Хүний хувийн амьдрал, олон нийтийн амьдрал, бэлгийн амьдрал тус тусдаа оршин тогтнодог. Энэ дундаас бэлгийн амьдрал нууц хэлбэрээр байх зүйл мэт боловч зайлшгүй хэлэлцэх, ярилцах ёстой зүйлсийн нэг. Бид энэ удаа “Камасутра” эротик зурагт номын зураач Sunny-тай уулзаж, “Секс соёл”-ын талаарх ойлголт болон тухайн номыг ямар зорилгоор нийгэмд түгээж буй талаар ярилцлаа.
-Таны хувьд хэзээнээс эротик зураг зурах болсон бэ?
-Анх би “Комик Манга” хүүхдийн номын төрлөөр зурдаг байсан юм. Зургаан сарын өмнөөс үүнийгээ болиод, “Эротик арт” чиглэлээр зурж эхэлсэн. Үндсэндээ зургаан сар болж байна гэсэн үг. Эхэндээ чадварын хувьд тааруухан байсан ч зураад байхаар сайжирсан гэж хэлж болно.
-“Камасутра” номын зургийг яагаад зурах болсон бэ?
-“Хүлээлгийн өрөө” подкастийг би их сонсдог байлаа. Нэг ёсондоо фэн нь болчихсон хэрэг. Ингээд хөтлөгч хоёр эмэгтэйд жижигхэн зураг зураад бэлэглэж байсан юм. Түүнээс хойш тэд намайг мэддэг болсон. Улмаар “Камасутра” гэх зурагт ном хийе гээд, зургийг нь зурах санал тавьсан. Ном маань “Камасутра” байрлалыг илэрхийлсэн 69 зурагтай. Гадаадын камасутра соёл гэж бий шүү дээ. Тэнд хар мянган байрлалууд л байгаа. Түүнээс хүлээлгийн өрөөний хоёр маань өвөрмөц гэсэн 69 байрлалыг сонгосон юм. Мэдээж нийгэм соёлынхоо хөрсөн дээр буулгахын тулд Монгол хэв маягийг шингээж зурагнуудаа зурсан. Санал ирснээс хойш тухайн бүтээлүүдээ бараг зургаан сар зурсан даа.
-Аливаа бүтээлийг ямар нэг зорилгын хүрээнд хийдэг шүү дээ. Номоо ямар зорилгоор хэвлүүлж байгаа вэ?
-Юун түрүүнд зүгээр л бэлгийн буюу сексийн амьдралыг ил болгохыг зорьж байгаа. Бидний соёл дунд энэ талаар ойлголт байхгүй шүү дээ. Ерөнхийдөө хаалттай байдаг. Хэн ч энэ тухай ил ярьдаггүй. Аав ээж нь хүүхэдтэйгээ, гэр бүлийн хооронд ярьдаггүй. Үүнээс болоод хүүхдүүд ихэвчлэн буруу замаар, буруу мэдээлэл олж авдаг. Үүнээс шалтгаалан өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ хүчирхийлэх, зүй бусаар харилцаанд орох гээд асуудлууд тулгардаг. Сошиалд иймэрхүү бичлэгүүд тавигдаж байсан шүү дээ. Үүнийг миний хувьд энэ талын боловсролгүйн шинж гэж ойлгодог.
-Та түрүүн “секс соёл”-ын талаар дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу? “Секс соёл” гэж юу юм бэ?
-Ази соёлд секс хориотой талдаа байдаг. Миний хувьд тэр үзэл бодлоосоо гарчихсан учраас эцэг эхчүүд үүнийг хүүхдэдээ муухай гэж тайлбарладгийг ойлгохгүй байгаа. Багаас нь нээлттэй байж ярилцдаг болбол энэ сэдэв аажимдаа зөв байхын хажуугаар нээлттэй болно. Тэгэхээр секс соёл гэдэг нь хэм хэмжээтэй зөв бодол зөв үйлдлийг хэлэх байх. Тухайн номынхоо зургийг зурахдаа аль болох гоёор илэрхийлж эротик гоо зүй талаас нь харуулахыг зорьсон. Энэ нь ч мөн секс соёлд хамаарах зүйл болов уу гэж бодож байна.
-Хүүхэдтэйгээ энэ тал дээр нээлттэй харилцах ёстой гэхээр таны ном хүүхдэд зориулагдсан юм шигээр ойлгогдоод байх шиг?
-Мэдээж үгүй. Насанд хүрэгчдэд зориулагдсан бүтээл. Бэлгийн амьдрал хаалттай байгаа гэхээр хүүхдүүдэд хаалттай байгаа гэсэн утгаар илэрхийлсэн юм. Хүүхэд бидний ирээдүй шүү дээ. Тиймээс энэ талын мэдлэгийн суурийг гэр бүл, сурган хүмүүжүүлэгчид зөв тавиад өгвөл нийгэмд тулгараад буй гаж асуудлууд багасана гэх санааг л хэлэх гэсэн юм.
-Энэ бүтээл насанд хүрэгчдэд ямар хэрэгтэй юм бэ?
Удаан амьдарч буй хос, гэр бүлийн харилцаанд нэгнээсээ уйдах эсвэл залхах асуудлууд тулгардаг тохиолдлууд бий. Ялангуяа сексийн амьдрал дээр харагдана. Яг тэр үед хосууд харилцаагаа сэргээх шинэ зүйлс эрж хайж эхэлдэг шүү дээ. Үүнд нь манай ном хэрэг болно. Ингээд сонирхолтой шинэлэг зүйлсийг туршсанаар хосын харилцаа эргээд сэргэх боломжтой. Энэ бүтээлээ бид ядаж нэг гэр бүл ч гэсэн халуун дотно байгаасай гэдэг үүднээс гаргасан байгаа.