Засгийн газраас мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах саналыг холбогдох байгууллагад тавьжээ.
Мөн гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад Засгийн газраас даалгажээ.
Гаалийн байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
Гаалийн тухай хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна. Тодруулбал, тус хуулийн нэгдүгээр зүйлд заасан Гаалийн тухай хуулийн 269 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 269.1.11 дэх заалт нэмж, 269.1.11 буюу улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх, хуулийн хоёрдугаар зүйлийн Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.4 дэх заалтыг өөрчлөн шинэчилж найруулжээ. Мөн 60.3.4.хуульд заасан бичиг баримт, гуравдугаар зүйлийг шинэчилсэн байна.