Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам болон Боомтын зөвлөл хамтран Замын-Үүд авто замын боомтын ачаа тээврийн асуудлаар мэдээллээ.
ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга "Коронавируст халдвараас шалтгаалж, авто замын хилийн боомтын үйл ажиллагааг аравдугаар сарын 13-наас зогсоосон байсан. Халдвар хамгаалал алдагдсанаас болж БНХАУ-ын талаас хил хаах хүртал арга хэмжээ авсан. Гурван сарын хугацаанд зогссон. Харин арваннэгдүгээр сарын сүүлээр чингэлэг тээврээр хийх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгдсэн. Үүнээс хойш бэлтгэл ажлыг хангаснаар чингэлэгт тээврийг хийж эхлээд өнөөдөр долоо хонож байна.
Энэ бол цөөн хүний эрх ашиг биш. Нийт иргэдийн ашиг сонирхол учраас БНХАУ-аас тавьсан саналын дагуу зэвсэгт хүчнээс тусгай мэргэшсэн жолооч нар гаргаад энэ ажлыг зохион байгуулъя гэж төлөвлөж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх зам нээлттэй байгаа. Зөвхөн гурван киломерт 0 бүсээс логистикийн төв хүртэл халдвар хамгааллыг нарийн чанд баримтлаад, дэг журамтай тээвэрлэлт гүйцэтгэх жолоочийг гаргаж ажиллуулж байгаа.
Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт боомтуудын талаар мэдээллийг тогтмол өгч байх болно. Тээвэрлэлт энэ сарын 11-нд эхэлж анх 20 гаруй чингэлэг оруулж байсан бол сүүлийн өдрүүдэд 65-69 болж өссөн.
Тээвэрлэлт зохион байгуулалтын тухайд хилийн 0 цэгээс логистикийн төв хүртэл хилийн цэргийн албаныхан тээвэрлэж, тэндээс жолооч нар тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэж ирж байгаа.
Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөгийн ханштай болж буурсан. Энэ нь хуучин үнэдээ нэлээд дөхсөн байгаа" гэлээ.
Харин Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат "Замын-Үүдэд зорчигчийн хөдөлгөөнийг хаасны дараа том оврын тээврийн хэрэгслүүд тээвэрлэлт гүйцэтгэх сонирхол бүхий иргэдийн бөөгнөрөл бий болсон. Үүнд 5,700 орчим тээврийн хэрэгсэл ачаа бүртгэгдсэн байдаг.
Гэхдээ яг ийм онцгой нөхцөлд бид 5,700 жолоочийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаас илүү цөөн тооны 50 жолоочийн халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиулан гол нь улс хоорондын тээвэрлэлтээ тасралтгүй хэвийн явуулах нь чухал байна.
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг зөвхөн Замын-Үүд боомт гэлтгүй бүх боомтоор импорт, экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тухайлбал, одоогоор Гашуун-сухайт-Ганцмод боомтоор бараа материал цөөн хэмжээгээр орж ирж байгааг хэлье.
Хятадын талаас гол нь манайхыг КОВИД-19-ийн халдварыг хяналтдаа авч, бууруулах гол шаардлагыг тавьж байгаа юм. Халдварын нөхцөл байдал сайжирч, цаг сайхан болбол аль ч боомтоор импортын ачаа бараа бүтээгдэхүүн оруулахад тэднийг дэмжиж ажиллана.
Харин одоо халдварын нөхцөл байдлаас шалтгаалж жолоочийн тоонд хязгаарлалт тавьчхаж байгаа учраас асуудал олон байна.
Ихэнх боомт хүмүүсийг хавьтал болгохгүйн үүднээс чингэлгийн тээвэрлэлтэд шилжсэн. Тухайлбал, Ханги-Мандалын боомт гэхэд өмнө нь задгай тэвштэй машинаар экспортын тээвэр гүйцэтгэдэг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 3-наас чингэлэг тээвэрлэлтэд мөн шилжсэн” хэмээв.
Өмнө нь буюу хэвийн нөхцөлд Эрээнээс Замын-Үүд боомт хүртэл даац хэтрүүлж буюу 70-80 тонн ачаагаар тээвэрлэлт гүйцэтгэдэг байсан. Харин Замын-Үүдээс Улаанбаатар болон бусад орон нутгийн чиглэлд стандартын дагуу 25 тонн ачаатай тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байсан. Тэгвэл одоо даац хэтрүүлэн 70-80 тонн орж ирдэг байсан ачааг 3-4 машин болгож байгаа гэсэн үг. Ингэхдээ гол нь хилийн шугам дахь 0 цэгээс Замын-Үүдийн Гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтийг улс хариуцаж буйг хэлье.
Хүмүүсийн нэг машин 3-4 чингэлэг боллоо гээд яриад байгаа нь ийм учиртай. Харин Замын-Үүдийн Ложистикийн төвөөс Улаанбаатар хүртэлх тээвэр хуучин хэвээрээ байгаа буюу нэг машин дөрөв болсон асуудал байхгүй, хуучнаараа явж байгаа. Ачаа тээвэрлэлтийн үнийн хөөрөгдөлд Засгийн газар дорвитой арга хэмжээ авч буй" гэв.