Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж, коронавируст халдварыг цаашид тархаахгүй байх зорилгоор УОК-оос авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнээс танилцуулсан.
Энэ үеэр түүнээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт эхлэх хугацааг хойшлуулах эсэх талаар Шадар сайд С.Амарсайхан "Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол улам ихсэх тооцоолол бий. Үүнтэй уялдуулаад хүүхдийн сургууль, цэцэрлэгийн эхлэх огноог тодорхой хугацаагаар хойшлуулах саналыг Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөлөөс оруулж ирж байгаа. Засгийн газрын хуралдаанаар ч мөн хэлэлцсэн.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Эрүүл мэндийн яамтай хамтран энэ талаар дахин судалж, Улсын Онцгой комиссын хуралдаанд танилцуулснаар эцэслэн шийдийг гаргана.
Хэрэв танхимаар эхлэх хугацааг хойшлуулбал цахимаар хичээлийг эхлүүлэх үү, 5:9 харьцаагаар явуулах уу гэх мэтээр хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах зорилгоор өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үргэлжлүүлэх боломжийг бий болгохоор хичээж байгаа.
Нөгөө талдаа сургууль, цэцэрлэгт явснаараа хүүхэд халдвар авах нь бага, ахуйн хүрээнд байх тусмаа халдвар авах эрсдэл нь өндөр байна. Иймд аль аль талыг тооцоолж, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэж, ойрын хугацаанд шийдвэр гаргана” гэлээ.
Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт товлол ёсоор хоёрдугаар сарын 7-нд эхлэх учиртай. Энэхүү хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг өчигдөр танилцуулсан юм.