Дэлхий даяар ковидийн шинэ хувилбар болох Омикрон дэгдэж, манай улсад ч 12 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тухай өнгөрсөн баасан гарагт ХӨСҮТ-ийн дарга мэдээлсэн. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн дунд халдварын тохиолдлууд бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас дуулгасан.
Тэгвэл жүжигчин Б.Барслхагва Омикрон хувилбараар өвчлөөд эдгэсэн талаараа фэйсбүүк хуудсаараа дамжуулан хуваалцлаа.
Тэрээр "Би өөрийгөө хэзээ ч ковидын халдвар авахгүй юм байна гэдэг бодолд бат итгэчихсэн явсан юм. Яагаад гэвэл сүүлийн хоёр жил өчнөөн удаа нэгдүгээр хавьтагч боллоо. Өөрийгөө их онцгой хүн гэж бодож явсан тэнэг намайг Омикрон (анхдагчдын нэг шүү) байранд нь тавилаа. Хоолойн ангинтай учраас ангин хөдлөөд байна гэж андуураад хоолойн эм ууж явсаар байгаад хүндрүүлсэн байлаа. Ковид бол зүгээр ханиад шүү дээ гэж бичсэн мэдээлэлд итгэж ямар ч айдасгүй болчихсон намайг ёстой аваад явах шахлаа. Биеэрээ мэдрээд хэлж байна. Гурав хоног дэмийртлээ халуурч, хоолой боогдож, үе мөчөөрөө янгинаж хэд хонов, амьсгалын дутагдалд ордог юм байна. Түргэн дуудаад, гэрээсээ шууд эмнэлэг рүү ачигдлаа. Хаана очсон, хэдэн давхарт, хэдэн тоотод байгаагаа ч мэдэхгүй амьтан эмнэлэг бараадаад авлаа. Гэнэтийн бэлэг дууссангүй ээ. Хоёр уушгины 3/1 нь хатгаатай гээд, нөхөн сэргээх эмчилгээний тасагт хэвтсэн байна. Ингээд сайн эмчлүүлж аваад гарлаа. Хэвтсэн эмнэлгийн маань эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, тогооч гээд манай эрүүл мэндийн салбарынхан маань ажилдаа үнэндээ үнэнч бөгөөд сэтгэлтэй болжээ. Хоол сайн, эмчилгээ сайн, харилцаа сайн, дэглэм журам сайн. Та бүхэндээ баярлалаа. Эх оронтой байх дэндүү сайхан юм. Төлбөр хэд вэ гэсэн чинь улс дааж байгаа л гэлээ.
Гаднын оронд ийм эмчилгээ хийлгэвэл хэд болох бол бурхан минь. Эцэст нь улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар өөрсдөө халдвар маш их авч байна. Гэтэл хөөрхий бүгд л ажлаа хийж байна. Ковидын халдвар аваад би лав юун ажиллах. Алхах, амьсгалах ч тэнхэлгүй болсон шүү дээ. Өглөө 05: 00 цагаас шөнө 02:00 хүртэл тасаг бүрийнхээ эмчилгээг хийнэ. Хажуугаар нь өдөр болгон хагалгаатай. Өдөрт 2-3 хан цаг л унтах юм. Та хэд маань маскаа л зүүж тус болоорой гэж хэлсэн. Тангарагтаа үнэнч байгаа та бүхэндээ дахин талархал илэрхийлж байна. Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний 2-р төв эмнэлгийн хамт олондоо амжилт хүсье.
Аан бас, төрийн албанд ажилладаг нэг залуу гэр бүлээрээ хэвтэж байсан юм. Улаан бүсэд солонгос ресторанаас хоол захиалж иднэ гэж авирлаад эсэргүүцсэн эмчийг "Чи хэн бэ. Та нар надтай ингэж харьцахгүй. Нэрээ хэл" гэж нэг гангарсан. Тэр залуу ичнэ шүү!!!
Та хэд маань маскаа зүүж, гараа байнга угааж, хүмүүсээс зай барьж яваарай. Цаг гаргаж, уншсанд баярлалаа" хэмээн бичжээ.