Бидний сайн мэдэх “Хүүхэлдэй”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Ядуугийн зовлон-2”, “Ороолон”, “Шуугиан таригч”, “Өртөө”, “Хавцал” зэрэг монголын 20 гаруй уран сайхны киноноос гадна "Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэй “Яг түүн шиг” шоуны нүүр хувиргагчаар ахалж ажилласан туршлагатай залуу уран бүтээлч, саяхан дэлгэцнээ гараад буй Монголын анхны зомбитой кино болох “Тал нутгийн зомби” кинон дээр ерөнхий нүүр хувиргагчаар ажилласан Сити их сургуулийн гоо сайхны сургуулийн нүүр хувиргалтын багш Г.Хос-эрдэнэтэй ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу? Намайг Г.Хос-Эрдэнэ гэдэг. Сити их сургуулийн гоо сайхны сургуульд нүүр хувиргалтын сургалтын багшаар ажилладаг. 2004 онд Багануур дүүргийн 66 дугаар дунд сургуулийг төгсөөд 2008 онд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Барилгын интерьер дизайнерын ангийг интерьер чиглэлээр төгссөн. Ер нь багаасаа зурах дуртай хүүхэд байсан болохоор үүн дээрээ суурилаад нүүр хувиргалтын чиглэл рүү татагдаж орсон гэж хэлж болно.
-Нүүр хувиргалт руу орох болсон шалтгаан?
Янз янзын аймшгийн ч юм уу, зомбитой эсвэл одоо үлгэрийн тусгай нүүр хувиргалттай кино дэлхий дээр маш олон байгаа. Тэгэхэд манай Монголын кино салбарт ийм нарийн хувиргалттай илүү эффект тусгай янз янзын хувиралттай кино их ховор байсан. Тэгээд би хараад энэ төрлийг барьж авч суралцаж хөгжүүлэх юм бол кино урлагтаа ч хувь нэмэртэй юм байна, өөрөө ч хөгжих юм байна, сонирхолтой ч юм байна гэдэг үүднээс найман жил суралцаад явж байна даа.
-Ер нь тусгай нүүр хувиргалт гэж юу вэ?
Тусгай нүүр хувиргалтыг яагаад тусгай гэж нэрлэсэн юм бэ гэхээр мэдээж тусгай материалууд ашигладаг тусгай техниктэй нарийн гэсэн үг. Зүгээр нэг аргалаад өнгөрөх ямар ч боломжгүй. Алхам алхмаар нэг алхмыг нь ч орхиж ерөөсөө болохгүй гэсэн үг. Яг нарийн технологи буюу температур градусын дагуу л хийдэг. Театрт бол үзэгч холоос хардаг учраас нүүр будалтыг дөхүүлээд ч юм уу хийж болдог харин кинон дээр хэд дахин татаж өндөр нягтаршилтай камераар авдаг учраас алдаа гаргаж болохгүй. Жишээлбэл одоо миний гартаа барьсан байгаа нүүрний хэв, маск Ялалт ахад ашигладаг дүрийн маск байна л даа. Ялалт ахын энэ маск нь зөвхөн Ялалт ахад өөр дээр нь суудаг буюу таардаг гэсэн үг. Маск маш нимгэн хүний арьс шиг мимик дагаж хөдөлдөг тийм тусгай материал ашиглаж хийдэг. Энэ зүйлийг будгаар биш зөвхөн энэ силикон маскаар нэмэлт маск нааж байж гоё болж дүрийн хувиргалт хийнэ.
-Тэгэхээр хүссэн дүр, эд эрхтэнээ бүтээж болох нь ээ?
Энэ бол хиймэл гар. Яг л гар шиг байх хэрэгтэй. Хүний гар үстэй бол үстэй байх хэрэгтэй. Өнгө нь ямар байх юм, тэгээд камер дээрээ бас өнгийг нь тохируулна гэсэн үг. Мөн хумс хуруу хийнэ. Ерөнхийдөө яг тэр дүрийн дагуу толгойг нь тасалж хэвийг нь аваад бүх үс ноосыг нь суулгаад яг л нөгөө хүнтэйгээ адилхан болгоно гэсэн үг. Жишээлбэл түүхэн кинон дээр толгойг нь тасалбал уг нь тэр хүний толгой л тасарч унавал үзэгчдэд илүү үнэмшилтэй шүү дээ. Ер нь гар, хөл, шарх, сорви, маск гээд бүхий л зүйлийг хийнэ дээ. Мэдээж материал нь экспортоор орж ирдэг. Монголд жижиг сажиг зүйлс нь л байдаг.
-Ажиллаж байсан кинонуудаасаа яривал?
Тусгай эффекттэй кино гэвэл миний ажиллаж байсан “Халуун зүрх” байна. Ганчимэг туранхай болоод яс хийхэд маск ашиглаж байх жишээтэй. Манай энэ “Тал нутгийн зомби” киноны зомби бол Монголын анхны зомбиг л хөрсөн дээр нь буулгаад за нэг иймэрхүү харагдах болов уу гээд хийсэн л дээ. Эхний ээлжинд бидний хувиргалтад барьсан гол зүйл бол нэг их тийм аймаар хүнд зүйлс хийе гэж бодоогүй. Ерөнхийдөө энгийн будаг ашигласан гэсэн үг. Зомби чинь дотроо олон янз цаашид ийм кино хийгдэхэд илүү сайжраад явна гэсэн үг. Зомби, цус сорогч бол дэлхий нийтийн л сэдэв. Тиймээс Монголд зомби байвал иймэрхүү байх болов уу гээд хийсэн. Манай зохиолын хувьд монголчууд өөрсдөө адгуустай, таван хошуу малтайгаа амьдардаг тэгэхээр бараг зомби гэж харахгүй өвчин гэж харж байгаа ч юм уу мал шигээ хашаанд хашчихсан зэргээр их сонирхолтой гоё сэдэв барьж авч хийсэн.
-Залуучууд энэ мэргэжлээр хэр их суралцаж байна вэ?
Нэг make up артистгүй бүтдэг кино урлаг, тайз дэлгэцийн бүтээл, реклам зар сурталчилгаа, клип байдаггүй юмаа гэдгийг л залуучуудад хэлмээр байна л даа. Зарим нь ажлын байр гээд асуудаг. Ажлын байр байдаг уу гээд л. Зөндөө л байна шүү дээ. Кино хийгдэж байна гэдэг нь make up артист ажиллаж байна гэсэн үг. Тусгай нүүр хувиргалт гэдэг зүйл бол нүүр будалт сонирхож байгаа хүмүүсийн хувьд бол ноён оргил нь гэсэн үг буюу нүүр будалтаа цаашаа суралцъя, сонирхъё гэж байгаа бол ерөөсөө л тусгай нүүр хувиргагч болно гэж ажиллавал илүү амжилтад хүрнэ.
-Та ямар төрлийн кинон дээр ажиллахыг хүсэж байна вэ?
Илүү ажиллагаатай кинонд ажиллах дуртай. Илүү хүн үзээд “ХО” гэж гайхахаар ч юм уу эсвэл Монголд хийгдээгүй төрөл жанрыг цаашаа хөгжүүлэх зорилготой. Би өөрөө үлгэрийн кинонд их дуртай. Одоо фантаз кино, үлгэрийн зөгнөлт кинон дээр тусгай хувиргагч нар байж энэ төрөл орж ирж байж илүү хүчтэй, үнэмшилтэй, гоё болно шүү дээ. Энэ төрөл жанр хөгжиж Монголын кино урлаг давхар хөгжинө. Илүү өөр түвшинд аваачихад маш их хүч түлхэц болдог хэсэг нь нүүр хувиргалт.
-Ярилцсанд баярлалаа.