Шинэ жилийн баярын үеэр иргэд ААН-үүд салют буудуулж гар, гарын хуруугаа тайруулах, тахир дутуу болох зэрэг асуудал гарч байсан билээ. Бид Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзулаас оч үүсгэгч буюу салютыг худалдаалах зөвшөөрөлтэй хэдэн газар байдаг, мөн гар дээрээс стандарт бус бүтээгдэхүүн худалдаж авах нь ямар хор уршигтай талаар тодрууллаа.
Тэрбээр, “Баярын өдрүүдэд протехникийн хэрэгсэл буюу оч үүсгэгч динамит, салютыг хэрэглэх тохиолдлууд их гардаг. Энэхүү стандартын зүй бус хэрэглээнээс болж эрдэнэт хүний эрүүл мэнд, амь нас хохирсон хэргүүд цагдаагийн байгууллагад олон удаа бүртгэгдэж байсан.
Тухайлбал 2011-2012 онд стандарт бус динамитаас үүдэн таван хүн нэг дор гар, сарвуугаа гэмтээсэн хэрэг бүртгэгдэж байсан юм. Зөвшөөрөлгүй эдгээр бүтээгдэхүүний хэрэглэж, үүсэх эрсдэлтэй нөхцөл байдлаас зайлсхийх нь зүй. Цагдаа болон онцгой байдлын газраас протехникийн хэрэгсэл борлуулах зөвшөөрөл олгодог. Улаанбаартар хотод “Протек”, “Очир-Ундраа” гэсэн хоёр байгууллага зөвшөөрөлтэй худалдаа хийдэг байгаа. Баярын өдрүүдээр солют буудуулах шаардлагатай гэж үзвэл эдгээр байгууллагын цахим хаягаар орон худалдан авалт хийж болно. Хил хаалттай байгаагаас үүдэн салютны зөвшөөрөлгүй худалдаа бага байж болох ч, хадгалагдан үлдсэн бараа байх магадлалтай. Тиймээс иргэд энэ төрлийн бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Мөн шинэ жил гэдэг сүлд модны баяр учраас айл өрх, байгууллагууд гэрлэн чимэглэлийг олон цагаар асаалттай байлгадаг. Эдгээр гэрэл нь утасны шаардлага хангадаггүй, богино холболт үүсэх зэргээс шалтгаалан гал авалзах нь бий. Ингээд иргэд гал түймэрт өртөх эрсдэлд орж буй. Тиймээс тэдгээр гэрлэн чимэглэлийн холболт, аюулгүй байдал зэргийг анхаарах шаардлагатай. Энэ нь зөвхөн онцгой байдлын гал түймэртэй тэмцэх хэлтсийн үүрэг биш. Цагдаагийн байгууллага ч үүнийг анхааруулах ёстой” гэлээ.
- Бид Очир-Ундраа ХХК-иас салют зарж байгаа эсэх талаар тодрууллаа. Бидэнтэй холбогдсон ажилтны мэдээлж буйгаар, “хүмүүс салют ихээр худалдаж авч байна. Хэрэглэгчид салютаа ирээд шууд л авахгүй бол өдөртөө гэхэд бидний бараа дуусчихаж байгаа. Тийм эрэлттэй байна гэсэн үг. Хилээр бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй байгаа гэх асуудал бидэнд тулгардаггүй. Хэрэглэгчдийн худалдан авах хүсэлтийг хангаж ажиллаж байна. Салютны хувьд төрөл, хэмжээнээсээ хамаараад үнийн дүн өөр байгаа. Хамгийн доод тал нь 60 мянга, түүнээс дээш үнээр зарж байна” гэсэн юм. Энэхүү байгууллага нь 2004 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй. Ингэхдээ стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдаалдаг талаар хэллээ.
- Харин Протек ХХК нь 1994 оноос эхлэн мэргэжлийн гэрэлтүүлэг, дуу, видео төхөөрөмжүүд, салютын худалдаа болон хөгжмийн зэмсгийн худалдаа эрхэлж буй байгууллага. Дэлхийн нэртэй 30 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд албан ёсоор борлуулдаг байна.