид улаан мөнгөний төлөө хэний амь үрэгдэх нь хамаагүй ямар баталгаагүй, ямар хөөрхийлөлтэй, ямар мөсгүй нийгэмд амьдарч байна вэ гэх бодол өөрийн эрхгүй төрнө…
/Үргэлжлэл бий/
эх сурвалж: unuudur.mn
бэлтгэсэн: Г.Одгарав