Өсвөр нас буюу шилжилтийн насанд хүүхдийн бие болоод сэтгэл зүй ихээр өөрчлөгддөг. Энэ үед нь өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогт тааруулан эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар сэтгэл зүйч Б.Алтанзаяатай ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Б.Алтанзаяа гэдэг. Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн бага насны болон өсвөр насны ХҮҮХДИЙН сэтгэл зүйч.
-Тань дээр ирж буй хүүхдүүдийн голлох шалтгаан нь юутай холбоотой байна вэ?
Сүүлийн гурваас таван жилийн хугацаанд бага насны тэр дундаа өсвөр насны хүүхдүүдтэй илүү их ажиллаж байна. Ковид гарснаас хойш хүүхдүүд сэтгэл гутрал, дэлгэцийн хам шинжээр илүү их ирж байгаа. Гэхдээ ерөнхий сэтгэл зүйн хямрал гэдэг зүйл илүү явагдаад байгаа юм. Голцуу эцэг эхтэйгээ ойлголцохгүй байна зэрэг өсвөр насны сэтгэл зүйн хямралаар хүүхдүүд хандаж ирдэг.
-Өсвөр насанд бие сэтгэл зүйд давхар өөрчлөлт гарч эхэлдэг. Өсвөр насны онцлогийг ойлгодог эцэг эхчүүд байгаа ч ойлгохгүй хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүй ч хүмүүс байгаа байх? Тэгвэл энэ үед эцэг эхчүүд яах ёстой вэ?
Өсвөр нас гэж юу вэ гэвэл тэсрэх бөмбөг. Тэсрэх бөмбөгний хажууд сууж байгаа хүн мэдээж тавгүй байна. Үүнтэй адил өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд яг үүн шиг тайван бус байдаг. Өсвөр насанд бүх зүйл нийгэм рүү чиглэдэг учраас эцэг эхтэйгээ хамт байх цаг хугацаа нь багасдаг. Бага байхдаа аав, ээжээ хаачих гэж байгаа юм бэ, хэзээ ирэх вэ, намайг аваад яваач гэж хэлдэг байсан хүүхэд өсвөр насандаа та гарахгүй юм уу? ажилдаа явахгүй юм уу? гэдэг болдог. Тиймээс эцэг эхчүүд миний хүүхэд ямар мэдлэг мэдээлэл дунд явж байна, биеэ хэрхэн авч явж байна гэдгийг анзаарч харах хэрэгтэй.
-Өсвөр нас хэдээс хэдэн насанд явагддаг вэ? Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд юун дээр анхаарах ёстой вэ?
10-18 насыг өсвөр нас гэнэ гэж ДЭМБ-аас тодорхойлсон. Гэтэл сүүлийн үед бидний анзаарч байгаагаар есөн наснаас нь эхлээд байна. Есөн наснаас эхэлж байна гэдэг нь бэлгийн чиг хандлага адилхан хурдан хөгжиж байна гэсэн үг. Есөн настай байхад охидын сарын тэмдэг ирж, хөвгүүд найман настай байхдаа нойтон зүүд зүүдэлж байна.
Нэг кейс хэлбэл 13 настай охин над дээр ирсэн. Аав намайг оролдсон, ээж харж байсан гэж байгаа юм. Охин айлын бага охин. Охиныг бяцхан, багаар нь бодоод энхрийлээд байдаг гэтэл охинд аавынх нь хүрч байгаа мэдрэмж эр хүний мэдрэмжээр мэдрэгдэж байгаа юм. Энэ нь юу гэж байна вэ гэхээр нэгдүгээрт сошиал, бүх сувгаар гэр бүлийн хүчирхийлэл байна. Аав, өвөө нь охиноо хүчирхийлээд байна гэдэг ийм мэдээнүүд маш ихээр яваад байхаар хүүхдүүд аав намайг оролдсон юм байна гэдэг мэдрэмж, мэдээлэл тэр хүүхдэд хүрээд байгаа юм. Гэтэл ааваас нь асуухад шоконд ороод би хүүхдээ оролдоно гэж үү гэж гайхсан. Тэгэхээр та магадгүй том болж байгаа хүүхдийнхээ аль нэг эмзэг хэсэгт хүрэхэд болохгүй юм байна, миний хүүхэд том болж байгаа юм байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Нөгөөтээгүүр ах нар байна. Дээр нь гараад гижигдэж байдаг. Хүчирхийлсэн гээд 108 дуудчихсан байх жишээ бий. Тэгэхээр энэ яг зөв мэдээлэл юм уу, буруу мэдээлэл юм у хүүхэд үүнийг шүүх чадвар байдаггүй. Ялангуяа өсвөр насныхан аливаа зүйлийг нэг л өнцгөөс харж байдаг. Тэгэхээр үүн дээр эцэг эхчүүд маш сайн анхаарах хэрэгтэй.
"ӨСВӨР НАС БОЛ БИЕ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШИН ДАХИН ТӨРӨХ ҮЕ ШАТ"
-Өсвөр насандаа зөв төлөвшсөн хүүхэд насан туршдаа тэр хүмүүжлээрээ явдаг гэх яриа бий. Энэ хэр үнэн бэ?
Нийгмийн сэтгэл судлаачид хэлэхдээ өсвөр насыг дахин төрөх үе шат гэж нэрлэдэг. Бие хүн болж дахин төрөх үе шат. Нийгэмд эзлэх байр суурь нь нэг, хоёр шатаар ахиж байна. Хүүхэд эрс өөрчлөгдөж байна гэдэг нь тухайн хүүхдийн араншин, хэв шинж орчноос шалтгаалж байгаа гэсэн үг. Араншин дөрвөн төрөл байгаа шүү дээ. Холерик, сангвиник, флегматик, меланхолик. Магадгүй интроверт юмуу экстроверт хүүхэд ч гэсэн гэнэтхэн дотогшоо болоод эсвэл дотогшоо байсан хүүхэд өөрийгөө задлах гээд эхлэх юм бол энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хосолсон хэв шинж рүү орж байна гэсэн үг. Гэртээ л хамгийн гоё нь байсан хүүхэд нийгмийн харилцаанд ороод тийм биш гэдгийг мэдэхээрээ маш их сэтгэл гутралд ордог. Энэ нь 7-9 насанд эхэлдэг. Өсвөр насны суурь бэлтгэл үе. Үүнийг би эцэг эхчүүдэд яриа өгөх болгондоо хэлдэг. Бэлтгэл үе гэж байдаг. Энэ бэлтгэл үе дээр орхигдсон хүүхэд өсвөр насыг маш хэцүү туулдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд оруулаад нэг, хоёрдугаар ангид нь учиргүй анхаарч байснаа орхичихдог. Хичээлийг нь, дэвтэр номыг сөхөж харахаа, эсвэл багштай нь уулзахаа больчихсон байдаг. Ганцхан эцэг эх биш эргэн тойронд байгаа ах, эгч, эмээ өвөө, хамаатан садан, найз бүх хүний харилцаа байдал хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байдаг. Ийм учраас эцэг, эхчүүд ганцхан би хүүхдээ хүмүүжүүлж байна гэж бодож болохгүй. Үнэхээр хүүхэд чинь ганцаардаад өрөөнийхөө булангаас гарахгүй байгаа бол та боддоо сүүлийн гурван жил та хүүхэдтэйгээ хоолонд орохоос өөр юу хийсэн бэ? Хүүхдээ та хэзээ тэвэрсэн бэ? Хэзээ та хүүхэдтэйгээ маш сайн ярилцаад миний хүү, охин юу болж байна? хайр дурлал нь яаж байна эсвэл миний охины сарын тэмдэг нь ирэхэд ямар мэдрэмж төрсөн, ээжид нь ийм байдаг. Эсвэл аав нь ирж суугаад эмэгтэй хүн хэцүү шүү сарын тэмдэг гэж ирдэг. Миний охин ингэж даван туулдаг шүү гээд яагаад хэлж болохгүй байгаа юм. Хүүхэд ер нь мөнгөөр яадаг юм бэ гэж бодож ирдэг эцэг эхчүүд ч байгаа. Гэтэл нийгэм өөрөө тэндээс нэхээд байгаа юм.
"НЭГ НАСНААС НӨГӨӨ НАСАНД ШИЛЖИХЭД Л ХЯМРАЛ ЯВАГДДАГ"
10-12 насанд хүүхэд хүүхдэрхүү байснаа 13 нас хүрэхээрээ том болж эхэлдэг. Хөвгүүдийн сахал нь ургадаг. Яг энэ үед нь та хүүгээ анзаарч байгаад охидтой яаж харьцах вэ? Та энэ үед нь эмэгтэй хүнтэй яаж зөв харьцах тал дээр өөрөө үлгэрлэж чадах уу? Зааж ярьж өгч чадах уу гэдгээ эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Чадахгүй юм байна гэж бодвол мэргэжлийн сэтгэл зүйч дээр аваачиж болно. Найзтай нь ойр бай. Найзаас нь асуу. Найзыг нь гэртээ авчраад гоё хоол хийж өг л дөө. Таны мэдэхгүй, олж авч чадахгүй мэдээллийг найз нь хэлж өгдөг гэдгийг маш сайн мэдэх хэрэгтэй.
-Өсвөр насанд бэлгийн боловсрол олгох нь хамгийн чухал гэвч энэ тал дээр эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцах нь бага байдаг?
Бэлгийн харилцаа гэдэг сэдвийг эрүүл мэнд гэдэг сэдвээс тусад нь салгаад заамаар байна. Би яаж биеэ зөв авч явах вэ? хэзээ гэр бүл эхлүүлэх вэ? би яагаад үеийнхээ залуучуудыг сонирхохгүй байна вэ? гэдэг дээр багш нар хэзээ ч ярихгүй байна. Сургуульд ганцхан сэтгэл зүйч байгаад үүнийг 5000, 6000 хүүхдэд хэлж чадахгүй шүү дээ. Өсвөр насанд бэлгийн боловсролыг зөв олговол, боловсролтой эзэмшчихвэл хүүхдүүд хэзээ ч замбараагүй бэлгийн харилцаанд орохгүй. Зарчим, өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй болно, гэр бүлийг хэдэн наснаас эхлүүлэх вэ гэдгээ мэддэг болно. Гэтэл бага насны хүүхдүүд хоорондоо үерхээд хүүхэдтэй болчихсон эрэгтэй нь хаяад явчихсан аав, ээж нь нэр дээрээ өргөж авч байгаа маш олон тохиолдол Монголд өнөөдөр байна. Үүнийг болиулахын тулд боловсролын системээрээ анхаарах хэрэгтэй.
-Тэгэхээр эцэг, эхчүүд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?
9-12 насны хүүхдүүд порно кинонд донтох эмгэгээр манай төв дээр нэлээн ирдэг. Гэтэл аав нь зодчихдог. Ээж нь энэ эмгэг, өвчин гээд байгаа юм. Гэтэл аав, ээж нь бэлгийн харилцаа гэж ийм юм байдаг юмаа миний хүү 18 нас хүрээд бэлэг эрхтэн нь бүрэн гүйцэд хөгжсөний дараа бэлгийн харилцаанд орох юм бол энэ эрүүл мэндэд чинь хоргүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Аав, ээж нь өөрсдөө үүнийг 15, 16-тай байхдаа мэддэггүй байсан байгаа юм.
Бэлэг эрхтэн бүрэн хөгжиж дуусаагүй байхад бэлгийн харилцаанд орвол маш олон сөрөг нөлөө, асуудлууд гарч ирдэг. Хамгийн түрүүнд хүсээгүй жирэмслэлт. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. 14 настай хүүхдүүд үерхэж байгаад бэлгийн харилцаанд орчихсон аав, ээж нь мэдээд цагдаад өгчихсөн. Гэтэл 14 насандаа бэлгийн харилцаанд орж болно гээд хуульд заачихсан би хууль зөрчөөгүй гээд цагдаагийн өмнө хэрэлдээд сууж байгаа хүүхэдтэй ч таарсан. Ийм хууль гаргачхаад яагаад мэдлэгийг нь олгохгүй байгаа юм бэ гэдэг асуудал нэгдүгээрт. Хоёрдугаарт хүсээгүй жирэмслэлтийн дараа бэлгийн замын халдварт өвчин байна.
18 хүртлээ гар хангалга долоо хоногт нэг удаа хийлээ гээд ямар нэг өвчин байхгүй. Донтох хэмжээний биш хэм хэмжээтэй хил хязгаартай үзнэ. Зарим аав, ээж нар ариун цэврийн цаас, нойтон салфеткийг нь оруулаад тавьчихдаг. Чимээгүйхэн нойтон зүүд зүүдэлсэн дотуур хувцсыг нь угаагаад оруулаад тавьчихдаг аав, ээж нар байдаг. Тэгэхээр аав, ээжүүд өөрсдөө ч энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой.
-Донтотлоо порно кино үзвэл ямар сөрөг нөлөө гарах вэ?
Эмэгтэй хүнд хүрч чадахгүй, өөдөөс нь харахгүй өөртөө итгэлгүй болно. Маш гоё эмэгтэй өөдөөс нь цээж нь ил гарчихсан сууж байвал хэзээ ч тийшээ харахгүй. Учир нь дүрс хараад, дуу сонсоод өөрийнхөө орчинд өөрөөрөө л байдаг. Гэтэл бэлгийн харилцаанд орох юм бол ганцхан өөрөө бүхнийг удирдахгүй хамтрагчтай болоод ирэхээр өөр болдог. Өсвөр насны хөвгүүд бэлгийн харилцаанд орж байгаагүй болохоор өөрөө өөртөө л тэр нь жаргалтай санагдаад донтчихдог. Бид болохгүй гэхээр хиймээр санагддаг үе байдаг даа. Үүнтэй адилхан хэт хориглож болохгүй.
ӨСВӨР НАСАНДАА ДАВАН ТУУЛАХ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ БИ ХЭН БЭ ГЭДГЭЭ МЭДЭХ
-Охидод шилжилтийн нас хэрхэн илэрдэг вэ?
Охид гоё, хөөрхөн харагдмаар санагдаж эхэлдэг. Сайхан үг сонсохыг хүсдэг. Тэгээд 14 настай охин үеийнхээ хөвгүүнээс би хөөрхөн байна уу гээд асуувал тйимээ гээд тоглоомоо тоглоод тоодоггүй ч юмуу. Гэтэл 18, 19-тэй ах нар тийн чи хөөрхөн гээд тэврэх жишээтэй. Ингэхээр охид өөрөөсөө том нас бие гүйцсэн залууг сонирхдог. Нас биед гүйцсэн залууг сонирхож байна гэдэг нь бэлгийн харилцаанд ороход бэлэн болж байна гэдгээ илэрхийлж байна гэсэн үг. Яг энэ үед аавууд охидтойгоо илүү харилцах ёстой. Аавууд 12-16 насанд нь миний охин аавдаа нандин, аав нь охиндоо маш их хайртай, би чамайгаа маш их хайрладаг учраас чамд минь ийм хүмүүс битгий хүрээсэй гэдэг дохиог аав нь охиндоо өгчих юм бол охин хэзээ ч өөрийнх нь биед дураараа хүрч байгаа, өөрийг нь хүйтэнд гадаа 12 цаг хүртэл зогсоож байгаа эр хүнтэй хамт байхгүй. Үүнийг мэдэхгүй охидууд хүлээгээд л зарим нь пс тоглоомынх нь мөнгийг өгөөд дагаад л яваад байдаг. Гэтэл аав хүн байгаад ямар хүнд чи нандин эрдэнэ байх юм бэ, үнэ цэнэтэй байх юм бол тэр сэтгэл гэдэг зүйл өөрөө асгарна гэдгийг ойлгуулж, хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхдүүд үүнийг мэдэхгүй шүү дээ.
-Ярилцлагын төгсгөлд та өсвөр насны хүүхдүүдэд хандаж та юу гэж хэлэх вэ?
Амьдрал ямар ч байж болно. Чи өнөөдөр хоолтой, хоолгүй, түлээтэй, түлээгүй, байранд, гэр хороололд хаана ч ямар ч байж болно. Гэхдээ чи бол чи. Ертөнц дээр ганцхан байгаа. Чамд хөл, гар эд эрхтэн бүх юм байгаа ч хамгийн чухал зүйл бол чиний тархи. Тэгэхээр өнөөдөр чиний амьдралд байгаа гэр бүлийн асуудал тэндээ л үлдэнэ. Чиний амьдрал цаашаа үргэлжилнэ. Өөрийгөө хэзээ ч хаяж болохгүй. Би юуг сайн хийж чадах вэ? Би хэн бэ гэдгээ өсвөр насандаа олчих л юм бол болоо.
Өсвөр насны хүүхдүүд бүх юм нь бэлэн хөдөлмөрлөх дургүй болоод байгаа. Битгий тэг. Өөрийгөө бий болго, өөрийнхөө төлөө хөдөлмөрлө. Хичээлээ хийхдээ би үүнийг хийх ёстой биш би үүнийг хийж байж ингэнэ гээд амжилтад хүргэх шат болгож ашигла. Жишээлбэл хөвгүүд дуртай нэг зүйлээ ол. Түүнийгээ хоббигоо болго. Шувуу, гүрвэл, машин, гар утас гээд юу ч сонирхолж болно. Ингээд том болсон ч гэсэн чамтай хамт байх хоббигоо олоорой. Жишээлбэл одоо залуучуудыг харахаар компьютер, гар утасны тоглоом, покер л чөлөөт цагаараа тоглож байна. Гэтэл эрчүүдийн өөртөө зарцуулах цаг хугацаа маш бага. Биеэ хөгжүүлнэ, оюун ухаандаа хөрөнгө оруулна зэргээр гоё эр хүний мөн чанар, төлөвшлийг олсныхоо дараагаар одоо охид руу харах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.